Шударга л байцгаая
2013-11-29

Өрийн хязгаар 40 байсан нь 60 хувь болсон дээр юу яригдаад, ямар тайлбар зүүгээд өнгөрөв гэдгийг бөөгнүүлж харав.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн эцсийн найруулгад дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх өрийн хэмжээг 40 хувиас хэтрүүлэхгүй гэж тогтоосон. Харин редакцийн засвар орохдоо “...60 хувиас хэтрүүлэхгүй” хэмээн өөрчлөгдсөн тухай УИХ-ын нэр бүхий гишүүд тухайлбал, сөрөг хүчний зүгээс мэдэгдлээ.

Гишүүд хүнд ажил болох төсвийн хуулиа баталж, гол ажлаа хийсэн гэж үзээд найраа эхлүүлсэн. Харин ар хударгаар нь төсвийн хууль засагдсан байж магадгүй гэсэн сэжиг таамаг бий боллоо. “40” гэсэн тоо “60” болох бол талх гурил, бензин дээр байнга л нэмэгдэж асуудал үүсгэж байдаг дасал болсон өөрчлөлт. Харин төсвийн тухай хуулин дотор шилжээд ирвэл 20 хувь гэдэг ноцтой өсөлт. Тэр дундаа Монгол Улсын өрийг ДНБ-ий 60 хувьд харьцах хэмжээнд хүргэх боломжийг олгосон засвар сэм хийгдсэн бол бүр ч ноцтой.

УИХ гишүүд төсөв хэлэлцэж тун идэвхтэй хуралдаа суун, ид шоволзож байх үеэр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Гэвч гишүүдийн 38.2 хувийн дэмжлэг хүлээснээр төсөл унасан. Хэрвээ энэ төсөл батлагдсан бол Монгол Улсын өр ДНБ-ий 60 хувьд хүрэх зам нээгдэх байсан юм. Тэгээд энэхүү өөртөө бий болгосон боломжоо ашиглан гадаад зах зээлд их наяд төгрөгийн бонд гаргах, дотооддоо мөн 1.5 тэрбумын бонд гаргах зорилго Засгийн газарт байлаа. Гэвч энэ санааг хэрэгжүүлэх Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхэд гишүүдийн гуравны хоёр хувийн санал бөөгнүүлж чадаагүй. Ингээд хуучнаараа өрийн хэмжээг "ДНБ-ний 40 хувьтай тэнцэхээр” хэмээн оруулсан.  Эндээс засгийн газар гомдолтой үлдсэн буюу нэмж мөнгө босгох бонд гаргах боломж нь хязгаарлагдсан.  Үүний ард өнөөх 40 хувиа редакцийн засвараар 60 болгочихсон байх гэсэн хардлага бодитой сонсогдож байна. Гэхдээ УИХ-ын Тамгын газраас гаргасан албан ёсны тайлбараар бол тийм юм ёстой байхгүй, өрийг дотоодын нийт бүтээгдэхүүнээс 40.0 хувиас хэтрүүлэхгүй байх нь хуулиар баталгаажсан тул өөрчлөх боломжгүй гэлээ.

