Ер нь төр гэдгийг яаж барьж, юу хийгээд ирсэн бол доо гэж бодож үзэхэд хүрлээ. Юу хийх ёстой вэ гэдгийг алгасч, юу хийнэ гэж ярих уу гэж толгойдох жоохон юмаа шавхаж ирсэн улсаар төр бариулаад ирсэн ч юм шиг. Дээд хэд юу хийж байгаа гэж ярьсан бэ түүнийг нь хийж байгаа болж харагдуулья гэж доошоо яам тамгын нөхдүүд нь бужигнаж, тендер зарлаад нэг ажлыг эхлүүлчихдэг байсан ч юм шиг. Энэ бодолд дүйцэх ганц хэдэн жишээ байна.
.
Ган бөмбөлөг гэж айхтар мөнгө босгодог юм байна. Дандаа л гаднаас үнэтэй авсаар ирсэн. Эндээ хийе гэтэл гангийн үйлдвэр бариагүй байх. Дэлхий дээр түүхий нүүрс хог болж баяжуулсан нүүрсээр бие биендээ “пээдийж” байхад манайх түүхий нүүрсээрээ өр дарж бөөн шороо босгож явна. Зүгээр ч нэг зөөчихгүй хулгана хөөеөөгөө зөөж байгаа мэт хөрс байгаль сүйтгэн машинаар зөөж ирсэн.
:
Нэг сайхан төрөх эмнэлэг барьж байна гэлээ. Гэтэл ус дулааныг яаж татахаа шийдээгүй бариулаад эхэлчихэж. Байшин нь босоод л замд нь мөнгө нь дутаад л төр түүнийг нь өгөөд л байдаг. За болов уу гэж сайд очоод асуутал бараг болсон, харин одоо ус цахилгааныг нь яахаа ярилцмаар байна сайд аа гэж байх жишээтэй.
:
8 хувийн зээл өгөөд эхэллээ. Өгөөд эхэлснийхээ дараа “өө аймаар юм боллоо, нийлүүлэлт гүйцэхгүй юм шиг байна, үнийг нь хөөргөөд алдчихлаа” гэж мэдэгдэнэ. Дор нь залруулга хийж хойтон сайхан хямдруулнаа, хямд өртгөөр олон байшин барьж ашиглалтад өгнө гэлээ. Энэ нь үнэн ч юм шиг болоод ирлээ. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч компаниудын эхний ээлжийн барилгууд ирэх жил ярайтал баригдан тууз хайчилж эхэлнэ. Цэргийн их сургууль орчимд гэхэд л “Баганат Өргөө”, “Гангар инвест” компаниуд тус бүр 5000 орчим айлын орон сууц барихаас “Баганат өргөө” компани эхний ээлжийн 320 айлын, “Гангар Инвест” компани эхний ээлжийн 480 айлын орон сууцаа ирэх оны сүүлчээр ашиглалтад оруулахаар амласан байдаг. Бусад компани ч эхний ээлжинд 1-3 блок орон сууц барьж ирэх онд хүлээлгэж өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэж байгаа.
5
Энэ мэтээр бүтээн байгуулалтын сайхан мэдээ сураг их. Ийм их байр баригдаад эхлэхээр үнэ нь хямдарна гэлээ. Үүнд нь итгэх шахаж байтал нөгөө талд нь юм бодуулсан мэдээ гараад ирлээ. Одоо баригдаж дуусч байгаа 90 орчим барилгад дулаан өгөх боломжгүй гэж Улаанбаатар хотын дулааны сүлжээний нөхдүүд нь мэдэгдэж байх юм. Ганц энэ хэдэн байшиндаа ч бус ерөөсөө л эрчим хүчний хомсдол бий болсныг салбарын хүмүүс ил хэлж эхэллээ. Тэгэхээр ар араасаа босох олон барилга байшингийн дулаан цахилгааныг яах болж байна. Нөгөө л урьдын засгийн жишгээр байшин барилгаа сайхан босгож захиалга мөнгийг нь авч байгаад дараа нь тог цахилгаан эрчим хүчийг нь яах тухай ярих юм болов уу даа.
