Р.Амаржаргал гишүүнтэй алхах уу, үлдэх үү
2013-11-17

Монголд цөмийн хаягдал булна гэх шуугиан улсын төсөв хийгээд Р.Амаржаргал гишүүний УИХ-аас гарах дуулианд бүдгэрсэн нэгэн долоо хоногийн үйл явдлыг тоймлон онцолж байна.

1

Оюутнууд 70 мянгатайгаа үлдлээ

1

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Энэ хууль батлагдсанаар ирэх 2014-2015 оны хичээлийн жилээс эхэлж нийт төгсөгчдийнхөө тодорхой хувийг ажлын байраар хангасан их, дээд сургуулийн оюутанд тэтгэлэг олгох боломж нээгдэнэ. Ингэхдээ тухайн сургуулийн оюутан нь дунд, муу сурвал сар тутамд 70 мянган төгрөгөөр тооцож байгаа тэтгэлэг авахгүй, онц, сайн сурсан нөхцөлд сард 70 мянган төгрөгийн тэтгэлэг авах бололцоо нээгдлээ.

1 Түүнчлэн улсын хэмжээнд 90 гаруй их, дээд сургууль үйл ажиллагаа эрхэлж байгаа бөгөөд өөрийн гэсэн сургуулийн байртай, үндсэн багштай сургуулийн оюутанд энэхүү тэтгэлгийг олгоно гэх шалгуур ч мөн үйлчлэх болж байгаа юм.

 1

Цөмийн хаягдлыг Монгол булна, булахгүй 

 1

Олон нийтийн дунд цөмийн хаягдлыг Монгол Улсад боловсруулах, байршуулах гэрээ хэлцлийг төр засгийн удирдлагаас нууцаар хийж байна гэх нэр ус бүхий эрхмийн яриа баримттай шуугиан гарч, зарим нам олон нийтийн байгууллагаас үүнийг эсэргүүцсэн байр суурийг илэрхийлж эхэллээ. Энэ асуудалд нэр холбогдсон хүмүүс, сайд нар дуугүй байсан бол Монгол Улсын Ерөнхийлөгч твиттер хуудаснаа байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Цөмийн хаягдал булшлахгүй гэсэн Монгол Улсын байр суурь хэвээр байгаа. Ийм яриа цуурхал Монгол улсын бодлого биш гэдгийг дахин нотолж байна” гэсэн байна. Дараа нь энэ асуудлаар Засгийн газраас мэдээлэл гаргасан бөгөөд “Японоос цөмийн хаягдал оруулж ирж булах гэж байна гэж зарим улс төрийн нам, олон нийтийн байгууллагаас мэдэгдэл хийлээ. Энэ мэдэгдлээрээ Ерөнхий сайд Япон улсад айлчлахдаа тус улсын цөмийн хаягдлыг Монголд булшлахаар тохиролцсон, Гадаад харилцааны сайд уран олборлох гэрээг Франц улстай хийсэн гэхчилэн ярьжээ. Монгол Улс бол цөмийн энерги, уран олборлолтын талаар бодлогоо тодорхойлсон орон. Японоос цөмийн хаягдал оруулж ирж булах ямар ч үйл ажиллагаа хийгдээгүй, цаашдаа ч хийхгүй гэдгээ Шинэчлэлийн Засгийн газар хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэв.

1

Үүн дээр Монголын ураны үүцийг нээхээр тодроод байгаа Арева компанитай холбогдох асуудлаар тайлбарыг мөн дайлаа. 1997 оноос хойш Монголд үйл ажиллагаа явуулж буй Францын “Арева” компанитай Монголын төрийн өмчит “МонАтом” хамтарсан компани байгуулах тухай гэрээг тус компаниудын хооронд байгуулсан байна. Ингэхдээ хамтын ажиллагаа нь “Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого”-той нийцэж байх ёстойг манай тал мэдэгдсэн гэдгийг Гадаад харилцааны сайдын зөвлөх онцоллоо.

 1

Намын дарга нарыг үдийн “цайнд” урилаа

1

 МАН-ын дарга М.Энхболд улс төрийн намуудын дарга нарыг урьж уулзан, Үндэсний зөвшилцлийн асуудлаар нээлттэй уулзалт, ярилцлага хийлээ. Уулзалтад нийт 16 намын даргад урилга хүргүүлснээс 13 нь хүрэлцэн ирсэн байна. Харин Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, ИЗНН-ын дарга С.Оюун, Эх орон намын дарга Б.Эрдэнэбат нар уулзалтад ирээгүй талаар хэвлэлүүд нүд ирмэж, үг шидэн мэдээллээ.

1 Уулзалтаар Монголын улс төр, эдийн засагт болж буй үйл явдлыг дүгнэн хэлэлцэж цаашид хэрхэн хамтран ажиллах, зөв шийдэлд хүрэх талаар харилцан ярилцжээ. МАН-ын зүгээс үндэсний хэмжээний чухал асуудлуудыг шийдвэрлэхэд зөвшилцдөг, үндэсний зөвшилцлийн соёлыг бий болгохыг улс төрийн нам эвслүүдэд уриалж байгаагаа энэ уулзалтаар онцлон мэдэгджээ. Энэ нь шийдвэр гаргахдаа цөөнхөө сонсохгүй, олонхоороо кноптчихоод байгаа эрх баригч нарт “одоо болиорой” гэж соёлтойгоор хэлсэн улс төрийн намын сануулга гэж ойлгогдож байна.

