Тэнгэр бүрхэг ч борооны үнэр хамар цоргиод, гудамжаар шалбааг туучин алхаад л баймаар сайхан байна. Бүгчим халуун, хуурай салхитай, өндөр даралттайгаар үргэлжилж байсан хаврын улс төрийг шөнийн орсон шиврээ бороо зөөллөсөн байх гэж найдна. Хаврын чуулган нээлтээ хийгээд хэлэлцэх асуудлаа баталсан. Хэлэлцэх асуудлын эхэнд Засгийн газрын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Засгийн газарт чиглэл өгөх, эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэхэд арга хэмжээ авах гээд улс төр, эдийн засгийн халуухан сэдвийг жагсаажээ. Жагсаахаас ч аргагүй, цаг нь тулсан ажлууд. Уг нь Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг намрын чуулганы хуралдаанаар хэлэлцээд батлах цаг зай байсан. Гэвч УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авч, намраас хавар руу шилжүүлсэн нь сөрөг хүчний тэмцэлтэй “нүүр туллаа”.
6
Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн санал хураалтад гишүүн-сайдуудыг оролцуулахгүй байх, хэрэгжилтийг нь ирэх долдугаар сарын 1-нээс мөрдүүлж эхлэхийг сөрөг хүчин эрх баригчдаас шаардаж байна. Сөрөг хүчин энэ шаардлагаа УИХ-ын даргад хүргүүлж, чуулганы танхимд байр сууриа хэлснээр хязгаарласангүй. Гишүүн сайд нарын өрөөний үүдэнд хуулиа чандлан сахих төслийг тэдний өмнөөс бичин нааж, чуулганы танхимын гадна сайд гишүүд зурагт самбарыг байрлуулж, Төрийн ордны гадна талд “давхар дээл”-ээ тайлахыг шаардсан жагсаал зохион байгууллаа. Харамсалтай нь хамтарсан Засгийн газарт багтсан “Шударга ёс” эвслийн бүлэг Засгийн газрын тухай хуулийн төслийг хэлэлцэх үед тав хоногийн завсарлага авч, сөрөг хүчний зүгээс бэлтгэсэн сценарийн хүчийг сулруулав. Сөрөг хүчний зүгээс бүх бэлтгэл хангагдаж, чуулганы хуралдаанаар Засгийн газрын асуудлыг хэлэлцэн, эрх баригчид хийгээд сайд нар арьсаа хэрхэн хамгаалах”-ыг харсан бол ч энэ өдрийн нэгдсэн хуралдаан хийгээд талбай дээрх цуглааны өнгө, утга агуулга халуухан болох байлаа. Олон нийт ч энэ удаад МАН-ын талд зогсож, сөрөг хүчин “зэрэг нэмэх” байсан юм. Олон нийт хэзээ өөрсдийн эрх ашгийн төлөөх талд “гар өргөдөг”. Даанч “Шударга ёс” эвсэл завсарлага авч хэлэлцүүлгийг хойшлууллаа.
6
Хамтарч засаг барьж байгаа “Шударга ёс” эвслийнхний хувьд АН-тай улс төрийн тохироо хийхэд хүрсэн байх магадлалтай. Учир нь “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүн О.Баасанхүү Хуульзүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах хуулийн төслийг хаврын чуулганы нээлтийн өдөр УИХ-ын даргад өргөн барьсан. Энэ нь Хуульзүйн дэд сайд Эрдэнэжамъяан улс төрийн алба хаших эрхээ хоёр жилээр хасуулсан шүүхийн шийдвэртэй холбоотой байж болох юм. Хамтарч засаг барьж байгаа хоёр нам эв, эеэ ололцохгүй байгаа бололтой.
6
Гэхдээ сөрөг хүчний зүгээс хийсэн энэ удаагийн тэмцэл хоёр жилийн өмнөх “буйдантай суулт”-аас хавьгүй дэвшилттэй болсон гэж олон нийт сайшаав. Энэ удаагийн жагсаал өмнөхөөсөө илүү бүтээлч хандлагатай болжээ. Нөгөөтэйгүүр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч, өрхийн амьжиргааны түвшин доошилсон, эдийн засаг хүндэрсэн, Засгийн газар цалин, тэтгэвэр нэмнэ гээд 20 мянган төгрөгийн “хувь хүртээсэн” зэргээр иргэдийн дургүй зэвүү хоёрыг зэрэг хүргэсэн үед хийсэн улс төрийн тэмцэл цаг үеэ олжээ. Хэдийгээр иргэд “энэ хоёрын хэн нь ч зэрэг нэмсэн адилдаа адил” гэдэг шиг хэн нь ч төр, засгийн эрх барьсан адилхан нь улсын хөрөнгийг идэж ууж шамшигдуулна гэсэн ойлголт нийтлэг байдаг. Гэвч сөрөг хүчний энэ удаагийн шаардлага, шахалт эрх баригчдын тэвчээрийг алдагдуулав. Тэд сөрөг хүчний зүгээс ирж байгаа цохилтод хариу үйлдэл хийлээ. Энэ удаад эрх баригчид сөрөг хүчний ахлагч, өөрсдийн нь дууддагаар “МАН-ын бүлгийн залуухан дарга” С.Бямбацогтыг УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороонд өгч, ёс зүйн алдаа гаргасан үндэслэлээр “шүүхээр болов”. Нөгөө талаас нь харвал эрх баригчид гишүүн-сайд нараа цээжээрээ хамгаалж байна. Эрх баригч хүчний 17 гишүүний халдашгүй бүрэн эрхэд халдсан үндэслэлээр сөрөг хүчний ахлагч Халдашгүй байдлын дэд хороогоор авч хэлэлцүүлэх нь. Албан тушаал, эрх мэдэл, мөнгө өөрөө гүйгээд ирдэггүй. Их хүч хөдөлмөр шаарддаг гэдэг. Тэр дундаа олон түмний санааг наашлуулж, өөрсдөдөө татна гэдэг цагаан захаа саарал болтол шороо долоох шахам байж зүтгэхгүйгээр зөөлөн буйдан дээр сууснаар олддог хувь тавилан бус гэдгийг сөрөг хүчнийхэн ойлгосон бололтой. Энэ удаагийн улс төрийн тэмцэл зөвхөн эхлэл гэдгийг жагсагчид анхааруулж байна лээ. Давааны цаана даваа гэгчээр эрх баригчдад үгээ хэлэх иргэний хөдөлгөөнийхний жагсаал ирэх даваа гаригт болно. Эрх баригчид сөрөг хүчний өмнө сүрдэхгүй ч эдийн засгийн хүндрэлийг яаралтай шийдвэрлэхгүй бол ирэх өдрүүдэд улс төрийн нам, хөдөлгөөнийхөн Төрийн ордныг тойрон гороолж, шаардлага, мэдэгдэлд дарагдсаар байх нь.
6
Н.Энхбат
Уншиж байна |