Өнгөрсөн долоо хоногт жагсаалгүй өдөр байсангүй. Иргэний нийгмийн байгууллагуудын жагсаалаар эхэлсэн тэмцлийн өдрүүд МАН-ынхнаар хүрээгээ тэлж, Эрдэнэс Тавантолгойн ажилчдаар цааш үргэлжлэв. Мөн зам тээврийн осолд өртсөн хүүхдүүдийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээ ч Чингисийн талбайд болсон. Саарал ордонд хаврын чуулган эхэлсэнтэй давхцан улс төр төдийгүй нийгмийн амьдрал л бужигнаантай байна. 2012 оны сонгуулиас хойш УИХ-ын дөрөв дэх удаагийн ээлжит чуулган нээлтээ хийж, хэлэлцэх асуудлаа баталж амжаагүй шахам давхар дээлийн тухай ярьсан нь энэ удаагийн чуулганы онцлог байв. Гишүүн-сайдуудын зургийг чуулганы танхимын өмнө байрлуулж, сюрприз дүүрэн эхэлсэн чуулганы гол сэдэв болох давхар дээлний асуудлаар “Шударга ёс” эвсэл тав хоногийн завсарлага авснаар түр намжив.
Өдгөөгөөс 25 жилийн өмнөх дөрөвдүгээр сарын 7-нд анхдугаар хуралдаанаа хийсэн АН-ынхан энэ өдөр баяраа тэмдэглэж, шинэ гишүүдээ хүлээн авсан бол МАН-ын эсэргүүцлээ илэрхийлсэн өдөр хоногуудын үйл явдлыг тоймлон хүргэж байна.
.
Чингисийн талбай “амраагүй” өдрүүд
Иргэний нийгмийн 100 гаруй байгууллагын өнгөрсөн мягмар гаригт зохион байгуулсан жагсаал нь “Монголдоо сайхан амьдармаар байна” гэсэн уриатай. Мөн УИХ-ын гишүүдийг Засгийн газрын гишүүний үүргийг давхар хашихгүй байхыг ч шаардсан. Иргэний нийгмийн төлөөллүүд өөрсдийн хөнддөг зүйлс болох уран, Урт нэртэй хуулийг өөрчлөх, Ц.Мөнхбаяр нарыг суллахыг шаардсан юм юмтай жагсаалаар энэ хаврын синдром эхлэв. Үүний дараа жагсаалыг МАН-ынхан үргэлжлүүлэв. МАН-ын зүгээс Засгийн газрын гишүүний үүргийг давхар хашдаг гишүүдийн “давхар дээл”-ийг тайлуулахыг шаардсан юм. Жагсаалын магнайд байсан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат “энэ удаа зохион байгуулж буй жагсаалын онцлог бол монгол улсыг засаглалын хямралаас гарах эсэхэд хариулт авахын тулд цугласан явдал. Харамсалтай нь, “Шударга ёс” эвсэл завсарлага авчихлаа. Гэвч бид бүхэн шантрахгүй давхар дээлийг тайлтал нь, хэрэв тайлуулахгүй гэвэл Засгийн газрыг огцортол нь, Засгийн газраа хайцаалбал УИХ-ыг тартал нь тэмцэнэ” хэмээн нэхэл хатуутай тэмцэхээ мэдэгдсэн. Ингэж ээлж дараалан үргэлжилсэн жагсаалын араас бас нэг жагсаалын сураг сонсогдсон нь УИХ-ын гишүүн Г.Уянгын сандалтай жагсаал. Энэ сарын 14, 15-ны өдрүүдэд Чингисийн талбайд зохион байгуулна хэмээн мэдэгдсэн эрхэм гишүүн хүссэн хүн бүрийг зовлон зүдгүүрээ тээгээд ирэхийг урьсан. Тэрбээр жагсаалаа “Монголын нэг өдөр-2014” хэмээн нэрлэсэн гэнэ лээ.
.