1 Энэхүү нээлттэй уулзалтаар намууд Монгол Улсын язгуур эрх ашиг, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолоо бататган, баялгийн хуваарилалтыг Монголын ард түмэнд тэгш, шударга хүртээх, тогтвортой хөгжлийн бодлогыг боловсруулан хэрэгжүүлэхийн төлөө хамтран ажиллах, улс орны нийтлэг эрх ашгийг тэргүүн зэрэгт тавьж, үндэсний зөвшилцлийн тогтвортой бүтцийг бий болгоход харилцан ойлголцож хамтран ажиллахаа илэрхийлж, гарын үсэг зурсан байна.

 1

Р.Амаржаргалын жишгээр алхах хүн хэд байгаа вэ

1

P.Амаржаргал Улсын Их хурлын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад уламжилжээ. Уг хүсэлтэд “Р.Амаржаргал би 2012 оны УИХ-ын ээлжит сонгуулиар 23 дугаар тойргоос УИХ-д гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Миний бие УИХ-ын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.3 дахь заалтыг үндэслэн УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж байна" гэжээ.

1

УИХ-ын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.3 дахь хэсэгт "...гишүүн өөр ажилд шилжих болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ  өөрөө гаргасан..." хэмээн заасан байдаг юм байна. Энэхүү өргөдөл хэзээ хэлэлцэгдэж шийдэгдэх нь тодорхой бус байгаа ч цаашид сайн улс төрийн орчинд сайн муу ямар үр дагавар дагуулах тухайд талууд байр сууриа илэрхийлсээр байна.

1

Өөрсдөө хариуцлага хүлээх чадваргүй болсон Их хуралд зөв жишиг тогтоох зоримог шийдвэр байна гэж үнэлэх хэсэг байгаа бол, намдаа гай тарьсан нөхөн сонгуулийн зар тараасан явуургүй шийдвэр гэж шүүмжлэх хэсэг ч байгаа.

Р.Амаржаргал гишүүний эгдүү дургүй хоёрыг хүргэж энэ танхимд суухаас ой нь гутах болсон бас нэг шалтгаан бол намынх нь одоогийн харалган бодлого үйл ажиллагаа гэж мэдэгдээд байгаа. Одоогийн АН энгийн гишүүдийнхээ үгийг сонсч, тэдний санал бодлыг удирдах төлөөлөлд тусгалгүйгээр хэсэг бүлэг хүмүүс л шийдээд өнгөрдөг ардчилсан бус хаагдмал нам болсон гэж тэрбээр шүүмжилсэн.

1

Р.Амаржаргал гишүүн “ажлаа” өгч дахин сонгууль болох нөхцөл байдал бий болох үйл явцыг МАН яаж харж байгаа ба ер нь энэ үйл явдалд МАН цаагуураа нөлөө, оролцоотой юу  гэсэн асуулт олны сониуч занг хөдөлгөөд байна. Шүдний  эмч шиг, өөрийнх нь гишүүдээс нь нэг нэгээр нь сугалж аваад байх санаархалтай байгаа АН-аас нэг суудал ч болов дайрч авах бол МАН-ынхны хорхойсч хийх ажил мөн. Гэхдээ эхлээд УИХ Р.Амаржаргал гишүүний хүсэлтийг хэлэлцэж шийдвэрлэх ёстой. Түүний дараа л жинхэнэ асуудлууд босч, улс төр хийгчдийн уран сайхан нүүдлийн гайхамшигт тавилтууд харагдах биз. Харин АН-ын зарим гишүүн жуумалзан, одоо намаа үзэхээ больсон гээд байгаа Ж.Батзандан хэзээ өргөдлөө өгөх бол гэж өөр хоорондоо хошин үг хаян төсөв баталсны найраа хийж сууна.

1

2014 оны төсөв батлагдлаа

1

УИХ Монгол Улсын төсөвт 2014 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 4 их наяд 676 тэрбум 370.5 сая төгрөг, Монгол Улсын төсвөөс 2014 оны төсвийн жилд зарцуулах төсвийн тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн зарлагын хэмжээг 5 их наяд 594 тэрбум 785.9 сая төгрөг байхаар баталлаа. Мөн Монгол Улсын төсвөөс 2014 оны төсвийн жилд улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж, их засварын зардлын хэмжээг 1 их наяд 143 тэрбум 275.5 сая төгрөгөөр, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу Төсвийн тогтворжуулалтын 2014 оны төсвийн санд хуримтлуулах хөрөнгийн хэмжээг 29 тэрбум 799.6 сая төгрөгөөр батлав.

