Лениний музейн гэсэн тодотголтой байшингийн өмчлөгчийг тогтоох шүүх хурал 12 дахь удаагаа болсон ч МАН дахин гонжров. Давж заалдаж, хойшилж, өмгөөлөгч тактик хэрэглэж янз бүрийн шалтгаанаар сунжирсаар УДШ-ийн Ерөнхий шүүгчид тулж ирэв. Шат шатны шүүх төрийн өмч гэсэн шийдвэр гаргасан ч эсэргүүцэж байгаа шалтгаан нь АН “хүчиндсэн” гэнэ. Өөрөөр хэлбэл, бүхнээс хараат байх ёстой шүүх эрх баригч АН-д үйлчилсэн гэнэ.
6
Тиймээс МАН шударга шийдвэрийн төлөө явах юм байх. Тэгвэл шүүх МАН-ын талд шийдвэр гаргавал Лениний музейг хэрхэн ашиглах талаар тодруулсан сэтгүүлчийн асуултад МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат “Бид музей хэрэгтэй бол өгнө” гэхээс өөрийг хэлээгүй. Уг нь өгөхгүй гэж гүрийхгүй гэсэн үг мэт. Харин үг, үйлдэл хоёр зөрөөд байгаагийн шалтгаан юу вэ?
6
Үнэн хэрэгтээ Лениний музейн барилгад МАН шунаагүй, хэнийх байх нь энэ намд тийм ч чухал биш. Түрээсийн хэдэн төгрөгийг эс тооцвол алдаад байх ч юмгүй. Тэгээд ч энэ барилгыг АН-ынх биш улсын өмч гэсэн шийдвэрийг шүүх гаргасан. Харин асуудалд цэг тавихгүй байгаа шалтгаан нь улс төржилт. Үүнийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатын үгнээс харж болно. Түүний “Бид тус музейн барилгыг үлэг гүрвэлийн музей болгож болно. Үнэхээр музей байхгүй бол манайхаас барилгыг өгье л гэсэн. Даанч эрх баригчид хууль бусаар манай өмчийг булаах гэсэн. Бид өгвөл өгмөөр л байна” гэсэн бөөрөнхий тайлбараас нь улс төр “үнэртэж” буйг анзаарсан байх. МАН шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхөөр АН-д ялагдсан болж харагдах гээд байгаа нь тэднийг шаналгасан хэрэг. Товчхондоо АН ялж, МАН ялагдав гэсэн үгийг дахин сонсохгүй, хүсэхгүй байгаагаас тэр. Шат шатны сонгуульд ялагдсан МАН-д АН-ын ялалт гэсэн үг шархан дээр давс асгахтай л адил. Тиймээс ч бутын чинээ зүйлийг уулын чинээ болгож, жил шахам сунжруулав.
6
Эцэстээ хараат байх ёстой шүүх засаглал хоёр намын тоглоом дунд эрх баригчид үйлчилдэг нэр зүүв. АН, МАН хоёрт сөргөлдөх шалтгаан олдохгүйдээ шүүхээр тоглож, нэг асуудлыг 12 удаа яриулаагүй л байлтай. Нэгнээ ялах гэсэн хоёр намын тэнэглэл улс төрийн хүрээнээс хальж, шавар байшинд хүртэл тулсан нь инээдтэй. Анхнаасаа л улсын хөрөнгө байсан барилгыг нэг нь өмчирхөж, нөгөө нь түүний төлөө шүүхдэж байгааг улс төржилт гэхээс өөр тайлбар олдохгүй. Булаацалдахын төлөө л булаацалдаж буй МАН, АН-ын үлгэрт төгсгөл байгаасай.
6
В.Хэрлэн