Дээр үеийн орос “школ”-той дарга нарын “но” гэдэг шиг нөгөө талд шийдэл өөрөөр явагдаж байх шиг байна. Эрх баригчид төсвийн бяраар дийлэхгүй ажлаа санхүүжүүлэх, бүтээн байгуулалтын амлалтаа урагшлуулахын тулд нэмж өр тавих “гэгэлзээ” нь хэвээрээ л байгаа. Засгийн газар одоо өрийн менежментийн тухай хуулийн төс­лийг боловсруулж байгаа бөгөөд үүний цаана яаж өрийн хэмжээг нэмэгдүүлж ДНБ-ий 60 хувьд хүргэх талаар судалж байгаа нь дамжиггүй. Энэ ажлаа хурдавчлуулж УИХ-д оруулахаар болж байгаа бололтой. Энэ нь ирэх жил Засгийн газар дахиад бонд гарга­хаар эргэлт буцалтгүй хөдөлж эхэлснийг харуулж байна. Бонд гаргахыг эсэргүүцсэндээ бус ямар хэмжээ хязгаарт очих вэ гэдгийг л энд ярьж байгаа. УИХ-ын дарга З.Энхболд “Томоохон бүтээн байгуулалтын ажлыг төсвийн хөрөнгөөр хийх боломжгүй. Тиймээс бүтээн бай­гуулалтын ажилд хөрөнгө оруу­лалтыг татах арга руу шилжихээс өөр аргагүй болж байгаа юм. МАН-ын УИХ дахь гишүүд улсын өрийн хязгаарыг ДНБ-ий 60 хувьд хүр¬гэх саналыг дэмжээгүй учраас нэмж бонд босгох боломжгүй болчисон” гэж мэдэгдсэн. Мөн үүн дээр Засгийн газраас хэвлэл мэдээллээр ойр ойрхон “Уг нь бонд бол айж эмээгээд байх зүйл биш” гэж олон нийтийн сэтгэл зүйг бэлдсээр байгаа нь дахин тавих их өр зээлийг чимээлсэн харанга шиг сонсогдож байна.

.

Өрийн хязгаарт 40/60  хувь солигдсон гэсэн шуугианд  нэг тайлбар зүүж намжаасан ч одоогийн Засгийн газрын үг санаа, үйл ажил нь 60 хувийн зүгт гараагаа хийсэн гэсэн хардлагыг олон нийтэд төрүүлсээр байна.

 

Чингис бондын хөрөнгийн 500 сая ам.долларыг таван жилийн хугацаатай 4.125 хувийн хүүтэй, нэг тэрбум ам.долларыг 10 жилийн хугацаатай 5.125 хувийн хүүтэйгээр зээлсэн. Ирэх онд босгохоор төлөвлөж байгаа 2.1 тэрбум ам.долларын хүү нь үүнээс өндөр байх бол ирээдүйд ямар өрийн дарамт бий болж эхлэхийг тооцох нь том тоо мэддэг хүмүүс л ярих хэрэг болно.

Сонгуулийн шоугаараа  Ерөнхийлөгчийн үлдээсэн нэг үг бий. “Шударга байя л даа” гэж. Ирэх жил өрийн хязгаарыг хуулинд заасан 40 хувиас давуулж  60 хувь болгосон байх юм бол засгийн газар хариуцлагаа шууд хүлээх нь шударга шүү. Жилийн иргэн бол ямар сайхан юм бодож, юу хийж бүтээх гэж явж байсан хамаагүй, хууль зөрчсөн л бол хохь нь болж, хариуцлага хүлээдэг.

 ₮

П.Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
днб-ний 20 хувь:
20 хувь маш том тоо шүү хамгийн аюултай нь бонд бол өр биш гэж сэнхрүүлэх гээд байгаад л оршино өр биш юм бол яагаад эргээж төлж байгаа юм яагаад хүү төлж байгаа юм өр зээл 2 адил биш гэж үү
2013-11-29
oooooo:
orgvi bol bayn vilber baiguulah heregtei
2013-11-29
....:
ан ынхан бушуухан идэх гэж л 60 болгох гээд байгаа юм аа.
2013-11-29
зочин:
хойч үедээ өр үлдээхийг хэн хүсэх билээ. гэвч томоохон бүтээн байгуулалтуудыг зоригтой хийж байж л ядаж өр өө дарах боломжийг нь үлдээнэ шүү дээ. ман-н нөхдүүд өөрсдийгөө бодоод 40 гэсэн тоон дээр хатуу зогсоод байна л даа. та нар улс эх орноо ганц удаа ч болов намынхаа эрх ашгаас дээгүүр тавьж үзээ ч
2013-11-29