Өнөөдөр “Дэлхийн дутуу төрөгсөдийн өдөр”. Дэлхий дээр нэг жилд 15 саяараа төрдөг хүмүүсийн өдөр гэсэн үг. Харин манайд нийт төрөлтийн 4.5 хувь нь дутуу төрдөг байна. Улсын хэмжээний дутуу төрөлтийг авдаг ганц эмнэлэг нь ЭХЭМҮТ. Энэ эмнэлэгт нэг жилд 10000 эх амарждагаас найман хувь нь дутуу төрдөг гэдгийг Эрүүл мэндийн яамны мэргэжилтэн Н.Болормаа дуулгав. Өөрөөр хэлбэл, эх нялхасын эмнэлэгт нэг жилд 800 нярай дутуу төрдөг гэсэн үг. Энэ бага үзүүлэлт биш гэдгийг та бүхэн харж байгаа байх. Тиймээс ч нийт нярайн эндэгдлийн 65 хувийг дутуу төрөлт эзэлдэг байна. Нэг жилд эндсэн нярайн 65 хувь дутуу төрснөөс үүдэн хүн болж чадахгүй энэ хорвоог орхидог байх нь. Анхаарахгүй байхын аргагүй том асуудал болсон нь энэ хэдхэн тооноос харагдана. Өндөр хөгжилтэй орнуудад нийт дутуу төрөлтийн 10 хувь нь энддэг бол буурай хөгжилтэй оронд 90 хувь нь нас бардаг гэсэн статистик байна. Тэгвэл нярайн эндэгдлийн тэргүүлэх шалтгаан болж, хүн амын өсөлтөд сөргөөр нөлөөлж буй дутуу төрөлт юунаас үүддэг юм бол.
_
Амьдралын баяр баясал нэмж, үр болон заяасан ч хугацаанаасаа өмнө төрөх гэж сандаргахад олон зүйл нөлөөлдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байна. Агаар, хөрсний бохирдол, нийгмийн стресс гэх мэтээр олон зүйлийг нэрлэж болох ч эхийн эрүүл мэнд, амьдралын хэв маяг хамгаас чухал аж. Өөрөөр хэлбэл, шалтгааныг өөр бусад зүйлээс бус өөрөөсөө эрэлхийлэх нь зүйтэй гэнэ. Тамхи татдаг эхийг дутуу төрөх эрсдэл байнга дагаж “явдаг”. Архи, согтууруулах төрлийн бүтээгдэхүүн ч ялгаагүй, эхийн хэвлийд хүн болохоор тэмцэж буй нэгнийг эндэхэд асар их нөлөөдгийг эмч мэргэжилтнүүд дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч, хүүхэдтэй болохоор төлөвлөсөн бол эсвэл жирэмсэн болсон даруйдаа энэ бүх хэрэглээг хязгаарлахыг зөвлөдөг. Хоромхон зуурын хэрэглээ хожмын хэмжээлшгүй харууслыг дагуулж буйг би биш мэргэжилтэн хэлж байгаа юм шүү. Дээр үеийнх шиг үнэгэн малгайд хийж ханын толгойд өлгөхгүй ч дутуу төрөлтийн багагүй хувь хүн болдоггүйг бодолцох нь зүйтэй.
.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага дутуу төрөлтөөс сэргийлэх, багасгах чиглэлээр таван зөвлөмж гаргасан байна. Уг таван зөвлөмжийн нэгдүгээрт, охид, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн боловсролын дээшлүүлэхийг тусгажээ. Тодруулбал, жирэмсэн болсон бүсгүй дуртай, шаардлагатай, хэвшсэн олон зүйлээс татгалзаж, эрүүл бүхнийг эрхэмлэхийг сануулсан хэрэг. Бас эхийн нас дутуу төрөлтөд шууд хамаатай. Хэт бага буюу 17-оос доош настай бол эсвэл 35-аас дээш насны эмэгтэйчүүдийн жирэмслэлтэд дутуу төрөлт ихээр тохиолддог байна. Дутуу төрөлт бол үр хөндөлт шиг санаатай аллага биш. Бас зулбалт ч биш. Хазгай гишгэхээс ч эмээж хайрлан, төрөх өдрийг нь тэсэн ядан хүлээж байхад тохиолдох аюул. Харин тэр аюултай нүүр тулахгүйн тулд хэрэггүй бүхнээс татгалзах л хэрэгтэй, ээж дуудуулах өдөр мөдхөн ирнэ.
.
В.Бат
Уншиж байна |