Шүүхийн шинэтгэлийн хүрээнд батлан гаргасан нэг хууль бол Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль. Нэрнээсээ л амьдралд ойр буух хууль. Гэхдээ энэхүү эвлэрүүлэн зуучлал нь эрх зүйн салбарын шив шинэхэн тогтолцооны нэг юм байна.
6
“Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль”-ийн 3.1-д зааснаар иргэний эрх зүйн маргаан, хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан болон гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаанд эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэнэ гэжээ.
5
Түрээслүүлэгч ба түрээслэгч, газрын маргаантай айл хөршүүд, ам мурийж салах дээрээ тулсан гэр бүлийн хоёр гээд хуулийн хамрах хүрээнд байгаа хэрэг маргаанаа зардал стресс багатайгаар хурдан зөвшилцөн шийдэх боломж хуулиар нээгдсэн гэсэн үг. Эхнэр нөхөр байтугай эрүү толгой хоёр салдаг гэж хэлдэг. Харин үүний цаана өмчлөл, хүүхдийн асран хүмүүжүүлэх үүрэг хэнд шилжих вэ гээд асуудлууд үүсдэг. Үүнийгээ шийдүүлэхээр хэн нэг нь шүүхэд өргөдөл барин очих болдог. Амьдрал гэж байгаа цагт ийм ахуйн хэрүүл маргаан байсаар л ирсэн. Дээр үед ардын хувьсгалын өмнө бол аахар шаахар зүйлээс болж ам зөрж салж сарнисан хоёрыг хэн нэг талынх нь аав ээж, ах дүүс очоод хоёр талдаа суулгаж байгаад зангирсан гомдлыг нь яриулж, тайвшруулаад халуун цай хувааж уугаад, эвлэрүүлээд явчихдаг байж. Зарим аав ээж гүйгээд ирсэн хүү охиноо зад загнаад хөтөлгөө тэмээндээ ачааг нь ачаад гэрт нь аваад ирдэг л байж. Бурангуй засагтай тэр цаг үед хошуу ноён дээр очиж гэр бүлээ цуцлуулахгүйгээс хойш ой тойрныхон гэр бүлийн гишүүд нь маргаанд эвлэрүүлэгчээр оролцож эвдрэл хагарлыг зогсоож өгдөг байсан уламжлал манайд байсан.
5
Харин Үндсэн хуульт Монгол улс бий болноор аливаа хэрэг маргааныг тасалдаг хараат бус шүүх бий болжээ. Шүүхээр шийдүүлдэг хэрэг маргааны төрөл, хэмжээ нэмэгдэн баяжсаар шинэ зууны босго давлаа. Амьдрал баян тул маргааны хүрээ төрөл ч олон болж, үүнийг дагаад шүүхийн ачаалал нэмэгдсээр ирж. Гэр бүлийн хэрэг маргааны ард эрх зүйн гэхээсээ илүүтэй харилцааны маргаан зөрчил илүүтэй байдаг. Тийм болохоор заавал шүүхийн гэхгүйгээр эхнэр нөхөр хоёр нүүр тулж ярилцан, бие бие дээ буулт хийж эвлэрэх боломж бараг 100 хувь байж л байдаг аж. Гагцхүү үүнийгээ хоёр тал яаж эхлүүлэх арга эвээ олохгүй байсаар шүүх хуралд орж хоёр тийш харж суух нь бий. Нэгэнт шүүхээр орсон бол хэн нэг нь сэтгэл ханамжтай, хэн нэг нь гомдолтой үлдэнэ. Энэ нь дахиад хэрүүл зарга үргэлжлэх суурь болж өгнө. Зарим тохиолдолд хоёулаа сэтгэл дундуур үлдэх ч бий. Ганц гэр бүл ч бус бусад иргэний хэрэг заргад иймэрхүү бараан, сэтгэл дундуур төгсгөлүүд их бий. Ийм нөхцөлөөс тойрч талууд хоёул сэтгэл ханамжтай үлдэх зөв гарц олж харилцан эвлэрч хамтын шийдэл гаргах нөхцөл, бололцоо эрх зүйн үндсийг бий болгох нь Эвлэрүүлэн зуучлах тухай хуулийн гол зорилго үзэл санаа гэж хэлж болох юм.
