Нэг сэтгэл нь хөдлөхөөр бид хууль дүрэм, ёс жудаг, ёс суртахуунаа алдах хэмжээнд хүртлээ хийрхэх юм даа. Чингисийг төрүүлсэн гэж ирээд л хэн нэгэн нь аймгийнхаа төвийг Чингис хот гээд нэрлэчих жишээтэй. Хэзээнээс монголчууд аугаа бүхний нэрд цээртэй хандаж авгайлан хүндэлдэг байлаа. Өндөрхаан гэж цээрлэн нэрлэсэн хотынхоо нэрийг нэг л өдөр нэг Чингис хот гээд нэрлэчихнэ. Улсынхаа төв талбайг Чингисийн талбай гэчихнэ. Чингисгүй бараа бүтээгдэхүүн, үйлдвэр үйчилгээ гэж ер нь байна уу. Гадны нөхдүүд "Чингис хаан" нисэх буудалд буугаад, "Чингис хаан"-ы өргөн чөлөөгөөр давхиад, "Чингис хаан" зочид буудалд бууж, орой нь "Чингис хаан" уушийн газарт очиж, "Чингис хаан" хамтлагийн дууг сонсонгоо "Чингис хаан" нэртэй шар айраг, архи уугаад Чингисийн талбайн өмнөд жигүүрээс Чингисийн охидыг өвөртөлнө. Өө тэгээд сайхан Монголыг үзье гээд Чингис жуулчлалаар газарчлуулаад Чингис аймгийн төвд очиж Чингисийн гэсэн тодотголтой бүх газраар аялж, Чингис бондын мөнгөөр цэнгэлдэх Чингисийн байгуулсан их төрийн цэнгэл наадам гээчийг сонирхоод Чингисийн баатруудтай зураг хөргөө авахуулна. Чингисгүй юмгүй мөртөө Чингис хааных нь дэг журам үргэлж үгүйлэгдсээр байх Монголоор хөндлөн хэсээд аанай л Чингис нисэх онгоцны буудлаас хөөрч сая нэг юм Чингисээс сална.
1
Үнэнхүү гайхамшигтай туйлшрал басхүү тэнэглэл шүү. Захын нэг нь Чингисийнхээ тухай мэдэхгүй. Дэлхийн талыг эзэгнэж, олон сая хүнийг эрхшээлдээ оруулж цустай нь хутгаж явсан хөдөөх нэгэн сахалтай эр /Чингис хааны эдүгээчлээд байгаа хөрөг зураг нь Тайваний номын санд хадгалагдаж байсан XV зууны орчмын зураг шүү дээ/ найман зууны тэртээ амьдарч байсан гэх төдий л мэдээлэл, бахархалтай. Монголын тэр зуунуудад ямар аугаа гайхамшигийг Чингис хаан болон түүний хойч үес хийсэн тухай нарийн мэдээлэл даанч байхгүй. Нууцын чинадад оршигч энэ аугаа хүний тухай бахархал өнгөц болохоор хийрхэл дэндүү их бөгөөд хор хөнөөлтэй. Дээдсийн нэр алдрыг хамаагүй дурддаггүй авгайлан далдлах ёс горим эрт үеэс мөрдөгдөж байсныг ч умартах хүртлээ харийншиж сэтгэлгээний ядууралд гүнзгий өртсөн байна. Ард зоны хоосон хийрхэл, хоосорсон оюун бодол дээр эрх мэдэлтнүүд мөнчиг сайхан тоглох юм даа. Нэг л өглөө Чингис хотод сэрсэн байх нь таашаалтай санагдаад Хэнтийчүүд хотоо Чингис гээд нэрлэчихсэн юм биш, Сүх жанжны талбайд биш Чингисийн талбайд алхаж явах нь нийслэлчүүд аятайхан санагдсан юм биш, 38 градуссын шилтэй усыг Чингисийн нэрээр нэрлэчихвэл монгол цус цэвэршиж мансууралтын хэмжээ брометрийн дээд заалтад шүргэж орхих юм шиг санагдуулж байвал тэрүүн шиг худлаа юм орчлонд үгүй биз ээ. Зүгээр л бид тэдний бийрийн аясаар зурагддаг цагаа цаас болсны харгай.
1
Чингис гэж цээжээ дэлдэх дуртай мөртлөө өглөө үдэшгүй Солонгос баатруудын кинонд автан аугаад тооцож, америк иргэншлийн хэв маягт татагдан монгол ч биш ази, европ ч биш холион бантан болж хувирч байгаагаа ухаарч ядан байна. Сэтгэлгээний хоосрол хийрхэлээс эхлэлтэй. Цагтаа цэрийг цээжинд бөөрийг нь бөөрөнд байлгаж өрнийг өрнө шиг, дорныг дорно шиг болгож орчин цагийн нийгмийг үндэслэсэн аугаа их суу заль яагаад XIII зуунд зөвхөн монголчуудад тохиосныг дэлхий дахин судлаж байхад бүхий л түүхийнхээ туршид шахуу Хятад, Япон, Монгол, Манж гүрнүүдийн эзэрхийлэлд оршсон Солонгосуудын хүннү нарыг ухрааж түйвээж байгаа кино үзэж сэтгэлийн таашаалаа Чингис шар айргаар даруулан тухтай нь аргагүй “Үнэн” хэмээн хүлээн зөвшөөрч суудаг билээ. Цөөн хэлбэл билэг олон хэлбэл улиг гэдэг. Чингисийнхээ нэрийг ингэж шалны шороотой хутган улиглахаар яаж энэ үндэстэн цаашид оршин тогтнох билээ.
1
Монголоороо зөв ярьж бичдэг хүн ховордлоо гэж эрдэмтэн мэргид халаглаж байна. Монгол сэтгэхүйгээр сэтгэдэг нь ховрын ховор болжээ гэж толгой ганзаглах энэ ухаантнууд дэмий зүйлд халаглаагүй. Монгол хүн улам бүр харийншиж байна. Амьдралын хэв маяг, мэдлэг боловсрол, хүмүүжил гээд юм бүхэн маань энэ хатуу замналаар замнаж эхэллээ. Монгол бичгээ сэргээх гэж ядах хоорондоо ерөөс монгол хэлний хичээлийн цагийг ЕБС-д багасгая, уран зохиолын хичээл бол бүүр хэрэггүй бусдад нь шингээчихье гээд яам нь тулган хүлээлгэх гэж хичээж байх жишээтэй. Удахгүй Чингис монгол бичгээр биш араб, хятад бичгийг төрийн албан ёсны хэлэнд хэрэглэж байжээ. Яагаад гэвэл “Нууц товчоо”-ны хятад, араб хэл дээрх дурсгал хамгийн элбэг гээд гүтгэчихвэл мануус “Өө тийм ээ” гээд хүлээн зөвшөөрөх нь л дээ. Инээх хэрэггүй хийрхэл ердөө сэтгэлгээний ядуурлаас үүдэлтэй байдаг юм билээ шүү.
1
Н.Бадамжав