Өрхийн төсөв нь нэмэгдэж үүнээс болж зээл авсаар бүх цалин нь өр дарахад явчихаад байгаа өрхийн тэргүүн гэрийнхнийгээ тайван байлгах нэг арга олжээ. Машин, алт мөнгөн эдлэл, хувьцаа гээд тавьж болох хамаг юмаа тавьж зээл авчихаад түүнээсээ сар бүр мөнгө гарган гэрийнхэндээ өгч цалин орлогоороо яваад л байгаа гэж аргалсаар байж. Та нарын хоол хүнс, сургалтын төлбөр, байр цахилгааны мөнгө бүгдийг нь л төлөөд явж байгаа. Манай өрхийн төсөв зүгээр, миний цалин нэмэгдэж байгаа, өөр наймаа арилжаанаас олох орлого ч нэмэгдэж байна. Зарлага жоохон өндөр байна. Гэхдээ энийг манай нөгөө ногооны газар тарьж байгаа төмсний унацаас нөхчихнө. Төмсний үнэ энэ жил өснөө. Бороо ч их орно гэсэн. Гэрийнхэн нь тайвширч, хэрүүл уруулгүй амьдрал хэвийн үргэлжилсээр мэт. Гэвч цалин нь урьдын өрөнд яваад, нөгөө төмс ургаж намар болтол хаа ч билээ, гэтэл бас тэнгэрийн өмнөөс амалчихсан бороо орж өгдөггүй, ногооны газар руугаа татсан усалгаа байхгүй учир дээрээс хур хаяхыг л хүлээхээс өөр аргагүй. Цалингаас өөр орлого байхгүй гэтэл цалин өр дарахад яваад байгаа, нөгөө талд нь ломбардны хүүг цагтаа төлөөгүй гээд алданги бодогдоод байдаг. Жилийн эцэс болоод ирлээ энэ жил ч яахав ингээд болчихлоо. Дараагийн жилийг яаж аргалах уу. Ерөөсөө зарлагыг орлого маань хэзээ ч гүйцэхээ байлаа. Цаана нь хүү төлж, өр дарах хэрэгтэй байдаг. Зээл нэмж авья, харин юугаа тавих уу. Бүх юмаа тавиад заримыг нь зарахаар тохироод мөнгийг нь аваад өрөндөө өгчихсөн. Одоо байраа тавих л үлдлээ. Гэтэл байрыг заавал хамтран эзэмшигч өрхийн гишүүд зөвшөөрч байж л барьцаанд тавина. Тэд энэ их зээлээр яах гэж байгаа юм гэж асуухад нь юу гэхэв. Маш их өр тавьсан тэрийгээ дарах гэж байна гэвэл бөөн юм болно. Аягүй бол гэрээсээ хөөгдөнө... гэхдээ өөр арга байхгүй, зүтгүүлээд л зээл авах л гарц байна ...
6
Монгол улсын эдийн засаг нэг иймэрхүү л болоод байгаа юм уу гэж бодогдлоо. Өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хаалттай хэсэг шивнэлдээд нээлттэй горимд шилжингүүтээ, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн ч гишүүдийн 38.2 хувийн дэмжлэг хүлээснээр төсөл уналаа. Хэрвээ энэ төсөл батлагдсан бол Монгол Улсын өр ДНБ-ий 60 хувьд хүрэх зам нээгдэх байсан юм. Тэгээд энэхүү өөртөө бий болгосон боломжоо ашиглан гадаад зах зээлд их наяд төгрөгийн бонд гаргах, дотооддоо мөн 1.5 тэрбумын бонд гаргах зорилго Засгийн газарт байлаа. Гэвч энэ санааг хэрэгжүүлэх Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхэд гишүүдийн гуравны хоёр хувийн санал бөөгнүүлж чадсангүй уналаа.
6
Одоогоор манай гадаад өр сангийн сайдын хэлснээр 4.2 тэрбум ам.доллар гэж байгаа. Харин Ерөнхий сайдын хэлснээр 2013 онд буюу сүүлийн 14 жилд 2.8 тэрбум ам.долларын зээл авснаас өнөөдрийн байдлаар 800 сая ам.долларыг эргүүлэн төлж, хоёр тэрбум ам.долларын гадаад, дотоод өр үлдсэн гэсэн. Үе үеийн засгийн газрууд хөгжлийн төлөө гэсээр тавьсан өр хуримтлагдсан өссөөр том тоонд хүрээд байгаа. Гэтэл одоо энэ Засгийнхан дахиад 2.1 тэрбум ам.долларын бонд босгох, дотоод зах зээлд 1.4 их наяд төгрөгийн Засгийн газрын үнэт цаас арилжиж мөнгө босгохоор шийдчихээд байна. Н.Алтанхуяг ба түүний нөхөд энэ их мөнгийг хуваагаад цохчихгүй гэдгийг бүгд л мэдэж байна. Харин үүний цаана хэдэн үе залгамжлан явж байгаа алдагдалтай хөөсөрсөн төсвийн цоорхойгоо зээлээр тагласаар өрийн дарамтанд жолоогүй хөтлүүлж эхэлсэн дүр зураг харагдаж байна.
