Нийслэлийн агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрчихсэн гэдгийг хэн бүхэн мэдэж байгаа. Улаанбаатарчууд бид хүйтэн сэрүүний улиралд утаа, угаарт хордож, урин дулаан цагт ил жорлон, хог хаягдал гэсэн бактерлогийн зэвсгээр амьсгалж байна. Ялангуяа өвлийн улирал Уушигний амбулаторид очиж үзүүлэх астам, уушигний архаг бөглөрөлтэй өвчтөний тоо 20 хувиар нэмэгдэж, иргэдийн нүд улайж хорсох, бие загтнах зэрэг харшлын шинж тэмдэг бүхий хордлого хэдийнээ илэрчихлээ.
.
Нийслэлийн утааг багасгах, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор янз бүрийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, Агаарын бохирдлыг бууруулах ажилд хяналт тавих Үндэсний хороо, Агаарын чанарын алба, “Цэвэр агаар” сан шинээр байгуулагдаж, хөрөнгө төсвөө нэмж, утааны эсрэг ихээхэн хөрөнгө хүч хаясаар, хэдэн тэрбумаар нь зарцуулсаар. Гэвч утаа буурсангүй. Харин ч бүр агаарын бохирдлыг хариуцаж байсан ерөнхийлөгч эрх, үүргээ ерөнхий сайдад шилжүүлж байгаагаа мэдэгдэж, Төрийн ордонд өнөөдөр “Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын эрхэм гишүүд хэлэлцэж сууна. Гэхдээ агаарын бохирдлыг хэрхэн бууруулах тухай бус Ерөнхийлөгчийн нэрийг хасч, Ерөнхий сайдын нэрээр солих эсэх тухай асуудлыг хэлэлцэж байна. Бүх юм хуулийн дагуу явж байгаа л байх.
.
Гэхдээ юу илүү чухлыг мэдмээр санагдвал Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга та гишүүдээ дагуулаад өглөө эртхэн 32-ын тойрог, дэнжийн 1000, 3-4-р хороолол, 100-н айл, сансрын хойгуур алхаад нэг үзээрэй. Болж өгвөл Төрийн ордонд бус түмэн олныхоо дунд гэр хорооллын гудамжинд суугаад хуралдаад үз. Тэр цагт ард түмэн хэрхэн амьдарч байгааг, үнэхээр агаарын бохирдол утаа гэдэг гамшгийн түвшинд очсоныг аяндаа мэдэрнэ, мэдэгдэнэ. Тэгээд ард иргэдийн эрүүл мэнд болон та бидний ирээдүй болсон хүүхэд багачууд, хэвлийдээ бойжиж буй бяцхан үрийн эрх маш ихээр зөрчигдөж байгааг ойлгох болно. Гэр хорооллын гудамжинд хуралддаггүй юмаа гэхэд өглөө эрт, аль эсвэл орой хүүхэд багачуудын хичээл сургуульдаа явах, тарах цагаар 30 минут зогсоод нэг үзээрэй. Таны хоолой бачуурч, нүд чинь аргаж, амьсгалахад ч хэцүү болох вий. Томчуудаас илүүтэй хүүхдүүд гуурсан хоолойн цочмог архаг үрэвсэл, уушигны өвчнөөр өвчилж байгаагийн шалтгааныг олно.
Хотын хүүхдүүд уушгины өвчнөөр 5-15 дахин илүү өвдөж, 7-8 дахин илүү эмнэлэгт хандаж, өсөлт хөгжлийн хэвийн харьцаа алдагдаж, өндөр жин нь нэмэгдэж, цээжний тойргийн хэмжээ багасах болсон гэдгийг ч эмч нар нотолж байна. Агаарын найрлага дахь хүний биед ноцтой нөлөөлдөг химийн елемент нь хар тугалга. Энэхүү хар тугалгын агууламж нь хүний төв мэдрэлийн системийг гэмтээж, анимэ буюу цус багадалтад хүргэж, жирэмсэн эхийн урагт болон бага насны хүүхдийн амьсгалын системийг гэмтээдэг. Мөн амьсгалын замын өвчнөөс гадна цусанд орох бөөрний хавдрыг үүсгэх, ургын гаж хөгжил, дутуу төрөлт зэрэгт нөлөөлж байгаа. Хэдийгээр агаарын бохирдол, утаанаас үүдэн дээрх өвчлөл нэмэгдсэн хэмээн албан ёсоор нотлоогүй ч доторх найрлага нь хүний биед хэрхэн нөлөөлдөгийг судалж, шинжилсэн нь энэхүү хар тугалгын хор уршиг аж. Түүнчлэн өөр нэг ноцтой зүйл гэвэл хар тугалга нь газраас 1 метрийн зайд тогтдог хүнд элемент бөгөөд гэр хорооллын 190 мянган яндангийн утаанаас гадна автомашины яндангаас ялгарч байдаг. Тиймээс бага насны хүүхдээ хөтөлж биш тэвэрч явах нь эрүүл мэндийг нь хамгаалж, уушигний өвчлөлөөс сэргийлж буйн нэг хэлбэр гэдгийг ДЭМБ-аас манай улсад зориулсан зөвлөмждөө дурьдсан байдаг. Энэ зөвлөмж өвлийн улиралд илүү тохирно гэдгээ ч мөн онцолсон.
