Цонхны цаанаас туяа туслаа даа... гэдэг шиг төрийн түшээд ард иргэддээ үзүүлдэг хишиг буян, тус нэмрээ арвитгах талаар нэгэн амралтын өдөр сууж ярилцаж санаа оноогоо нэгтгэжээ. Үүнд нь бизнесийн төлөөлөл, ТББ, хөдөлгөөн эвсэл, хэвлэл мэдээллийн төлөөлөл хамт оролцож санаа оноогоо төрд шууд хүргэсэн байна.
6
“Төр нь баялаг руу нь дайрдаг улсад иргэд нь ядуу байх болно. Төр өрмийг нь авдаг, иргэд нь хусмыг нь авдаг байж болохгүй. Эдийн засаг өсөөд байгаа ч иргэд нь ядуураад байгаа нь тэр өсөлтийг нь төр булааж авч буйд оршино” гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Том төрөөс ухаалаг төр лүү” сэдэвт үндэсний зөвлөгөөн дээр хэллээ. Тэрбээр нэмж “улстөрчид сонгуулийн үед сонгогчоо боддог бусад үед өөрийгөө боддог байж таарахгүй” гээд “Таны төлөө бүхнийг хийх гэж оролддог төр, танаас бүхнийг салгаж авч дуусдаг” гэж түмэн олонд сэрэмжлүүлээ.
6
Ерөнхийлөгч “...Ухаалаг төр бол судалгаа шийдвэр, хууль журам гаргадаг цаасны төр, Ухаалаг төр гэдэг бол технологийн дэвшил ашигладаг төр, Ухаалаг төр бол чадвартай хүн ажилладаг төр, Ухаалаг төр гэдэг бол таныг байгаагаасаа илүү ухаантай бол гэсэн үг биш, технологийн дэвшил ашигла, ажлаа илүү үр дүнтэй, хүртээмжтэй хий гэсэн үг...” гэж хэллээ.
6
Өнгөрсөн бямба гараг жирийн амралтын өдөр байсан. Гэхдээ энэ өдөр төрийн ордонд болсон нэгэн цугларалт ердийн уулзалт хурлаас өөр байлаа. Танхимд ер бусын чимээгүй “Ойлгогдож байна уу, та нарт” гэж Ерөнхийлөгч чив чимээгүй болж мушийн суух эрхмүүдийг тойруулан харж асуулаа. Түүний үг хэлж буй танхимд шүүмжлээд байгаа том төрийг нь энэ цаг үед авч яваа улстөрчид жирийтэл сууж байлаа. Тэд бол намаас шигшигдэн шалгарч, төр барих эрх ямбыг эдэлж яваа, унац хаялгаас нь хүртэж яваа намын үйл хэргийг оройлогчид юм. Мөн тэд бол энэ төрийг өдий болтол томруулж ирсэн гавьяатнууд. Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагддаг байсан бол одоо төрийн цонх цантаж юу ч харагдахаа больсон байна.
5
Ухаалаг төрд шилжих тухай Ерөнхийлөгчийн лекцийг төрийн түшээ, сайд дарга, намын тэргүүнүүд зэрэгцэн сууж сонссон бол ард түмэн зурагтаар шууд үзэж, толгой дохин дэмжиж үлдлээ. Ерөнхийлөгчийн том төр, ухаалаг төрийг харьцуулсан лекцийг энэ төрийнхөн ойлгосон л байх. Тэд том төрийг бий болгосон, одоо буцаагаад төр шиг төрийг дахин босгож, дараа үеийнхэнд өгөх үүрэгтэй гэдгээ энэ уулзалтаас мэдэрсэн гэж найдья.
6
Бид төрөөс юу хүсч байна вэ. Ерөнхийлөгч энэ талаар “орон зай цаг хугацаа харгалзалгүй үйлчилгээ авч болдог, хууль журам нь цэгцтэй, үйл ажиллагаа нь стандарттай, мэдээллийн нэгдсэн сантай, иргэддээ чадвартай, ёс зүйтэй, бүтээлч, санаачилгатай болоход нь дэмжлэг үзүүлдэг, зөвхөн иргэнд үйлчилдэг биш хүнийг илүү боловсролтой, ёс зүйтэй болоход нь дэмжлэг үзүүлдэг, асуудал гарлаа, эрэлт үүслээ гэхэд хамгийн оновчтой шийдвэр гаргадаг, ажлаа хамгийн үр дүнтэй аргаар хийж чаддаг байхыг ухаалаг төр гэж хэлнэ” гэж дүгнэжээ.
6
Бид төрөөсөө маш энгийн зүйлийг товчхондоо төрийн цонх цэвэрхэн тунгалаг, хөшиг хаалтгүй байх ба түүгээр бидний амьдралын сайн муу бодитой харагддаг байхыг хүсэж байна. Өнгөрсөн жилүүдэд төр хоёр цонхны үйлчилгээтэй болсон. Нэг нь маш том цонхтой ба улстөрчид, цагаан захтнууд, намынханд үргэлж нээлттэй үйлчилсээр иржээ. Нөгөө нь маш бага цонхтой ба тун гар татуу үйлчилгээтэй тул үргэлжийн дараалал чирэгдэлтэй, гаднаа бухимдал дарамттай ба энэ нь иргэдэд зориулсан цонх нь юм. Төрд өөр олон “иргэдэд үйлчилнэ” гэсэн цонх байх боловч түүн дотор нь юу байгаа нь үл харагдана. Гаднаасаа битүү цанатай, дотроо манантай.
6
Ерөнхийлөгч цагийг нь олж төрийн цантсан цонхыг цэвэрлэе гэлээ. 20-д жилийн турш цантаж битүүрсэн төрийн цонхонд цоорхой гаргаж гэрэл оруулахыг уриаллаа. Цоолох учрыг мэдсэнээс хойш ... яавал нүгэлтэй болно гэдэг билээ.
6
П.Баярхүү /тоймч/