6
Энэ хуульд маргааныг харилцан ойлголцож, хамтран шийдвэрлэх олон зохицуулалтыг хийж өгсөн. Хэн ямар этгээд эвлэрүүлэх зуучлах ажиллагааг явуулах, ямар нөхцөлд ямар хугацаанд явуулах, тэмдэглэл хэрхэн хөтлөх гээд бүх зүйлийг тодорхой болгосон байна. Хуульд зааснаар төрийн болон төрийн бус байгууллага мэргэжлийн холбоо үйл ажиллагааныхаа чиглэлийн дагуу тухайн салбарын эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг шийдвэрлэх эвлэрүүлэн зуучлагчийг ажиллуулж болох ба зуучлагчаар дээд боловсролтой, эвлэрүүлэн зуучлагчийн сургалтад хамрагдан эрхийн гэрчилгээ авсан, тухайн чиглэлийн асуудлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах эвлэрүүлэн зуучлагчийн нэрийн жагсаалтад бүртгэгдсэн мэргэшсэн эвлэрүүлэн зуучлагчийг ажиллуулах юм.
4
Ер нь маргааныг шүүх дээр шийдэх буюу албадлагаар шийдэх нь асуудлыг дуусгавар болгохоос илүүтэй маргааныг далд байдалд буюу дахин заргалдах, нэгийгээ давж гарах гэсэн өсөрхөх санаа бэхжих шатруу нь түлхэж өгдөг сөрөг нөлөөтэй байдаг талаар хуульчид хэлдэг. Шүүхээр маргаанаа шийдүүлэх нь талуудад санхүүгийн хувьд таатай биш, зарлага ихтэй ажил болдог. Шүүхийн зардал, өмгөөлөгчийн хөлс, шийдвэр гүйцэтгэх ажиллаганы зардал урамшуулал зэрэг бодит зардлууд шууд халааснаас гарна. Талууд шүүхээр явснаар ийн хөрөнгийн илүү зардал гаргаж, цаг заваа алдаж, сэтгэл зүйн хувьд хохирох бол нөгөө талд нь шүүхийн ачаалал эрс нэмэгдэж шүүхийн үйлчилгээний чанар хүртээмж муудахад нөлөөлж байдаг. Хүмүүс эвлэрэн ойлголцож хэрэг маргаанаа шийдэхийг эрмэлзэх нь нийгэмд ч эерэг уур амьсгалыг нэмэгдүүлж байгаа хэрэг юм.
5
Бид аливаа хэрэг маргаанд эвдэрлийг бус эвлэрлийг сонгох нь аль ч цаг үед нээлттэй байсаар ирсэн. Хуулинд заасан иргэний эрх зүйн маргаан , хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан болон гэр бүлийн харилцаанаас үүссэн аливаа маргаанаа эвлэрлээр шийдэж нийгэмдээ тааламжтай уур амьсгал бүрдүүлэхийг уриалах байна. Хувийн нууцаа хадгалсан байдалд талуудын хэн нэгний шууд нөлөөлөлгүй, эрх зүйн мэдлэгтэй эвлэрүүлэн зуучлагчаар туслуулан маргалдагч талтайгаа ширээний ард суухыг зориорой. Иргэн бидэнд хэн хэнийхээ ашиг сонирхол, сэтгэл ханамжийг хадгалсан, шудрага ёсыг хангасан хамтын тохиролцоонд хүрч, хоорондын маргаанаа эвлэрээд шийдчих боломж хуулийн дагуу нээлттэй болсон байна.
5
Шүүхийн босгоор өргөдөл барьж орсон бол “эвлэрүүлэн зуучлагч” гэсэн хаягтай хаалгыг нэг тогшоод үзээрэй.
5
П.Баярхүү /тоймч/
Уншиж байна |