1

Ирэх оны төсвийн жилд төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэрийг шинээр болон дахин санхүүжүүлэх Засгийн газрын он дамжих 1 их наяд 400 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах, шинээр 289 тэрбум 971.1 сая төгрөгийн Засгийн гадаад төслийн зээл авах замаар санхүүжүүлэхээр тогтов. Мөн ирэх онд Засгийн газрын гаргах баталгааны дээд хязгаарыг 2 их наяд 500 тэрбум төгрөгөөс илүүгүй байхаар тогтоолоо.

1

Ирэх оны төсвийн жилд орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээг нийт дүнгээрээ 159 тэрбум 170.7 сая төгрөг, харин 2014 оны төсвийн жилд орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд төвлөрүүлэх орлогын нийт хэмжээг 71 тэрбум 338.5 сая төгрөг, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлгийн нийт хэмжээг 284 тэрбум 400.8 сая төгрөг байхаар батлав.

1

Авилгажсан төсвөөс алаг үзсэн төсөв гэж нэр зүүсэн 2014 оны төсөв хугацаандаа багтсан гэсэн сайшаалын үгтэй батлагдлаа. Хэлэлцүүлгийн явцыг дүгнэн харахад гишүүд орон нутаг тойрогтоо болоод, өөрт “хамаарах”, санаа тавих ёстой хөрөнгө оруулалт дээрээ мөнгө суулгах гэж өөр зуураа мөн л тохиролцсон ба яг төсөв хэлэлцэхдээ тун бага цаг гаргалаа. Харин үрэлгэн байдлыг зогсоох бүсээ чангалсан хэмнэлттэй төсөв батлах тухай олон нийтэд зориулсан эх оронч шоу хэлэлцүүлэг өрнүүлэхэд ихэнх цагаа зориулах шиг болов. Төсвийг сайн муу болсон гэдгийг одоо дүгнэх нь эрт бөгөөд удахгүй тодотгоё, хэлэлцье гэвэл нэг их гайхахгүй гэдгээ төсвийг шүүмжлэгчид илэрхийлж байна.

1

Ухаангүй төрөөс салах уу

1

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар "Том төрөөс ухаалаг төр лүү" Үндэсний зөвлөлдөх уулзалт бямба гарагт Төрийн ордонд зохион байгуулагдлаа. Энэхүү үндэсний хэмжээний уулзалтад шийдвэр гаргагчид, бизнесийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид, ТББ, орон нутгийн төлөөлөгчид,  дөрөв дэх засаглал гэгддэг хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөллийг анх удаа бүрэн эрхт төлөөлөгчийн хэмжээнд оролцуулжээ.

1

Иргэдийн дунд явуулсан нэгэн судалгаагаар 8 хувь нь л төртэй байнга харьцдаг гэж хариулсан тухай Ерөнхийлөгч хэллээ. Төсвийн мөнгийг өм цөм залгиж, хөгжлийн тушаа болоод байгаа төрийг ухаалаг уян хатан болгох, шинжилгээ судалгаа явуулж шийдвэр гаргах замаар иргэдэд очих төрийн үйлчилгээ нөмөр нөөлгийг шинэ шатанд гаргахад чухал ач холбогдол бүхий уулзалт зөвлөлгөөн боллоо.

1

Хууль шүүхийн салбарыг хамарсан шинэчлэлийн араас зайлшгүй хийх ёстой болоод байгаа төрийн шинэчлэлийг Ерөнхийлөгч санаачлан, төрийн түшээд нам эвслүүдийн төлөөл, бизнесүүд, орон нутгийн удирдлагын өөрсдийнх нь оролцоо манлайллаар ийнхүү эхэлж байгаа нь эрх биш гэж юм дуулгаж, үр дүнд хүрнэ гэсэн итгэл, хүлээлт олон нийтэд бий боллоо.

1

П.Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
shudarga:
zuv sh de, iim yalzarsan tur zasagt huchee ugch suusnaas orhison n deer. amarjargal gishuuniig demjij bn
2013-11-18
zoloo:
boliochee ta nar odoo bolnoshde hogiin amitad mini idej hanahgui bny
2013-11-18
zoloo:
estoi teneg 76 uursdiinhuu hooloo tusuw neriin door beldej bnada kkk
2013-11-18
ggggg:
gishuunees n choloolood davhar mgl ulsiin irgenees ch has muu lalriig...
2013-11-17
oigooo:
oilgohguim bna oo
2013-11-17
an nam:
amarjaargal gishuun said bolgosongui geed gomdood bgamu kkk hogiin garuu ugui yu ardchilsan namiihan bugd iim shde dotroo yalzartsan udahgui man shig bolnoo gej huurhii zail zail zaaval darga said boloh yostoimuu davartsan kash ve hujaa chin
2013-11-17
yrih sedev:
hervee yamnii said aldaa hiisen bol tuuniig ogtsruuldag ,tegvel ard tumnii amidraliig ardchilal neriin dor oruulj,tuunii utgiig alduulj,amidralii n tuilduulsan,76 yagaad bugdeeree ogtsorch bolohgui gej ?,...
2013-11-17