Эдийн засаг 10 хувь давсан үзүүлэлттэй гарсан байх юм. Уул уурхай, хөдөө аж ахуй, барилга, худалдаа үйлчилгээний салбар Засгийн газрын нүүрийг энэ удаад тахалжээ. Гэхдээ энэ өсөлтөд нэг их баярлаад байх явдалгүй гэж эдийн засагчид дүгнэж байна. Өнгөрсөн хугацаанд үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд их хэмжээний хөрөнгө мөнгө худалдаа үйлчилгээ, хөдөө аж ахуй, барилгын үйлдвэрлэлийг ийнхүү огцом дээш татжээ. Харин ирэх онд үнэ тогтворжуулах хөтөлбөрийг санхүүжүүлэхэд шаардлагатай хөрөнгө мөнгийг хаанаас гаргах эсэх нь тодорхойгүй байгаа нь энэ эдийн засгийн өсөлт хэр бодитой вэ гэдэгт эргэлзээ төрүүлж байгаа юм.
:
Хөтөлбөрийн үр дүнд иргэдэд ямар нэгэн үнийн савлагаагүй бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, олгох боломжийг төрийн мөнгөөр шийдэж байлаа. Хэдийгээр хэрэглэгчдэд хандсан сайн арга хэмжээ гэж эрх баригчид сурталчилж байсан ч макро эдийн засгийн төвшинд хямралыг өдөөх, зах зээлийн эрүүл эрэлт хэрэгцээний эсрэг гэмт үйлдэл болсон нь өнөөдрийн эрүүл бус хямралыг улам гааруулсан юм.
:
Валютын ханш өссөөр өнөөдөр 1760 төгрөгт хүрээд байна. Дагаад төгрөгийн ханш шалдаа унав. Энэ өсөлтийн ард энгийн иргэдийн худалдан авах чадвар муудаж, хувийн хэвшлийнхэн ханшийн зөрүүнээс шалтгаалсан ихээхэн алдагдал хүлээж эхэллээ. Импортоос хараат дотоодын зах зээл тэр дорхноо л эрүүл үйл ажиллагаагаа явуулах аргагүйд хүрнэ. Хувийн хэвшлийнхэнд төрөөс тулгаж буй бодлого улам бүр хатуурсаар байгаа. Татварын дарамт, шат шатны төрийн үйлчилгээний дарамт, эрэлт нийлүүлэлтийг хүчээр зохицуулах гэсэн төрийн бодлого гээд дурдвал түмэн зүйлийн зовлон эдийн засгийг боомилж байна. Аль долдугаар сараас эхэлсэн валютын ханшийг зогсолтгүй дээшлэх хурдан дээр нь ам.доллар төгрөг хоёрын ханшийн зохистой хувилбарт бодлогыг төр хэрэгжүүлэх ёстой байлаа. Энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мөн чиг их ярьсан даа. Харамсалтай нь төр наадамдаж найрлаж, Батаардаж шоудаж, гиннестсээр байгаад тоогоогүй. Эдийн засаг долларжих бодит аюул нүүрлээд байна шүү гэж анхааруулаад л байсансан.
:
Ирэх оны төсөв хариуцлагагүй болсон нь тодорхой. Угаасаа хэзээ л хариуцлагатай байлаа. Төр өөрөө аж ахуйн хэрэгт хутгалдаж ороод үйлдвэрлэгч нарт бус нийгмийн халамжинд сайн төрийн дүр эсгэж цацаад байхаар яаж ч өөдтэй байх билээ. Иргэдийн худалдан авах чадвар цалин тэтгэвэр тэтгэмжийн өсөлтөөс шууд хамааралтай байгаа. Баялаг бүтээгчдээ бус улаан нүүрээ хамгаалсан халамжийн бодлогод голчлон анхаараад байхад яаж амьжиргаа саруулсах болж байна аа. Цалин тэтгэвэр нэмэх эсэх талаар “Нэмэх нь нэмнэ. Гэхдээ хэзээ нэмэхээ та нарт хэлэхгүй. Дагаад нөхдүүд бараа бүтээгдэхүүний үнэ өсгөчихнө” гэсэн хачин тайлбар хийж сууна. Тийм бол яах гэж үнэ тогворжуулах хөтөлбөрийн хэдэн тэрбум төгрөгийг төсөвлөж цацаад байгаа юм бэ. Үнийн өсөлтөөс хамгаалсан төрийн бодлого юм уу, хэсэг нөхдийн бодож олсон мөнгө угаах хөтөлбөр болж байна уу.
:
Төрийн төсөв үйлдвэрлэлийг дэмжиж, хөдөлмөрийн бүтээмжийг өндөрсгөх чиглэл рүү хэзээ ч хандаж байгаагүй. Хөдөө аж ахуй, уул уурхайн түүхий эдийг шууд л экспортолчихно. Боловсруулаад хагас болон эцсийн бүтээгдэхүүн хийе гэсэн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татварын дарамтаараа сөхрүүлээд орхино. Эсвэл баахан лиценз зөвшөөрөл нэхэж зовооно. Хяналтын нөхдүүд хууль дүрмээр далайлгаж шантаажилна. Төр зохицуулагч биш хэзээ ч чаддаггүй бирд болоод байгааг л жинхэнэ зохицуулагч болгож яаралтай засмаар байгаа юм. Бүх зүйлийг нь харлуулах гэсэнгүй. Болж бүтэж байгаа зүйл бишгүй л олон байгаа. Нөгөө талаар асуудал өнгөн талдаа ч байгаа юм биш. Төрийн өөрийнх нь нүсэр бүтэц, хөрвөх чадваргүй бодлого үйл ажиллагаа, хүнд сурталд нь эдийн засаг сөхөрчихөөд байгаа юм.
:
Яаралтай хийх шинэчлэлийн хуулиудыг дараалал харгалзахгүйгээр УИХ-д оруулж гаргамаар байгаа юм. Ам доллароор тооцоо хийдэг гааль, онцгой албан татварыг цуцлах хуулийн өөрчлөлт зайлшгүй хэрэгтэй. Алив зээлийг ам.доллароор бус төгрөгөөр тооцдог болгох гэх мэт долларжих аюулаас зайлсхийх алхмуудыг дэс дараатай хийж эхэлбэл дараагийн арга хэмжээг авах түр зуурын амсхийлтийг бидэнд өгнө. Удахгүй шинэ жил, цагаан сар гээд нүсэр зардал шаардсан баярууд шил дараалан болно. Ийм долларжсан эдийн засагт энэ зардлууд тун ч хүчтэй цохилт өгнө дөө.
:Н.Бадамжав
Уншиж байна |