6
Засгаас засагт улсын өр хэд нугарч өсч байснаас нимгэрч байгаагүй юм байна. Хамгийн сүүлийн Сү.Батболдын Засгийн газар Чалкогоос ирээдүйн орлогоо барьцаалж зээл авснаар манай гадаад өр 8.1 тэрбум ам.долларт хүрчихсэн гэнэ. Алдагдалтай хэрнээ авилга шингэж хөөсөрсөн төсвийг тэвэрч үлдсэн Н.Алтанхуягийн Засгийн газар яаралтай хөдөлж 1.5 ам долларын Чингис бонд босгож төсвөөс гадна эргэлдүүлэх маягаар төсвийн цоорхойг нөхөж үзжээ. Урьдын засгаас өвлөгдсөн авилга шингэж өртөг нь өссөн байшин барилгуудыг үргэлжлүүлэн барьж эхэлсэн ч цаашаа дийлэхгүй болж, үнэнд гүйцэгдээд ирсэн бололтой юм. Нэг л тулманд чихэгдээд байсан өр амаараа хахаж цааш нь чирээд ч орохоо болиод ирэхээр арай том тулам руу шилжүүлэх гэж үзжээ. Үүнд нэг л арга байсан ба тэр нь өрийн хэмжээг ДНБ-ний 60 хувьд хүрч болно гэдэг хууль батлуулж авах явдал байлаа. Энэ нь яагаад ч юм Их хурал дээр өчигдөр уначихжээ. Уг нь арай зайтай шинэ өр зээлийн тулам хийж авсан бол түүндээ нэмээд гадаад зах зээлд 2 их наяд төгрөгийн бонд гаргах, дотооддоо мөн 1.5 тэрбумын бонд гаргаж зээл авч түүгээрээ нүглийн нүдийг хуурсан алдагдалтай төсвийг авч гарах боломж байж. Амалсан бүтээн байгуулалтаа ч үүгээр л үргэлжлүүлнэ. Магадгүй сөрөг хүчин болсон МАН үүнд ухаан зарж төсвийн хөөсийг буулгаж, алдагдал цоорхойгүй болгоно гэж бүлтэрсэн АН-ыг байдалд оруулахаар шийдсэн ч байж болно. Энэ Засгийн газрыг ахин зээл авч бүтээн байгуулалт гэж шоудах боломжийг нь мухарлах гэж эсрэг кнопдсон байх. Нэг бол ухаарч, арай дэндлээ гээд улс орноо бодсон ч байж магадгүй, ямартай ч ДНБ-ний 60 хувьд өр тавих эрхийг нээх байсан Төсвийн тогтвортой байдлын хууль парламент дээр унаж нэг удаадаа буцлаа.
6Нэгэн жилийг ингээд л аргалаад байдаг юм байж. Харин ирээдүй маань яах болж байна даа. Ерөнхий сайд Н.Алтанхуяг төсвийг авилгажсан хөөсөрсөн байсныг зарлаж салхи оруулсан шигээ, ирээдүйгээ бодоод өрийн эргүүлгээс сэлж гарах зүгт зоригтой хандвал өнгөрсөн сонгуульд АН ялсны нэг том гавьяа болж үлдэх магад. Харин энэ жишгээр төсвийн цоорхойгоо зээлээр нөхөж, ирээдүйн өрийн дарамт үүсгэсэн бүтээн байгуулалт хийж, дараагийн сонгуулийг үзэх зорилго тавьж байгаа бол ард түмэн тэнэг биш гэж хэлэх хэрэгтэй болно. Их хурлынхан, намынхан харилцан тохиролцож өөр өөрийн зүтгүүлсэн мөнгөө суулгаж авсан төсвөө бүхэлд нь баталж байна. Мэдээж уламжлал ёсоор дажгүй сайн төсөв баталлаа гэж ам уралдан магтана. Дараа нь алдааг нь засч тодотгол хийнэ. Энэ нь манай парламентын уламжлал шүү дээ.
6
Түнтийсэн төсөвт цоорхой их байдаг юм байна. Тэрийг зээлээр нөхчих юм байна.
6
П.Баярхүү /тоймч/
Уншиж байна |