Энэ оны нэгдсэн төсөвт тодотгол хийх хуулийн төслийг хэлэлцэх үеэр нэгэн гишүүн нь ангийн нөхдийнхөө хариуцлагагүй байдлыг шүүмжилж хатуу үг дуугарч чухам үнэнийг асуусан. Гишүүн Р.Амаржаргал 2013 оны төсөвт тодотгол хийх болсонд “УИХ өөрөө буруутай, үүний төлөө хариуцлага хэн хүлээх вэ” гэсэн асуудал тавьсан.
6
Тэрбээр “2013 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байгаа байдлыг харахад өнгөрсөн жил Сангийн яам ханатай төсөл УИХ-д оруулж ирж байсан. Гагцхүү УИХ өөрөө төсвийг хэлэлцэх явцдаа 1.4 их наяд төгрөгөөр хөөсрүүлсэн. Үүнийг УИХ хийсэн. Өөрөөр хэлбэл, энэ хэмжээний мөнгийг сүйтгэсэн, энэний төлөө өнөөдөр хэн хариуцлага хүлээх вэ. Ямар нэг субьект байна уу. Юу л байна мөнгө байна, хөдөө орон нутаг яваад ир, хийх ажлын жагсаалтаа гаргаад ир гээд ярьж байсан сайд өнөөдөр хариуцлага хүлээх үү. Оюутолгойтой гэрээ хийгээд 450 тэрбум төгрөгийг оруулаад ирнэ, чадахгүй бол огцорно гэж ярьж байсан сайд хариуцлага хүлээх үү. 2013 оны төсвийг 20-30 хувиар өсгөөд байхад эвлэрээд баталж байсан Ерөнхий сайд, Сангийн сайд нар хариуцлага хүлээхгүй юм уу. Мөн ийм хөөсрүүлсэн төсөв баталсан УИХ дахь олонхийн бүлэг, Төсвийн байнгын хорооны дарга хариуцлага хүлээхгүй юм уу. Сөрөг хүчнийхээ амыг нь таглачихаад, бүлэг байгуулахгүйгээр 2013 оны төсвийг баталж байсан УИХ-ын дарга хариуцлага хүлээх үү. Тухайн үед би 2013 оны төсөвт эсрэг санал өгч байсан. Гэсэн ч өнөөдөр УИХ-ын гишүүнээсээ татгалзахад бэлэн байна. Монголын эдийн засгаар тоглочихоод юу ч болоогүй юм шиг царайлаад сууж болохгүй” гэж бухимдлаа илэрхийлсэн. Р.Амаржаргал гишүүн хэлсэн үгэндээ эзэн болж хариуцлага үүрэхийн үлгэр үзүүлж гишүүнээсээ татгалзах өргөдлөө Их хурлын даргад өргөн барьж шуугиан дэгдээгээд байна.
5
Их хурлын гишүүнээсээ татгалзах бол шинэ зүйл биш. Урьд нэр бүхий гишүүд татгалзаж өргөдлөө өгч л байсан. Голдуу л хувийн шалтгаантай чөлөөлөгдөх хүсэлт байсан санагдана. Энэ удаад Р.Амаржаргал гэдэг хүн хариуцлагагүй Их хурлын өмнөөс өөр дээрээ арга хэмжээ авч УИХ-ын гишүүний сэнтийгээ орхино гэснээрээ олны анхаарлыг татлаа. Ангийнх нь нөхөд ахиад яаж эндээ үлдэх вэ гэж одооноос бодож шаналж явахад нэг эх оронч нөхөр одоо гарлаа, явлаа гэж байгаа нь яавч таатай уур амьсгалыг Их хурлын тогоонд авчрахгүй.
