Нэг айлын байшин хоёр удаа шатвал юу гэж ойлгох уу. Цахилгаанаасаа болж шатаад байнаа гээд байхад дахиад хужаа утсаар тог татсан усан тэнэг гэх үү, нэг бол азгүй мэнгэ нь голлосон гэх үү. Салсан нөхөр нь юм уу, өс санасан нэг нь ирж шатаагаад байна ч гэж магадгүй зөндөө л олон янзаар тайлбарлана.
6
Зуун хувийн шахуу импортын бараа таваараар болж байдаг Монголчуудын олон хүний амьдралыг авч явдаг нэг том зах шатаж, гал дуудаад болохоо байсан юм байна. Наймдугаар сарын сүүлчээр Нарантуул ОУ-ын худалдааны төвийн хүнсний хэсэг шатсан. Хэвлэлийнхэн хэд хоног ярих юмтай болж Алтжингийн бөмбөгөрийн галын сүнсийг дахин амилуулж, урьдын том галаас авч үлдсэн туршлага болоод сургамжаа нэгтгэн хохирлыг яах талаар баахан шуугиж эхэлсэн.
6
Гал юунаас гарсныг сонсч байж дахин энэ удаа хэлэлцэх нь зөв гэж албаныхан хэлсэн тул тэгсгээд шуугихаа түр намжсан. Эхний галаас 4 тэрбум орчим төгрөгийн хохирол тогтоогдож байгаа дуулдсан. Гэтэл гал бас сүлжээгээр нь халдварладаг болсон бололтой. “Нарантуул-2” мөн шатаж гай дагуулав. Гай нь биднээс хол ч тэнд байсан энгийн наймаа эрхэлдэг иргэдийн нуруун дээр ирж байгаа нь тодорхой. Захын эзэн босс Ш.Сайхансамбуу ч гэсэн алтан загас биш, хүн юм болохоор эд материал сэтгэл санааны хохирол хүлээж асуудалтай болоод байгаа. Хоёр галын шалтгаан адилхан цахилгаанаас үүдэлтэй гэжээ. Одоо хуулийнхан хоёрдох галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар албаныхан цахилгаанаас болсон гэж үзэж байна гэж мэдэгдэж. Халуурсан бол хоолой, хагалуулсан бол олгой гэдэг шиг шатсан бол цахилгааны утас гэж хэлдэг болох гээд байна.
6
Хов жив хөөлгүй факт ярихад Ш.Сайхансамбуу гэдэг эзэнтэй Нарантуул гэдэг зах хоёр талд цувран галд автах шахлаа. Галаас гарсан үр дагавар нь мөн адил түрээслэгч иргэд дээр төвлөрч байна. Хойд талынх нь нэг агуулах ч юм уу, саравч, гарааж биш, жирийн иргэд өдөр тутам үйл ажиллагаа явуулж хэдэн төгрөг олдог бараа таваар дүүрэн өрөөтэй лангуунууд байх зааланд л цахилгааны утас монтаж нь халж яг үүр, шөнө дөлөөр гал гаргаад байна. Наймаа хийдэг лангуу түрээсэлдэг байсан иргэд хохирч, эд бараагаа түймэрт алдан бухимдал гомдлоо телевизээр ярих. Олон нийт үүнийг өрөвдөн үзэх ч хэнийг буруутгахаа мэдэхээ болиод байна.
6
Нарантуулын төв зах шатсаны дараа мэргэжлийн хяналтынхан, галынхан гээд хамтарсан том баг явж нийтийн захуудад үзлэг шалгалт хийж дүгнэлт гаргаж томоохон зах, худалдааны төвүүдийн 80 хувь нь хууль зөрчин үйл ажиллагаа явуулдаг байсныг илрүүлж акт тогтоосон талаар мэдээлж байсан. Сая шатдаг “Нарантуул-2” захын гал цахилгааны гэмтлээс болсон бол дээрх нүсэр шалгалтын хаагуур нь сугарч үлдсэн юм бол доо. Төв зах нь шатчихаад, тэрбумаар давсан төгрөгөөр нөхөн төлбөр гарчихаад байхад бусад салбар захуудынхаа аюулгүй байдал, цахилгааны монтажийг шалга, соль, аюулгүй байдлыг ханга гэж хэлэхгүй яваад байхаар тийм хариуцлагагүй дүлий хүн Ш.Сайхансамбуу гуай мөн үү.
6
Хохирсон хүмүүс “Бид одоо яах вэ, хаачих вэ. Хэн миний хохирлыг барагдуулах вэ” гэсэн асуулт дээр зангидагдаж байна. Хариуд нь ойр дотныхон нь “даатгалсан уу, үгүй бол ойлгомжтой Ш.Сайхансамбуу л төлнө шүү дээ” гэж дуу нэгтэй хэлж байгаа байх. Харин Ш.Сайхансамбуу нь “Энэ ойлгомжтой байгаа, санаатай гаргасан гал” гэж тодорхой хүнийг хардаж байгаагаа шууд хэлж байгаа. Улс төр, бизнесийн нөлөө бүхий энэ эрхэм зүгээр л нэг хардах эрхээ эдлээд санаатай гал гэж хөнгөмсгөөр мэдэгдээд байх хүн биш харагддаг.
6
Нэг захирал эзэмшдэг хоёр захыг хамраад байгаа энэ галын цаана нь ямар зөрчил тэмцэл байгаа юм бол гэж шууд асуух цаг болсон байна. Хэрвээ галын цаана хэн нэг нь байгаа бол, ямар нэгэн эрх ашгийн зөрчил тэмцэл явагдаад байгаа бол дараагийн шантаж нь юу байх, түүнд нь дахиад л жирийн иргэн модоо барьж хохирох уу гэдэг асуулт нээлттэй хэвээр байгаад байна.
6
Ш.Сайхансамбуу хэвлэлээр бөөрөнхийлж байхаар, хэн өөрийг нь оролдоод үүндээ жирийн ядарсан иргэдийг хөлдөө чирж гал тавиад байгаа талаарх хардлагаа ил болгож энэ цуврал галд цэг тавих цаг болсон байна. Хэрвээ Ш.Сайхансамбуу хэн нэгэнтэй тэмцэж байгаа бол түүнийг ялагдах хүртэл энэ мэт гал гарч хүмүүс хохирсоор байх уу гэдэг нь олон хүний санааг зовоож байна.
6
Хоёр захад гарсан энэ галын хэрэг олон иргэдийн амьжиргаа, амьдралын асуудал болоод байгаа учраас, мөн цуврал гал болоод байгаа учир, цаашид дахин гал гарахгүй гэх баталгаагүй болоод байгаа тул нийтээрээ анхаарал хандуулж байна. Ш.Сайхансамбуу та хардах эрхээ 100 хувь эдэлж энэ галд цэг тавих цаг нь болжээ.
7
П.Баярхүү /тоймч/