Монгол хэлний зөв бичих дүрмэнд өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа гэнэ, өвгөд. Эдээрээ оролдвол эвдлэхийн цондон гэдгийг илүү ихээр мэддэг хүмүүс ийм зүйл хийж суудаг, тэд зөнөө юм болов уу. Үнэн хэрэгтээ хэсэг бүлэг хүмүүсийн гаргасан тэнэглэл нийт олонд халтай байдаг. Дунд сургуульд байхад манай дээд үеийнхэн бичиг үсэг тайлагдаагүй шахам төгсч байсныг санаж байна. Учир нь тэднийг кирилл үсгээ арай ядан тайлж байхад нь монгол бичиг зааж жинхэнэ золиос болгосон. Кирилл ч үгүй, монгол ч үгүй нөхдүүдийг багш нар нь мал хэмээн цоллож, улсын шалгалтаа арай ядан давж байсан баримт өнөөдөр ч сургуулийн архивт бий. Сургуулийн түүхэн дэх хар толбо гээд устгачихаагүй бол шүү дээ. Энэ түүх дахин давтагдах бололтой. Дөнгөж сургуульд орж байгаа хүүхдэд 35 үсгийг цээжилж, өөр хооронд нь холбох амар даваа биш. Гэтэл арай гэж наана цаанатай болж байтал Ь, Ъ, Щ, Й гэсэн үсэг орсон үг бүр буруудаж, улаан балаар эрээчүүлэх нь. Төгсөх ангийнхан ямар азаар тест бөглөдөг болсон юм. Дээхнэ үеийн шиг бичгээр шалгалт авдаг байсан бол хуруугаар өлгөх нэгэн олдохгүй дээ. Үр хүүхдийнхээ мэдлэг боловсролоор ингэж л тоглох бололтой.
6
Ер нь 2.9 сая монголчуудын нийтээрээ хэрэглэдэг дүрмийг хэдхэн хүн өөрчилдөг нь ямар учиртай юм. Хэсэг байж байгаад л өөрчлөгдсөн, та нар ингэж бич гэх. Бичиг үсэг гэдэг хэдхэн хүний зугаагаа гаргадаг тоглоом юм уу, хаашаа юм. Ажил хийсэн нэр зүүхийн төлөө бусдын эрх ашгийг хөндөх нь зүйд нийцэж байна уу? Бичиг үсэг чинь улс орны тусгаар тогтнолтой холбогддог гээ биз дээ. Тэгвэл энэ хэдэн өвгөд чинь Монгол Улсын тусгаар тогтнолоор оролдоод байгаа юм биш үү. Өөрсдийгөө эрдэмтэн мэргэд гэж нэрлэж болно. Гэхдээ Дамдинсүрэнгээс давж сэтгэнэ гэдэг юу л бол. Ямар нэг зүйл хийж байгаа, хийсэн мэт харагдахыг хүсээд байгаа бол одоогийн дүрмээр хэрхэн зөв бичихийг яривал илүү хөрсөнд буух биш үү. Үнэн хэрэгтээ бид 20, 30 жил мөрдсөн дүрмээ хэрхэн хэрэглэдэг билээ. Авах юмгүй алдаатай бичдэгээ хүлээн зөвшөөрнө биз дээ. Бүгдийн нүдэнд ил байдгаараа сэтгүүлчид л гоочлуулдаг болохоос бүгдээрээ зөв бичиж чаддаггүй нь бодит үнэн. 1980-аад оноос хойш гартаа оруулж чадаагүй дүрмийг өөрчилж, бичиг үсэг тайлагдсан тайлагдаагүй нь мэдэгдэхгүй иргэдээр дүүрэх нь, Монгол Улс.
6
Тэгж баихаар бүгдээрээ дор бүрнээ өөрсдиин гэсэн бичигтэи болии. Дур дураараа л бичицгээе. Нэгэнт л дуртаи нэг нь хүссэн цагтаа өөрчилдөг юм чини дүрэм энэ тэрд баригдаж яадгиин. Зөв буруу гэж биенээ ч чичлэхгүи. Тэгээд бас бүгдээрээ гадаад нэртэи болии, англи ч юм уу. Өөрчлөгдөхгүи ш дээ, амар. Хэл шинжлэл энэ тэриин ч хэрэггүи. Юу хиихээ мэддэггүи хүмүүсээр юугаа ч шинжлүүлэхиин. Ер нь дунд сургуулиин хичээлиин програмаас монгол хэлнии хичээлииг авах хэрэгтэи баина. Юугаа заахын, шал дэмии хүүхдүүдиин толгои эргүүлэхиин нэмэр. Зоргоороо л амидарии, саихан ардчилсан ниигэм ш дээ.
6
В.Хэрлэн