.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан саяхан чуулганы танхимд "Би олон газар эмнэлгээр явлаа. Миний амьдралд утааны хордлого хүндээр тусч байна. Эрүүл мэндийн салбарт эрүүл хүүхэд төрүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй байна" хэмээн Эрүүл мэндийн сайдаас асууж байсан. Үнэхээр түүнд агаарын бохирдол, утаанаас үүдэлтэй асуудал гарсан учраас чуулганы танхимд ийнхүү зовлон тоочсон болов уу. Зарим хүмүүс Зайсангийнхан утаагүй бүсэд амьдардаг гэж итгэдэг л байх. Гэхдээ дөрвөн уулын голд орших Улаанбаатарчууд бид нэг л агаараар амьсгалж, хордож байгаа.
.:
Ямартай ч утаагүй зуух гэгчийг нийслэлийн гэр хорооллын 190 мянган өрхийн 136 мянгад нь нийлүүллээ. Энэхүү бүрэн шаталттай, утаагүй зуух нь түлээ нүүрсийг 30 хувь хэмнэж, хорт утааг 80-90 хувиар багасгадаг тул яндангаас гарах утаа нь багасч, утаан дахь хорт найрлагын тун хэмжээ багасна гэж мэргэжилтнүүд мэдэгдсэн. Яндангаас гарах утаа шингэрсэн хэдий ч хорны хэмжээ багассан эсэх нь бас л эргэлзээтэй. Уг нь эдгээр утаагүй зууханд түүхий нүүрс түлэх бус тусгай шахмал түлш, коксжсон нүүрс түлэх заалттай юм билээ. Харамсалтай нь шахмал түлш нь хүрэлцээгүй, коксжсон нүүрсний үйлдвэр нь “гацаанд” орчихсон. Шахмал түлшний цөөхөн үйлдвэр нь хүчин чадал нь бага учраас “аманд ч үгүй хамарт ч үгүй” гэдэг нь болоод дуусдаг.
_
Харин"ТЭЦ-2"-ыг түшиглэн жилд 210 мянган коксжсон нүүрс гаргах үйлдвэр барина хэмээн 2012 оны хоёрдугаар сард 17 тэрбум төгрөг төсөвлөсөн. Өнгөрсөн оны тавдугаар сард ашиглалтад орох байсан уг үйлдвэр нь өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй л байна. Учрыг асуувал Багануурын нүүрс, ДЦС-II-т түшиглэсэн хагас коксжсон шахмал түлшний үйлдвэрт "Аморе интернэшнл" компани Оросын "Сибтермо" групптэй хамтран ажиллахаар тендерт шалгарч. Гэвч орос ах нар дэлхийд байхгүй технологи буюу дэлхийн аль ч улс оронд туршигдаж байгаагүй технологийг ашиглан коксжсон нүүрс хийхээр төлөвлөсөн нь бүтсэнгүй. Өчигдөр АН-ын бүлгийн хуралдаанаар энэ асуудлыг ярьж, буруутай нь эцэслэн тогтоогдвол хуулийн байгууллагад шилжүүлэх тухай дурьдсан. Өнгөрсөн оны өвөл энэ төсөл хэрэгжээгүйн шалтгааныг тогтоохоор ярьж байсан нь дахин давтагдаж, төсвийн мөнгө үрэгдсэн асуудал хуулийн дагуу шийдэгдэх л биз. Төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа хүмүүс болоод тэднийг шалгаруулж байгаа албаныханы хариуцлагын асуудал ч яригдах нь мэдээж. Хамгийн гол нь утаанаасаа салах гэсэн иргэдийн итгэл найдвар хөсөрдөж, татвар төлөгчдийн мөнгө хэрхэн салхинд хийсдэгийн нэг жишээ энэ боллоо.
