Улс сайхан хөгжиж байна л гэдэг. Харамсалтай нь бодит байдал огт өөр дүр зурагтай байх юм даа. Хүн амын амьжиргааны түвшний түүвэр судалгааны дүнгээр ядуу, нэн ядуу өрх нийт хүн амын 35 хувийг, ядуу бус бага орлоготой өрх 27 хувийг эзлэж байна гэсэн дүн гарчээ. Иргэний нийгмийн байгууллагын судалгаагаар тэдний амьжиргааны төвшин улам бүр буурч, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөнд сүүлийн гурван жилийн туршид ямагт нэрвэгдсээр ирсэн байх юм.
:
Өнөөдөр улсын дунджаар хөдөлмөрийн насны хүн амын 70 гаруй хувь нь хөдөлмөр эрхэлж 16 гаруй хувь нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй гэнэ. Хот, суурин газрын хөдөлмөрийн насны ядуу хүн амын 40 гаруй хувь ажилгүй байгаа нь улсын дунджаас 20 гаруй нэгжээр өндөр байна. Өнөөдрийн байдлаар нэн ядуу өрхийн 38 хувь нь хотод, ядуу өрхийн тавь гаруй хувь, ядуу бус бага орлоготой өрхийн тавь гаруй хувь нь орон нутагт оршин суудаг. Үүнээс харахад эдийн засгийн өсөлт энгийн иргэдэд огт хүртээлгүй зүйл болон хувирчээ.
:
Ялангуяа өрх толгойлсон эмэгтэйчүүд ачааны хүндийг үүрч байгаа нь нэн ядуу өрхийн 30 гаруй хувь, ядуу өрхийн 20 гаруй хувийг өрх толгойлсон эмэгтэйчүүд эзлэж байгаагаас харагдаж байгаа юм. Зөвхөн нийслэлд гэхэд 28 мянган эмэгтэй өрх толгойлж байх жишээтэй. Тэдний дийлэнх нь гурваас дөрвөн хүүхэдтэй. Амьдралын хэцүү бэрхийг даван туулах боломж, чадвар байхгүйгээс өрх толгойлсон эмэгтэйчүүдийн 80 гаруй хувь нь ядуу, 20 орчим хувь нь нэн ядуу амьдарч байна. Өөрөөр хэлбэл, боломжийн амьдралтай өрх толгойлсон эмэгтэй бараг л байхгүй. Тэд айлын хаяа бараадаж, түрээсийн байранд амьдарч, орцны жижүүр хийж, зарим нь траншейгаар үр хүүхдээ дагуулан амьдарч, хог ухан, хоног өдрийг аргацааж байна.
:
Өнөөдрийн байдлаар орон даяар 80 гаруй мянган эмэгтэй өрх толгойлон амьдарч, тэдний гар дээр 350 мянга гаруй хүүхэд өсч, хүмүүжиж байна. Эмэгтэйчүүд өрх толгойлох болсон олон шалтгааны нэг нь гэр бүл салалт. Тиймдээ ч шүүхээр орж байгаа нийт хэргийн 30 хувийг гэр бүл салалт эзэлж байна. Гэр бүлийн хүн нь хаяж явсан, нөхөр нь архинд донтсон болон бусад шалтгаанаас болж өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо жилд 3-4 мянгаар нэмэгддэг. 1990 оноос хойш салсан гэр бүлийн 70 гаруй хувь нь 0-15 насны хүүхэдтэй гэсэн тоо судалгаа ч байдаг.
.
Тэгвэл өнөөдөр энэ тоо хэд болж өссөнийг хэлэхэд бэрх. Гэрлэлт өмнөх оныхоос дөрөв гаруй хувиар нэмэгдсэн хэдий ч гэр бүл цуцлалт 30 гаруй хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн хувьд орон байрны асуудал, өрхийн орлого, хүүхдүүдийнх нь боловсрол хүмүүжил, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэндийн үйлчилгээ гээд амьдралын нарийн ширийнийг тоочоод байвал асуудал олон байна. Үүнээс гадна эрэгтэйчүүд амьдралаа дээшлүүлэхийн төлөө өдөр шөнөгүй ажиллаж гэнэтийн аваар осол зэргээс шалтгаалан амь эрсдэж эмэгтэйчүүд өрх толгойлон үлддэг. Мөн өрхийн тэргүүнүүд их мөнгө олно гэж гадаадад гарч олон жилээр ажиллаж эцэст нь ард үлдсэн гэр бүл үр хүүхдээ мартан харийн оронд нутагших нь элбэг болоод байгаа юм. Эдгээр зүйлийн ард эмэгтэйчүүд, хүүхдүүд хохирч өрх толгойлсон эмэгтэй гэх тодотголын эзэн болон зовж амьдарч байна гэж хэлж болно.
.
Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн асуудлыг тусад нь авч үзэхээ больж, нийтэд нь эмзэг бүлгийн иргэд гэх болсон нь нэг талаараа сайн талтай ч нөгөө талаар саар зүйл олон байна. Хэн нэгэн зохиомлоор өрх толгойсон эмэгтэй болж төрөөс үзүүлж байгаа халамж үйлчилгээг хүртэсний золиосонд амьдралын аргагүй шалтгаанаар өрх гэрээ тэжээж яваа эмэгтэйчүүдийг хамруулж болохгүй. Тэдэнд үзүүлэх ёстой халамж үйлчилгээгээ үзүүлэх нь чухал байна.
.
Улсын хэмжээнд дунджаар хүн амын орлогын гуравны нэг нь цалин, тэтгэвэр, тэтгэмжээс бүрддэг. Гэхдээ энэ нь өрхийн байршилаас ихээхэн хамааралтай байдаг байна. Тухайлбал, хот, суурин газрын хүн амын орлогын жар гаруй хувийг цалин, тэтгэвэр, тэтгэмж эзэлж байхад хөдөө орон нутгийн хүн амын орлогын арав хүрэхгүй хувийг цалин, тэтгэвэр, тэтгэмж, жараад хувийг өрхийн аж ахуйн орлого эзэлж байна. Харин ядуу хүмүүсийн орлогын гол эх үүсвэр нь цалин, тэтгэвэр, тэтгэмж байдаг байна. Тэгвэл ямар нэгэн ажил хөдөлмөр эрхэлдэггүй эмзэг бүлгийн иргэдийн орлогын их үүсвэр нь халамжийн тэтгэмж болж байгаа юм.
.
Төрөөс үзүүлж байгаа халамж үйлчилгээ өнөөгийн нийгэмд хангалттай амьдрах хэмжээний биш гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа. Гэхдээ өрх толгойлсон эмэгтэйчүүдэд халамж өгч ажилгүй суулга гэж байгаа юм биш. Амьдралд нь нэмэр болохуйц ажлын байр бий болгож, үр хүүхдүүдийг нь боловсролтой болоход нь дэмжиж ажиллах тал дээр Хөдөлмөр халамжийн яам болон холбогдох газрууд анхаарал тавиж ажиллавал яасан юм бэ? “Эмэгтэй хүн баялгийн уурхай” гээд Монгол улсын Ерөнхийлөгч хэлж байсан удаатай. Тэгэхээр эх орондоо тус нэмэр болох сайн иргэнийг төрүүлж байгаа баялгаа, өрх толгойлсон эмэгтэйчүүдээ төр засаг анхааралдаа авах цаг нэгэнт иржээ.
.
Н.Бадамжав