Хичээлийн шинэ жил эхэлсний дараахан “Mommy central” фэйсвүүк группт нэгэн ээж цэцэрлэгт явдаг охиныхоо үснээс бөөс “олсон” тухай пост үлдээсэн байв. Хүмүүс ч паах, пийх гэсээр тэгэсгээд намжсан. Гэтэл энэ яриа дахин дэгдэв. Сүхбаатар дүүргийн 149 дүгээр цэцэрлэгийн хүүхдүүд бөөстөж, багш нар нь бөмбөгөр худалдааны төвөөс хулсан шүүр авчирч шүүрдсэн тухай цэцэрлэгийн эрхлэгч Т.Сувдаа нь ярьжээ. Хүүхдүүд бөөстсөн шалтгаан нь хэтэрсэн ачаалал гэнэ. Улсын цэцэрлэгүүд нэг ангидаа 40-50 хүүхэд авдаг учраас бүгдээрээ “но”-той талаар цухуйлгажээ. Ачааллыг үгүйсгэхгүй ээ. Гэвч ачаалалд дулдуйдсан арчаагүйдэл сургуулийн өмнөх боловсролын системд бий болчихоод байгаа нь хэн бүхний нүдэнд ил. Өөхөн тосоор барааны саван хийж хэрэглэдэг байсан үе биш. Тансагийг ч, тааруухныг ч тааллаараа сонгож, ариун цэвэр сахих боломжтой өнөө үед бөөстөнө гэдэг бахархаад байх зүйл биш. Арилгаж, устгаж болох учраас бөөсийг хойш тавья.
6
Харин ачааллаар халхавч хийсэн элдэв бусармаг үйлдэл цэцэрлэгийн багш, ажилчдаас гарсаар байгаа нь зүгээр орхих асуудал биш. Хоёрхон настай бяцхан охины хацар дээр алганыхаа орыг гартал алгадсан Сүхбаатар дүүргийн 69 дүгээр цэцэрлэгийн багш. Ээж хүү хоёрыг зодсон Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны Эрдмийн түлхүүр цэцэрлэгийн багш гээд тоочоод байвал жишээ мундахгүй олон. Хүүхдийн тоо олон, дээр нь зөрүүд, дураараа, эрх танхи гээд олон янзын ааш авиртай багачуудтай ажиллаж байгаа орчин нөхцөлийг ойлгож болох ч хүний үрийг зодох эрх багш нарт байхгүй. Бусдын гарын шүүс болгох гэж бид бяцхан үрээ цэцэрлэгт явуулдаггүй.
6
Энд цэцэрлэгийн багшийг бэлтгэж байгаа тогтолцоо шууд хамааралтай. Улсын хэмжээнд цэцэрлэгийн багш бэлтгэдэг ганцхан сургууль нь МУБИС-ийн Сургуулийн өмнөх боловсролын сургууль. Энэ сургуулийг жилдээ 200 гаруй оюутан төгсдөг ч бүгдээрээ цэцэрлэгийн багшаар ажилладаггүй нь мэдээж. Ажилласан хэсэг нь бүгдээрээ хүүхдийг ойлгож, чанартай боловсролоор хангадаггүй нь нэг нэгээр илрэх жишээ баримтаас харагдана. Цэцэрлэгт боловсрол авах нь чухал биш. Гагцхүү хүн болох төлөвшил эндээс эхэлдэг учраас хүн шиг хүн тэдэнд багшлах ёстой. Хүүхдийн төлөвшил 3-6 насандаа явагддаг. Өөрөөр хэлбэл, бие хүн болох хөгжлийн 70-85 хувь нь 3-6 насандаа төлөвшдөг гэж сэтгэл судлаачид үздэг. Товчхондоо, миний таны хүүхэд ирээдүйд хэн болох нь цэцэрлэгт авах дадлаас шууд хамааралтай. Их, дээд сургуульд сураад мундаг хүн болчихно гэж тайвширч болохгүй гэсэн үг. Тэгэхээр аль ч талаараа мэргэжилдээ эзэн болсон хүнд бяцхан үрсээ даатгах туйлын хүсэл бидэнд бийг энд дуулгая.
6
Чимх боловсрол
6
Монгол Улсын Боловсролын тухай хуулийн 5.1.2-т боловсрол нь бүх нийтэд хүртээмжтэй байна гэсэн заалт бий. Бас 5.1.4-т иргэнийг сурч боловсроход нь нас хүйс, нийгмийн гарал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил зэргээр ялгаварлан гадуурхахгүйгээр эх хэлээрээ сурч боловсрох тэгш боломжоор хангана гэх заалттай. Тэгвэл цаасан дээр байгаа хүртээмжтэй, тэгш гэх заалт амьдралд хэрэгждэггүй. Монгол Улсын нийт хүн амын 7.4 хувь буюу 220000 хүүхэд цэцэрлэгт хамрагдах ёстой. Гэтэл тэдний 35 хувь буюу 70000 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй гэртээ цоожлогдож, өвөө эмээгийн асрамжид байдаг. Товчхондоо сургуулийн өмнөх боловсрол бүгдэд хүртээмжтэй байж чадахгүй байна. Дээр нь бүртгүүлэх гэж өдөр хоногоор дугаарлаж, ар өврийн хаалгаар орсон нэг хэсэг нь боловсролыг хуулийн дагуу тэгш, чанартай авч чадахгүй байна. Бүгд гэж асуудлыг томруулж, үйл ажиллагааг нь харлуулахыг хүсээгүй ч манай сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын нийтлэг дүр төрх энэ. Ер нь манай улсын сургуулийн өмнөх суурь боловсролыг давсгүй хоолтой зүйрлэж болно. Улсын, хувийн гэлтгүй чанаргүй сургалтыг амсах төдийхнөөр хүртээж, хүүхдүүдийг унтуулж хооллох гол үүрэгтэй мэтээр ажиллах нь бидний ирээдүйг боловсруулсан нэр зүүх ач гавьяа биш.
7
Эцэстээ энэ бүхний буруутан нь ачаалал, хөрөнгө мөнгө. Багшийн ёс зүйгүй харьцаа, бохир заваан орчин, шим тэжээлгүй хоол хүнс, чанаргүй мэдлэг мэдээлэл зэргээр цэцэрлэгээс гарах бүгдийн буруу нь хол хөндий. Өрөөл рүү чихсэн бурууд хариуцлага ч чухалд тооцогдохгүй. Тиймээс ч ёс зүйгүй багшийн цалинг хувьдахаас өөр шийтгэлгүй тогтолцоотой.
7
Энэ бүхний төгсгөлд хэлэх гэсэн ганц санаа нь өнөөгийн сургуулийн өмнөх боловсрол бидний ирээдүйг боловсруулах биш булингартуулж байна. Багш бэлтгэх сургалтаас нь эхлээд өөрчлөлт чухам шаардлагатай байгааг хэлэх нь илүүц биш байх.
6 В.Хэрлэн