₮
Ерөнхийлөгч хорт утааг арилгах төсөл хөтөлбөрөө Ерөнхий сайдад шилжүүлж, Ерөнхий сайд гурван жилийн дараа хот утаагүй болно, хотын утаа арилахгүй бол надтай яриарай гэж амалсан. Амлалт нь биелэх эсэхийг цаг хугацаа харуулж, өнөөдрийн ерөнхий сайд маань гурван жилийн дараа ямар байр суурьтай байж хариуцлага яригдах нь тодорхой бус. Ямартаа ч утаа арилгах ажлыг Засгийн газар хүлээн авсан болохоор ирэх жилүүдэд хэрхэн ажилладагаа харуулах боломжийг алдахгүй гэдэгт итгэж байна.
:
Учир нь Ерөнхий сайдын утаагүй болгох төсөл хэрэгжихээс өмнө яг өнөөдрийн хувьд сүү уух нь та бидний биед үзүүлж буй хор хохиролыг бага ч болтугай бууруулна. Сүү бол тэр чигээрээ амин дэм, фермент болон амино-хүчлийн комплекс тул бие организмыг дотроос нь цэвэрлэж, хүний биед шингэсэн нүүрс хий, агаарын бохирдлын хүнд элементийг гадагшлуулдаг хүчтэй үйлчилгээтэй. Мөн бодисын солилцоог тогтворжуулж, дархлааг сайжруулдаг. Гэтэл нийслэлийн сая гаран иргэдийн хэрэгцээг хангах сүү олдох уу гэдэг асуудал урган гарна. Нийслэлийн хөдөө аж ахуйн газраас энэ талаар тодруулахад хотын ойролцоо 140 гаруй сүүний ферм байдаг гэсэн. Тэдний хэд нь сүүний үйлдвэрүүдэд сүү нийлүүлдэг нь тодорхойгүй байгаа. Уг нь хотын дарга Э.Бат-Үүл “Хоггүй Улаанбаатар” хэмээх ногоон уутныхаа оронд агаарын бохирдол дээд цэгтээ хүрдэг өвлийн цагт утааны “хордлого”-д орсон сая гаран иргэддээ үнэгүй сүү өгөх санаачлага гаргасан бол иргэдээс өндөр үнэлгээ авах байлаа. Үнэндээ тэр “ногоон” уутанд гэр хорооллын айлууд үнсээ хийх гэхээр хайлчихна. Үнсээ хэдэн өдөр хөргөөд хийсэн ч нэмэргүй хайлж орхидог, байрны айлд хэтэрхий томдсон энэ уутыг хүмүүс хогонд биш хувцасны уут болгон ашиглах, элдэв зүйлээ уутлан хадгалахад ашиглаж байгаа нь нууц биш. Гурван тэрбумыг зүгээр хог болгоод хаяж байгаад харамсах юм. Хогны ногоон ууттай ч, уутгүй ч айлууд хогоо хаяхдаа зохицуулаад болоод л ирсэн. Гол нь хогоо ангилж хаядаг л болчихвол хог гэдэг сэтгэл зовоох асуудал биш.
.
Нөгөө талаар гадны иргэд нийслэлийн гудамжаар тусгай шүүлтүүртэй маск зүүх болж. Тэр ч бүү хэл интернэт цахим орчинд тусгай маскны наймаа газар авч байна. Америкад үйлдвэрлэсэн, агаар цэвэршүүлэх шүүлтүүртэй гэж сайн чанарын маск хүүхдийнх 75 мянга, том хүнийх 100 мянга гэж рекламдаж байна. Хүн болгон хүссэнээрээ худалдаад авчихаж чадахгүй энэ маскийг нь нэг удаа үнэгүй авч өгөхийг Засгийн газрын тэргүүнээсээ хүсч байна. “Том төрөөс ухаалаг төр лүү” шилжиж байгаа та бүхэн иргэдээ одоо л хамгаалах цаг ирлээ. Юуны өмнө бодит амьдралыг газар дээр нь үзэж танилцаад айл өрх бүрт хүнийнх нь тоогоор өдөрт 500 гр сүү гэдэг аянг эхлээд өрнүүлчих. Хүн бүрт нэг макс худалдаад аваад өгчих, дараа нь утаатай тэмцэх ажлаа тайван хий. Гурван жил багадахгүй л болов уу. Харин иргэдэд өгөх сүү, маскны мөнгөн дүн өндөр санагдвал үе үеийн Засгийн газрын нөхдөөс хариуцлагагүй ажилласны татвар болгоод мөнгийг нь гаргуулчих.
.
П.Наран