Н.Батцэрэг дарга /МҮАН-МАХН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга, УИХ-ын гишүүн/ нэгэнтээ телевизээр ярилцлага өгөхдөө цаашдаа ер нь энэ гурван нам /АН,МАН,МАХН/ сонгогчдын саналыг авч явах төлөв байдал харагдаж байна гэсэн утгатай зүйлийг ярьж байхыг сонсож байлаа. Эрхмүүд засгийн газарт орж суусан энэ таатай нөхцлөөсөө салах тун дургүй болсныг үүнээс харж болно. Яг энэ санаан дээр сонгуулийн шинэ хууль, улс төрийн намуудын тухай хуулийн төсөл боловсрогдож байж болох сэжгийг төрүүлж байна. Нар, сар, од гурав гэдэг шиг монголын төрд гурван нам ээлжлэн сонгогдох нь таатай гэж үзэх болсон зарим нэг хүн байна. Ер нь шударга ёс эвслийн зарим нөхөд шударга бус явдалд дагаар орж МАНАН дунд уусан алга болохоор шийдсэн байхыг үгүйсгэх арга алга. Хуулийн засаглал тогтоож, шударга ёсыг хангах гэсэн Х.Тэмүүжинг зогсоох үйл ажиллагаа О.Баасанхүү гэдэг шударга ёс бүлгийн гишүүний санаачилгаар эхлэж байх жишээтэй.
6
Хуульч энэ эрхмийг одоогоос хоёр жилийн өмнө хаврын нэг шөнө цэнхэр дэлгэцээр баахан гарснаар олон хүн таньдаг болсон. Гурав дахь ерөнхийлөгч Н.Энхбаярыг баривчлах хуулийнхны болхи ажиллагааны үеэр телевиз хэвлэлээр Баасанхүү ба Амарбат гэсэн дуэт болж байсан. Тухайн үед монголын хар шар бүх хэвлэл сайт телевиз зөвхөн О.Баасанхүү гэдэг хүний мэдэгдлийг хүлээж суудаг хэсэгхэн үе байлаа. Учир нь О.Баасанхүү зурагт хэвлэлээр улс төрийн зорилгоор хуулийг хэрхэн зөрчиж хүний эрхийг зөрчиж байгаа талаар шударга үнэнийг зоримог хэлдэг байсан юм. Тухайн үед иргэд Н.Энхбаяр гэж хүнийг баривчлах нь зөв буруу гэдэг дээр санал хуваагдаж байсан ч хүчний байгууллага улс төрийн захиалгаар ажиллаж болохгүй, хууль журмын дагуу үйл ажиллагаа явуулах ёстой, хүний эрхийг хангаж ажиллах ёстой гэсэн өмгөөлөгч О.Баасанхүүгийн талд бол нэг мөр тууштай байсан. Харин одоо Н.Энхбаяр дарга нь харьд эмчилгээнд, өмгөөлөгч хүү төрийн түшээ болсон төдийгүй өөрийнх нь тууштай шүүмжлэн бухимдаж явсан хууль хүчний байгууллагын алдаа оноог тунгааж өөрчлөлт хийж салхи оруулахаар хөдөлсөн сайд Тэмүүжингээ огцруулах хүсэлт өргөн барьчихаад байж байгаа. Үүнийг нь нүдээрээ харж чихээрээ сонссон иргэд хэлэх үггүй гайхаж учрыг нь олох гэж харзнаж сууна.
6
Х.Тэмүүжингийн эхлүүлсэн хууль эрх зүйн шинэчлэл амар хялбар явахгүй нь эхнээсээ тодорхой байсан. Хуульч нарыг нийгмийн эмч нар гэдэг. Тэдний нэг нь монголын нийгмийг өвтгөж байгаа том ёзоор шүдийг нээж эмчлье гэсэн. Энэ эмчилгээгээр өнөөдөр бий болсон эрх мэдлийн тэгш биш хуваарилалт, төрийн институцууд бизнесийн бүлэглэлүүдийн гарт орсон байдал, шударга ёсны хэм хэмжээ дунд доод түвшинд үйлчлэхээ байсан зэрэг сөрөг үзэгдлийг халах суурь шинэчлэл хийгдэх байлаа. Энэ өөрчлөлтийг жагсаал цуглаан бослого тэмцлээр биш, цахимжсан сонгуулиар ч биш гагцхүү хууль эрх зүйн шинэтгэлээр хийж болох ганц гарц үлдээд байсан гэхэд хилсдэхгүй. Намын засаглалаас хуулийн засаглалд шилжих Х.Тэмүүжингийн шинэчлэл хийгдэж чадвал төсвийг парацитлаж амьдарч байгаа цагаан захтнуудад ч хууль шийтгэл адил үйлчилдэг болох нөхцөл бүрдэх найдвар ард түмэнд байгаа. Үүнийг нь ил эсэргүүцэгч ч байсан, далд саад хийгчид ч байсан. Х.Тэмүүжинг өнөө биш гэхэд маргааш, үгүй бол намрын чуулганаар огцруулах асуудал тавигдах л байсан. Учир нь түүний эхлүүлсэн шинэтгэлийн буух тусгал нь нийгмийг өвчлүүлж байгаа том арааны цоорхойд бугласан идээ бээрийг шахах ажил болон хэрэгжих тул сайдаас нь огцруулах замаар зогсоох, улмаар улс төрд ганцаардуулах том шахаа ирэх нь тодорхой байсан. Үүнийг өөрөө ч мэдэж байсан. Өргөн олон ч мэдэрч сануулж байсан. Харин энэ гацаах буухианы гараан дээр туг барьсан дохиурчин нь өнөөх хуульч өмгөөлөгч О.Баасанхүү гэдэг залуу байх юм гэж жирийн иргэд лав төсөөлөөгүй л байх. Энд О.Баасанхүү гишүүн ямар хүн бэ гэдэг тухай биш Монголд шударга ёс тогттож чадах уу, эс чадах уу гэдэг тухай асуудал тавигдаж байгаа гэдгийг хаана хаанаа харж тунгаах ёстой.
6
Шударга ёс эвслийнхэн одоо ард түмэнд юу гэж хэлэх үү. “Нэг шударга хүү маань нөгөө шударга хүүгээ унагаана гэнэ... МАНАН-г хамгаалаад, шинэчлэлтийг зогсоогоод, Тэмүүжинг унагаагаад , дараа нь манийгаа бас... Чоноо чоно..” гэх үү. Кинонд бол овилгогүй Гүржавыг аав нь ингэж л хэлдэг.
6
Пүрэвжавын Баярхүү /тоймч/