5
Манай орон 2010 оноос эрчим хүчний ээлжит хямралдаа орж эхэлсэн тухай яригдаж байна. 5-р цахилгаан станц баригдаж эрчим хүчээр бярдах цаг хаа ч юм. Харин 8 хувийн зээл түүнийг дагасан эрэлтийн өсөлт тасралтгүй явагдаж эхэлсэн. Одоо байр авмаар байгаа ч дараа жил байр хямдарна гэсэн Ерөнхий сайдын амлалтыг харж урьдчилгаа мөнгөө ногоон болгон хав дараад байранд орох гэж яарсан хүслээ царцаан хүлээж байгаа олон гэр бүл бий. Энэ хүлээлтийг барьсан нийлүүлэлт хийгдэж барилга сүндэрлэх ч дотор талыг нь цэлийлгэн цай даргиах тог цахилгаан, эрчим хүчний асуудал хөлд нь чирэгдээд эхэлсэн байна.
5
Манай улс ОХУ-аас зөвхөн технологийн шаардлагаар эрчим хүч импортолдог байсан. Харин одоо бүр дордож хэрэглээний шаардлагаар цахилгаан авдаг болсон байна. Сүүлийн гурван жилд ОХУ-аас авдаг импортын цахилгааны хэрэглээ гурав дахин нэмэгдэж, цахилгааны төлбөрт төлж байгаа үнийн дүн ч долоо дахин нэмэгдсэн талаар хэвлэлүүд сэрэмжлүүлж эхэллээ. Өгөх хүн гэдийдэг жишгээр хойд хөрш үнэ тарифаа нэмж биднийг хуучнаараа хараат хэвээрээ байгааг минь мэдрүүлж л байгаа байх. Мэдээж энэ нь бидний нүдэнд ил хэзээч явагдахгүй, ямартай ч хойноос авч байгаа эрчим хүчний үнэ долоо дахин нэмэгдсэн байна. Хэдэн жилийн өмнө ОХУ-аас авч байгаа цахилгааны төлбөрт гурван сая ам.доллар төлдөг байсан бол өнгөрсөн оны байдлаар 21 сая ам.долларт хүрсэн байна гэнэ.
5
Энгийн иргэд бол тог тасрахаар юм уу хязгаарлалт хийхээр, байрных нь халаалт байхгүй болчихоор эрчим хүч гэж нэг зүйл их хотын зүрх судас болж байдгийг нэг санаад, тэр дороо мартана. Харин төр засаг стратегийн энэ салбарыг мартах, орхигдуулах аваас толгойгоо мартсантай адил болно. Одоогийн байгаа байдлыг нь харахад мартсан ч юм шиг. Мартаагүй юм аа гэхэд стратегийн энэ салбарыг хэтэрхий хойно тавьж хожуу анхаараад байгаа нь үнэн. Үе үеийн салбарын сайд нь элэг буруу өөр салбар мэргэжлийн хүмүүс тавигдаж ирсэн улс төрийн харалган томилгоо ч үүнд нөлөөлсөн л байх. Одоогийн төр засгийн хандлага нь ч энэ салбарыг тийм их огшоогоод байхаар тэтгэсэн юм алга. Барилгын салбарыг бондоор бондойлгож 400 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлсэн хэрнээ тог цахилгаан дулаанаар хангах эрчим хүчний салбарт юу ч өгөөгүй л гэж байна.
5
Урьдын засгийн жишгээр юу хийж харагдах уу, юуг эхлүүлсэн, цаашаа үргэлжлүүлнэ гэж сонгуулиар амтлуулах уу гэсэн болхи арга барилаараа явах гээгүй юм бол эрчим хүчний хомсдолоо яах гэж байгаагаа ярилцах цаг болсон байна. Манай орон шиг хоцрогдсон эх үүсвэр технологитой хэрнээ асар хямдхан эрчим хүч түгээдэг орон байна уу. Атомын цахилгаан станцтай япончууд нэг киловат цагийг 27.6 центээр авч байгаа бол манай улс нэг киловатт цаг эрчим хүчийг таван центээр худалдан авч байгаа юм. Бусад оронтой харьцуулахад үнэгүйтэй адил ба энэ хэрээрээ хэмнэлт хийдэггүй, хэтэвчээ сэгсэрч суудаг улс бид.
5
П.Баярхүү /тоймч/