Сүүлийн үед уул уурхай эрхлэгчдийн анхаарлыг ихээхэн татаж, алт нүүрс зэрэг ашигт малтмалуудаас дутахгүй яригдах болсон баялаг бол шатдаг занар. Шатдаг занар нь нүүрсээс дутахааргүй илчлэгтэй, задрал сайтай ашигт малтмал юм. Тус бүтээгдэхүүнийг дангаар нь ашиглаж, эрчим хүч, түлшний асуудлаа төвөггүйхнээр шийддэг улс орон олон байдаг. Манай оронд шатдаг занарын нөөц арвин бий гэдгийг эрдэмтэд олон жилийн өмнө баталсан. Манай улс өдий хүртэл уг баялгийг тоодоггүй байсны учир нь 1980-1990 оны үед шатдаг занарыг ашигтайд тооцдоггүй байсанд оршиж байгаа юм. Гэсэн хэдий ч хүрэн нүүрс, шатдаг занарыг боловсруулах асуудал дэлхийн том гүрнүүдийн анхаарлыг татаж байгаа тул чухал судалгааны ажил болж хувирсан байна. Түүнчлэн Америк, Хятад зэрэг том гүрнүүд шатдаг занарыг боловсруулж шингэн түлш үйлдвэрлэх асуудлыг ирээдүйд хийх том зорилт гэж тодорхойлсон байна.
5
Хорин нэгдүгээр зуун бол нефть, химийн бүтээгдэхүүний зуун болно гэж эрдэмтэд үздэг. Өмнө нь ганцхан манай улс ч гэхгүй дэлхий нийтээрээ шатдаг занарыг тоодоггүй байсан. Харин одоо занарын нөөцөө ашиглаж, химийн бүтээгдэхүүн болоод шингэн түлшний үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, нефтийн бүтээгдэхүүнээс хамааралтай байдлаа арилгах, үндэсний аюулгүй байдлаа хамгаалах чухал шаардлага тулгараад байгаа юм. Манай улсын төр засаг шатдаг занарыг ашиглах талаар төрийн бодлогын загвар боловсруулж, гүн боловсруулалт хийх асуудлыг судалж, санал боловсруулах ажлын хэсгийг ч мөн байгуулсан.
4
Шатдаг занар нь “Шатах ашигт малтмал”-ын ангилалд багтдаг бөгөөд хатуу түлшний өргөн тархалттай их нөөцтэй нэгэн төрөл юм. Шатдаг занар гэдэг нь жар хүртэлх хувийн кероген хэмээх органик бодисыг агуулсан шаварлаг тунамал чулуулаг юм. Занарын органик хэсэгт агуулагдах устөрөгчийн хэмжээ нь бүх төрлийн нүүрснийхээс их, давирхай нь бүтэц найрлагын хувьд түүхий газрын тостой ойролцоо байдаг тул занараас газрын тосны бүтээгдэхүүн гаргаж авах боломжтой байдаг. Шатдаг занар бага температурт өндөр даралт шаардахгүйгээр шууд задардаг тул технологийн боловсруулалт хийхэд ч хялбар байдаг байна. Занарын энэ шинж чанарыг түшиглэн шингэн түлш гаргаж авахад тохиромжтой түүхий эд гэж үздэг.
4
Дэлхийн олон улс шатдаг занарыг өргөнөөр хэрэглэдэг талаар бид өмнө нь өгүүлж байсан. Тэдний нэг нь Балтийн тэнгисийн эргийн Эстони улс. Тус улс газрын хөрсөндөө шатдаг занараас өөр баялаггүй. Тиймдээ ч тэд чөдрийн ганцаа ашиглах технологийг сайтар хөгжүүлж чадсан байдаг юм. Манай цахилгаан станцууд элбэг нөөцтэй хүрэн нүүрсээр эрчим хүч үйлдвэрлэдэг шиг Эстоничууд станцуудаа шатдаг занараар галладаг. Түүнчлэн усан онгоцныхоо бүх түлшийг өөрсдөө үйлдвэрлэдэг байна. Энэ мэтээр олон улс шатдаг занараар эрчим хүчнийхээ хэрэгцээг хангадаг. Учир нь тэдэнд өөр ашигт малтмалын нөөц байхгүйд оршиж байгаа юм. Харин манай улс өдийг хүртэл шатдаг занарыг ашиглах талаар төдийлөн идэвхитэй арга хэмжээ авахгүй байгаа нь манайд асар их нүүрсний нөөц байгаатай холбоотой гэж хэлж болно. Гэхдээ ундардаг ус татраад байхад ундардаггүй нүүрс хэвэндээ байна гэж байхгүй. Өөрөөр хэлбэл манай улс удахгүй шатдаг занарыг шүтэж эхэлнэ гэсэн үг юм. Шатдаг занарыг бид амьтны үлдэгдлийн замгаас үүсдэг гэж ярьсан. Тэгвэл түүнээс гадна нуур, далайн булангийн ёроолын органик бодисын геохимийн өөрчлөлтийн үр дүнд ч мөн үүсдэг байна. Дэлхийд дөрвөн зуун тавин триллон тонн шатдаг занарын нөөц бий гэж судлаачид үздэг. Түүнчлэн Занараас нефтьтэй төстэй бүтэцтэй занарын давирхай гаргаж болдог байна. Тус давирхайн нөөцийг хорин таван триллион тонн бий гэсэн тооцоог судлаачид гаргажээ.