Шүүхийнхэн зөөлөн байв
Өнгөрсөн долоо хоногт болсон шүүх хурлуудаас Ц.Мөнхбаяр, С.Цог нарын хэргийг хэлэлцсэн үйл явдлыг онцолж байна. Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхийг шаардан галт зэвсэг, тэсрэх бөмбөгтэй жагсаал зохион байгуулсан “Гал үндэстэн” холбооны гишүүдийн хэргийг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны аравдугаар шүүхэд хянан хэлэлцсэн. Давж заалдах шатны шүүхээс “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярт 7 жил, Г.Болдбаатарт 6.11 жил, Д.Төмөрбаатарт 10.6 жил, Ж.Ганболдод 1 жил, н.Дашцэрэнд хоёр жилийн хорих ял оноосон юм. 21 жилийн ял аваад байсан Ц.Мөнхбаярын ялыг гурав дахин бууруулсан ч түүний дэмжигчдийн сэтгэл ханахгүй Дээд шүүхэд хандахаа мэдэгдсэн.
Олны анхаарлыг татаж байсан бас нэг үйл явдал нь Төрийн өмчийн хорооны дарга асан, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугарын хүү Цог нарын 12 хүнд холбогдох хар тамхины хэргийн шүүх хурал байв. Дүүргийн эрүүгийн анхан шатны I шүүхэд хоёр өдөр үргэлжилсэн шүүх хурлаас С.Цогд 2 жилийн ял оноож, гайхшрал төрүүлэв. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар олж авсан, хэрэглэсэн, хадгалсан, худалдсан, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн зэрэг сүржин үндэслэлээр шүүсэн ч ялын хэмжээ нь харин даржин байв. Улсын яллагчийн төлөвлөсөн 12 жилийн ялыг хоёр болгон бууруулсан нь С.Цогийн ард бат найдвартай хамгаалалт бий гэдгийг харуулсан хэмээн иргэд үзэж байлаа. Ийм төрлийн хэргээр урьд өмнө яллагдсан хүмүүст шүүх ингэж зөөлөн хандсан тохиолдол байхгүй байх. Харин Д.Сугарын хүүд ямар шалтгаанаар ийн “хайр” зарласныг таамаглахаас баттай хэлэх боломжгүй юм.
:
Төл бойжилт 99.7 хувьтай байна
Жил бүр малаа тоолж, хайр халамж тавихдаа сайн манайхан энэ удаа ч төллөх малынхаа тоог ягштал гаргаж, хэдэн хувь нь төллөөд байгааг ч баримттайгаар мэдээлэв. Улсын хэмжээнд энэ оны эхний улирлын байдлаар 19.4 сая хээлтэгч мал тоологдсон талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдэгдсэн юм. Үүнээс олон жилийн дунджаар 80 хувиар төл авна гэж үзвэл 15.5 сая төл хүлээн авах урьдчилсан тооцоо гарсан байна. Одоогийн байдлаар 21 аймаг, нийслэлээс авсан мэдээгээр 8.475 сая эх мал төллөж, 8.4 сая төл мал бойжиж байна. Төл бойжилт 99.7 хувьтай буюу 22.6 мянган ботго, 53.6 мянган унага, 170.9 мянган тугал, 4.37 сая хурга, 3.82 сая ишиг хүлээн авчээ. Оны эхний нийт хээлтэгчийн 43.8 хувь төллөсөн байгаа бол авбал зохих төлийн 54.5 хувийг одоогоор хүлээн аваад байна. Малын зүй бус хорогдол улсын хэмжээнд 60 мянга орчим байгаа нь оны эхний нийт малын 0.1 хувийг эзэлж байгаа тул хэвийн гэж үзэх ажээ. Малын зүй бус хорогдол өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 220 мянгаар бага байгаа бөгөөд хаваржилт хэвийн байгааг албаныхан онцлов.
:
В.Хэрлэн
Уншиж байна |