5
Олон мянган сонгогчийн эрх ашиг итгэлийг хөсөрдүүллээ, тэднийгээ үл ойшоолоо гээд л улс төрийн зоримог шийдвэрийг нь бүдгэрүүлэх хар утааг хэвлэлээр тавьж эхэлсэн л байна. Улс төрийн өнцгөөс харахад парламент дахь 2 намын харьцаа ойрхон байгаа нөхцөлд энэхүү сайн дураараа онгойх нэг суудал нь улс төрийн намуудад шинэ нөхцөл байдал, хөдөлгөөнийг үүсгэж болох л юм. Нөхөн сонгуулийн төсөөлөл ч яригдаж эхэлсэн байна. Нэгэнт гишүүн халагдах өргөдлөө өргөн барьсан болохоор хуулийн дагуу Их хурал хэлэлцэж шийдвэрлэх болно. Р.Амаржаргал гишүүн үлддэг ч бай, явдаг ч бай гишүүд, эрх баригчид алдааныхаа төлөө иргэдийн өмнө адил хариуцлага хүлээж чадахгүй бол хаалгаар гараад явцгаая гэж уриалж чадлаа.
5
Нэлээн эрт гишүүнээсээ татгалзах яриа эхлүүлсэн Р.Амаржаргал төсвийн хэлэлцүүлэг ид явж байхад чөлөөлөгдөх өргөдлөө өргөн барьсан нь ч тохиолдол биш биз. Энэ долоо хоногт 2014 оны төсөв батлагдах ёстой. Хоёрдох хэлэлцүүлгээ хийж батлагдах зам нь шуудраад байгаа төсвийн төсөл 2012 оныхоосоо нэг их дээрдсэн төсөв болж чадахгүй нь гэсэн цөхрөлийг бий болгоод байна. Үүнд нь сануулга илгээж хариуцлагагүй байдлаа үргэлжлүүлж, хөөсөрсөн тохиролцсон төсөв баталж байгаад эсэргүүцлээ илэрхийлсэн ч байх. Батлагдахаар яарч байгаа төсөвт асуудал их байгаа талаарх шүүмж хөвөрсөөр байна. 1700 гараад тогтчихоод буй ам.долларыг ирэх онд 1384 төгрөгөөр байхаар тооцоод байгаа нь эдийн засагч байтугай жирийн иргэнийг ч гайхшруулаад байгаа.
5
Засгийн газар гадаад өрийн хэмжээг 70 шахам хувиар эрс нэмэгдүүлсэн байгаа. Засгийн газар Олон улсын санхүүгийн зах зээлээс 1.5 тэрбум ам.долларын "Чингис" бонд босгосон. Ихэнх нь бүтээн байгуулалтад зарцуулагдсан байгаа энэ бондын зарцуулалт Төсвийн тухай хууль зөрчин, төсвөөс гадуур зарцуулагдаж байгаа гэсэн шүүмжлэл байхад, ирэх жил дахин 2.1 тэрбум ам.долларын бонд босгох, дотоод зах зээлд 1.4 их наяд төгрөгийн Засгийн газрын үнэт цаас арилжаалахаар төлөвлөсөн байгаа юм. Дахин их хэмжээний зээл авахын тулд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар улсын нийт өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээг “2014 онд 40 хувиас хэтрэхгүй байх”-аар тогтоосныг “60 хувь” болгон өөрчлөлт оруулах төслийг зүтгүүлж байгаа юм байна. Нийт өрийн хэмжээг ДНБ-ий 60 хувь болгож өсгөх нь сүүлийн 2 жил дараалан буураад байгаа Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дахин ухраахад хүргэнэ. Ингэснээрээ Монголд хийгдэх хөрөнгө оруулалт буурах, одоогоор хийгдсэн хөрөнгө оруулалтын эрсдэл улам бүр нэмэгдэнэ гэсэн сөрөг хүчний шүүмжлэлийг Засгийн газар эрх баригчид сонсч анхаарч байгаа гэхэд хэцүү байна.
5
Эцсийн дүнд, сонгуулийн 4 жилээр нь хариуцлага тооцно гэсэн бидний тайвшралын дунд эрх баригчид 4 жил өөрсдийгөө уучилсаар явья гэж шулуудсан юм шиг байна. Алдагдалтай, авилгатай төсвөө дараа жил засчихна, бухимдсан хямарсан олныг сонгууль тулахаар аргалчихна гэсээр 4 жилийн турш нэг л бууриндаа эргэлдэж, төсвийн мөнгөөр тоглож, өрийн багцаа улам нэмэгдүүлж байгаа улстөрчдөд Р.Амаржаргал гишүүний араас алхаад марш гэж хэлмээр байна.
5
П.Баярхүү /тоймч/