Аймаг сум нийслэлд гээд нэгжүүдэд эрх барих дээд байгууллага нь ИТХ гэж болно. Иргэдийн гэсэн нэрнээсээ иргэдийг төлөөлсөн гэж шууд ойлгогдохоор. Үнэндээ бол намын төлөөлөл удирддаг юм байна. Ардчилсан нийгмийн жишгээр төлөөллөө сонгоод орон нутгаа хөгжүүлээд манийгаа аваад яв гэж хэдэн нөхдийг сонгоод мандат өвөртлүүлээд тавьчихлаа. Өнөө хэд нь гараад юу хийх вэ гэдгээ дараа ярья, эхлээд аль намаас хэдүүлээ байгаагаа тоолчихьё гэдгээс ажлаа эхлэнэ. Ингээд жалга довон дотроо нэг нутаг усныхан, төрөл садан шахуу улс танай нам, манай нам гэж дээлээ хүүлэлцэж хэний тал бяр зааж Засаг ноёноо тодруулах уу гэдэг дээр халз тулаан өрнүүлж байна. Энэ эрх мэдлийн тойрогт элдэв зураглал хүүхдийн тоглоом шиг алиа хошин увайгүй үйлдлүүд үргэлжлэнэ. Зарим нэг нь тамгаа аваад гэртээ очоод суучихдаг бол зарим нэг нь гараад алалцья гэж ханцуй шамлаж зурагтаар гарна. Засаг даргаа арай гэж нэг юм сонговол өнөөхийг дэмжээгүй хэсэг нь өдрийн бодол шөнийн зүүд энийг яаж зайлуулах вэ гэж бодсоор суудаг бололтой. Шалтаг сиймхий гарвал хурал зарлаж тэмцэл хийн, өргөдөл матаасаа хөврүүлж өсгийлдөж унагаах гэнэ. Хөдөө аймаг суманд төрийн далбаа тогтуухан намирах захиргаа гэдэг дотор юу болоод байна. Булган захтай хүрэм, алтан бөгж зүүж жип машинаа гадаа сойсон, иргэдээсээ баян иргэдийн төлөөлөгчид эрх мэдлийн төлөө шүлсээ үсчүүлж, өөрийн хүнийг засаг ноёнд залахын төлөө эх захгүй хуралдаж хэлцэж байна. Хотод ухаалаг төрийн тухай ярьж ажил эхлүүлж байвч доор нь төрийг баригч төлөөллүүд нь ажлаа жинхэнэ завхруулж байх шиг. Энэ нь хавтгай даа биш ч гэсэн цөөнгүй аймгийн эрх баригчдын өдөр тутам хийдэг ажил нь болоод байгаа гэхэд хилсдэхгүй.
6
Шуурганд хоттой хоньтойгоо хүн уруудаад сураггүй болж алтан амь эндэхэд таг чимээгүй суудаг эрхмүүд хэвлэлийн хурал зарлаж бидний эрх мэдлийг АН булаах гээд байна, хүч түрж байна. Бидэнд хонинд явах ээлж ирэх байгаа гэж хэнд ч юм гомдоллож суух юм. Ерөнхий сайд нь ч аймаг сумын гал тогоо руу хутгалдаж бас эр нөхөр, эхнэр нь хэн байхыг заах шахуу юм болж номоорооо нэр нь ороод ирсэн Засаг даргыг нь батламжлахгүй, би цайгаа уулаа, тэгээд бодьё гэсэн шүү тайлбар хэлж боосоор байх юм. Шалтгаан нь тов тодорхой МАН-ын нөхөр учраас. Иргэдээс сонгогдсон хурлын төлөөллийн олонх дэмжсэн гэдэг бол яагаад ч батламжлах үндэслэл болохгүй болсон байна. Хаана яаж илэрч байдаг юм нөгөө ард түмний сонголт гэдэг тунхаг. Ерөнхий сайдын энэ намчирхлаас эх авч хөдөөд засаглалын зай нүх зай гарч, үүн дээр нь үүрээ ухчих гэсэн оготнууд шавалдан би биеэ хэмлэж байгаа мэт зураглал харагдах боллоо.
6
Дорнодод хурал зарлагдаж хэн Засаг дарга болох нь тодорхой болонгуут хотоос АТГ, цагдаа хүчнийхэн ирээд бариад явчихаж байна гэнэ. Буруутай хүнийг ингэх л ёстой байх. Гэхдээ хурлын танхимаас санал хураахын өмнөхөн л ирээд аваад явчихаж байх юм.
7
Адал явдалт кинон дээр хэн нэг баатрын эхнэрийг нь булаах гэсэн нөхдүүд матаас бичээд яг хуримаа хийж байхад нь цагдаа явуулаад бариад явуулчихдаг аймаар хэсэгтэй тун төстэй.
7
Засаглалд олонх болох гэсэн талцал хэрүүл хүрээгээ тэлсээр байгаа бололтой. Дундговийн ИТХ-ынхан Засаг даргаа огцруулах шийдвэр гаргасан бол Говь-Алтайд бас ИТХ үймэлдээд эхэлсэн гэнэ. Хөвсгөлийнхэн өчигдөр Засаг даргаа томилжээ. Өөр намын засаг дарга Ерөнхий сайд дээрээс буцаад байдаг жишиг бий болсон болохоор баараггүй нь дээр баримтжуулж авья гэсэн бололтой олонхоороо гар өргөн баталж байгаа дүрс мэдээг телевизээр гаргаж байна лээ. Бодвол Ерөнхий сайдад зориулсан бичлэг байх. Урагшаа Дорноговь аймгийн засаг даргыг сугалж авах “комби” эхэлсэн бололтой байна. Өнгөрсөн хоёр өдөр чамгүй мөнгө хаясан төлбөртэй нэвтрүүлэг, нийтлэл гарч засаг дарга П.Ганхуяг гэж нөхрийг тэр дор нь “од” болгож байна. Лав над шиг хөдөө мэдэхгүй хотын мангарт Засаг даргаа танилцуулах гэж мөнгө төлж зурагтаар гаргаагүй л байх. АТГ юм уу шалгадаг барьдаг нөхдүүдэд үзүүлэх гэсэн юм болов уу даа. Мөнгөтэй байдаг юм байна эд нар чинь.
7
Сумдаар хээлсэн монголдоо таран суурьшсан сая хүрэхгүй иргэдийн минь дээр төрийн нэр барьсан намын бугнууд хэчнээн их болсон ба юу хийж бүтээж явдаг болсныг эмхэлж харах цаг болсон байна. Одоо байгаагаас нь харвал ухаалаг төр лүү шилжих тухай бус өөрийнхөө нам руу засаглалыг шилжүүлж авах тухайд тэмцээд завгүй яваа нь их байх шиг. Цас зуданд хүрз барьж малын жим гаргахгүй хирнээ захиргааны ордонд нөлөөгөө тогтоох эрх мэдлийн төлөө улайрах энэ увайгүй явдал, намын талцлыг зогсооё, Ерөнхий сайд аа. Ажлаа хийдэггүй намчирхсан иргэдийн төлөөлөгчдийг буцаан татаж “жирийн иргэн” болгодог зохицуулалт үйлчлэх хэрэгтэй юм байна.
8
П.Баярхүү / тоймч/