5
Манай улсад Хөгшин Орхоны шатдаг занар, Дундговийн Баянжаргалан сумын Хөөтийн шатдаг занар зэрэг занарын томоохон ордууд байдаг. Түүнээс гадна манай орны нийт нутаг дэвсгэрт шатдаг занарын жар шахам ордын илэрц илэрсэн байна. Тэдний гол хэсэг нь Говийн гурван аймаг болон Хэнтий, Сүхбаатар, Төв зэрэг найман аймагт байдаг. Харин Зүүнбулагийн шатдаг занарын үндсэн орд нь Архангай аймгийн Хашаат сумын төвөөс зүүн урагш, хөгшин голын шатдаг занарын ордоос зүүн тийш оршдог байна. Тус ордын Ордын урт нь нэг километр орчим бөгөөд нөөц нь 5 сая 300 мянган тонноор яригдана. Үүнээс гадна Баян-Эрхэтийн шатдаг занарын орд газар нь Дорнод Монголын сав газар, Чойр-Нялгын талбайд, Улаанбаатараас зүүн урагш, Дундговийн Баянжаргалан сумын төвөөс зүүн урагш оршиж байна.
5
Дэлхий нийтээр түүхий нефтийн оронд шатдаг занар ашиглахын ач холбогдлыг эрт дээр үеэс мэддэг байсан бөгөөд 1970-аад оны эхээр гарсан нефтийн үнийн өсөлтөөс улбаалан түүнийг олборлож үйлдвэрлэх нь эдийн засгийн хувьд ашигтай болж эхэлсэн байна. Үүнээс үүдэн дэлхийн томоохон гүрнүүд Шатдаг занарын салбарт нэлээд хүч хөрөнгийг чиглүүлж эхэлжээ. Япончууд 1980 онд дэлхийн газрын тос, байгалийн хийн нөөцөд дүн шинжилгээ хийгээд 2015 он гэхэд дуусна гэсэн таамаг дэвшүүлсэн байдаг. Энэ таамаг гарснаар дэлхий нийт дараагийн шатах тослох материал ялгаж авч болох түүхий эдийг хайсан. Ингээд дэлхий даяар 2000-аад оныг хүртэл шатдаг чанарын ордын хайгуул хийж, хэрхэн ашиглаж болохыг судалж эхэлсэн гэдэг.
5
Тэр үед Манай улс ч зүгээр суугаагүй байна. Учир нь тухайн үед Манай улс шатахуунаа 100 хувь Оросын холбооны улсаас авдаг байсан. Тухайн үеийн Сайд нарын Зөвлөл хуралдаад шатдаг занараас шатахуун гаргаж авах боломжийг хай, төмөр замын дагуу ямар баялаг орд байгааг тогтоо гэсэн үүргийг геологичдод өгч байсан гэдэг. Үүнээс өмнө Оросын геологчид 1940-өөд оны дундуур Төв, Дундговь аймгийн залгаа нутгаар шатдаг занарын томоохон ордууд байгааг нь урдчилсан байдлаар тогтоосон түүхтэй. Манай улсын геологичид 1983-1985 онд тус сав нутагт судалгаа хийж Дундговь, Төв аймгийн залгаа нутагт Ээдэмт, Хөмүүлтийн хөндий, Баян-Эрх уулын хаяа, Шавар даваа зэрэг баялаг ордуудыг нээж байжээ.
5
Тэд нийт 50 гаруй орд илрүүлснээс баялаг нөөцтэй нь сая нэр дурдсан ордууд байсан байна. Ордуудыг нээсний дараа тухайн үеийн Засгийн газрын төлөөлөгчид Эстони улсыг зорьж шатдаг занарыг хэрхэн ашигладгийг нүдээр үзсэн байна. Манай улсын шинжлүүлсэн 200 гаруй шатдаг занарын дээжээс дунджаар долоон хувийн давирхай ялгарсан нь шатдаг занарыг бүтэмжгүй мэт санагдуулсан байна. Иймээс манайд шатдаг занарын судалгааны ажил нэг хэсэг намжсан. Харин одоо шатдаг занарыг боловсруулах тал дээр ихээхэн анхаарал хандуулж тус ашигт малтмалыг боловсруулсанаар гарах давуу болон сул талын талаар идэвхитэй ярих болжээ. Нүүрснээс илүүтэй энэ ашигт малтмал хөгжлийн түүчээг хурдасгах цаг нь иржээ.
5
Н.Бадамжав