Жагсаал цуглааны нэг шинэ хэлбэр санал болгомоор санагдлаа. Энэ манайд яах аргагүй шинэ соргог зүйл болно. Орос болоод гадны бусад орнуудад аль хэдийнэ дэлгэрсэн арга ч манайд бол цоо шинэ. Урин цаг ч ирж байна. Тэгээд ч монголчууд моодноос хоцорч болохгүй. Тэгэхээр хэдүүлээ энэ хавар нүцгэн жагсаалын хэлбэрийг моодонд оруулъя. Цээж нүцгэн, хөл нүцгэн, бүтэн нүцгэн ер нь хэлбэрийн хувьд ямар ч байж болно. Биеийн аль нэг хэсэг нүцгэн л байх ёстой. Биеийнхээ ил хэсэгт уриа лоозонгоо бичиж болно. Халуун наранд уриа лоозон барьж зогсох хэцүү ажлыг хөнгөвчилнө шүү дээ. Нэгэнт л хөрөнгө мөнгө гаргадаг юм чинь гоё бие хаатай, бүр загвар өмсдөг охид, залуусыг авчирч болно. Хамгийн гол нь лоозон, шүглээ мартаж болохгүй. Тэгэхгүй бол бикини шоу болчихно ш дээ. Нээрээ амны хаалт, хар нүдний шил зүүж болно, хүч нэмнэ. Нүд хужирлаж, сэтгэл баясгасан сайхан жагсаал болно доо. Г.Уянга гишүүн урилга заллага өгөөд ч хамраа цухуйлгахгүй байсан саарал ордонд суугаа нөхөд ч сонирхохоор гарч ирнэ шүү дээ. Ордныхон ихэнх нь эрчүүд юм чинь жагсаалд оролцогчид хүүхнүүд түлхүү байвал бүр ч янзтай даа.
5
Миний энэ санаачилгыг МАН-ынхан л шүүрч авах хэрэгтэй дээ. Дээл хувцсаа тайч гээд байгаа тэдэнд энэ ёстой яг таг тохирох арга. Тэдний үгийг олон хүн сонсох ач холбогдолтой. Хамгийн чухал нь түүхэнд үлдэх аз завшаан шүү дээ. Монгол Улсын хэмжээнд МАН анх удаа нүцгэн жагсаал зохион байгууллаа гээд л түүхэнд үлдэнэ шүү дээ. Том нэр хүнд. Дээлээ тайл гээд байхад дээлээ өмс гэж хүчийг нь сулруулаад байгаа С.Жавхлангийн цуглааныг бут авна шүү дээ. Хажууд МУГЖ С.Жавхлан “Хар хархан харцаа” дуулаад ч нэмэргүй л гэсэн үг. МАН-ынханд дахин хэлье, манайдаа л цоо шинэ зүйл шүү. Дээлээ тайл гэсэн утга санааг чинь үүнээс илүү төгс төгөлдөр илэрхийлэх арга өөр хаана ч байхгүй.
4
Ингэж нэг шинэ арга хэлбэр гаргахгүй бол энэ жагсаал цуглааныг хашааны банхар ч тоохоо байлаа. Ядаж байхад хаврын синдром гэж нэрлэчихсэн. Өвөө эмээ нар хэсэг нарлаж байгаад л тардаг, нэг тийм юу ч юм бэ дээ. Сүүлдээ энэ төв талбайг чинь нарладаг газар билүү гэж андуурах нь байна ш дээ. МАН-ынхан гарч ирээд дээлээ тайл гээд хэсэг орилно. С.Жавхлан хүрч ирээд дээлээ өмс гэнэ. Өмсөөд, тайчаад гэсэн командыг гүйцэтгэх юм уу, ёстой бүү мэд. Ингээд л эргэлзээ төрүүлээд байгаа учраас л МАН-д үгээ хүчтэй болгох шинэ арга хэлж өгөөд байгаа юм.
4
Одоо л шинэ зүйл гаргахгүй бол манайхан жагсаал цуглаанаас бүр залхчихаж. Сандалтай, буйдантай, трактортой, поошигтой, морьтой, богино банзалтай, дээлтэй, дээлгүй гээд янз бүрийн тавилттай жагсаал үзсээр байгаад. Улаан лооль, поошиг, нум сум, шүглээр хачирлаад ч нэмэргүй, улиг болчихсон. Тайван, нэг минут дуугүй зогсдог энэ тэр бол бүр ч хэрэггүй. Хийх байхаа олж ядсан нөхөд харин ч бүр муугаар хэлэгдэнэ. Тэгэхээр нүцгэн жагсаал л анхаарал татах хамгийн зөв арга. Хэн ч тоодоггүй бүр түвэгшээдэг байсан жагсаал цуглаан өнгө ороод, өргөжөөд л явчихна. Нийслэлчүүд бүгдээрээ төв талбайд цуглаж ч магадгүй шүү. Хүссэн бүхэн нүцгэлж болно. Гэхдээ жагсаалын үзэл санааг дэмжихгүй байгаа бол өвлийн өдөн куртикаа өмсөөд ирсэн ч буруутгахгүй л дээ.
5
В.Хэрлэн