Халиуны зулзага хөөрхий гэж нэг их сайхан дууг өвгөд минь хүүрнэдэгсэн. Тусгаар байх гэсэн гүн эрмэлзэл энэхэн шад мөрөөс тун чиг илэрхий. Үүний төлөө л монголчууд амь насаа үрж, цусаа урсгасан түүх гурван зуунаар хэмжигдэнэ. Хэдийгээр Орос Крымийн хойгийг авч Укрианыг хэсэг бүлгээр нь тасчихыг санаархаж, Хятад Шинжаан Уйгар, Төвдийн өндөрлөгийг өөртөө байлгахыг хичээж байгаа геополитикийн энэ эгзэгтэй үе Монголчууд үндэсний дархлаатай байхыг сануулж байна. Импортоос үлэмж хамааралтай эдийн засаг нь хэврэгшиж эхэлсэн энэ газар нутаг үеийн үед тэдний ашиг сонирхлын зөрчилдөөний цэг байсан.
6
Орос мартаж, Хятад санасан сүүлийн 24 жил бид тусгаар тогтнолоо улс төрийн хувьд бататгаж чадсан. Харин эдийн засгийн хувьд газар нутаг дээрх энэ баялгаа гадагш зөөвөрлөх дэд бүтцийн асуудал дээр он дамжуулан сайтар маргалдаж байна. Улс төртэй холилдоод ирэхээр бөөн маргаан дагалдуулна. Төмөр замын өргөн нарийн царигийн асуудлаар гэхэд хэдэн жил маргалдав. Гэтэл цаана чинь Солонгосчууд галт тэргийг 30 км/цагийн хурдтайгаар явуут дундаа өргөнөөс нарийн, нарийнаас өргөн цариг тийш шилжүүлэх шинэ технологи бий болгочихоод “Аваач ээ” гээд дэлхий дахинд зарлаж сууна. Энэ саналыг жилийн өмнө манай талд санал болгож байсан гэх. Манайхан мөрөө хавчаад нөгөөх л одоохондоо мэдэхгүй гэсэн үгээр амыг нь таглаж. Ингээд л бид хөгжихгүй байгаа юм. Хурд, шинийг ухаарч сэхээрэх бодлогшрол, хэлэлцүүлэг төрийн аль ч шатанд хойрго байгаагийн гашуун үнэн энэ.
6
Гадаадын хөрөнгө оруулалт ус агаар шиг хэрэгтэй энэ үед Дэлхийн банк гадаадын банк оруулж ирэхийг зөвлөж байна. Тэд ороод ирвэл бөөн ам.доллар цутгаад ирэх юм шиг санаж байна. Хомсдолоос тэр дороо гараад цэцэглэх аятай юм ярьж байна. Хүний хүн бол хүний л хүн. Орж ирэх сонирхолтой нөхдүүд голдуу өмнөд хөршөөр хаяглагдана. Импорт экспортынх нь дийлэнхийг хяналтандаа байлгаж чаддаг хятадууд банкны салбарт нөлөөллөө тогтоогоод ирвэл энэ улсын үндэсний аюулгүй байдал яах билээ. Дэлхийн банкны хүссэн болгон зөв байдаггүйг амьдралын маань жишээ нотлоно. 1990-ээд оны хүнд бэрх цаг, 1998 оноос үүдэлтэй эдийн засгийн хямралын үед монголчууд дан ганц толгойгоороо шийдсний хүчинд иргэдээ гудамжинд гаргачихаагүй юм. Дэлхийн банкинд Хятад нөлөөлөх үүрэгтэй. Гол санхүүжүүлэгч АНУ болон баруун Европын орнууд байхаа болиод удаж байна. Тэгэхээр сонирхол ямар байх нь ойлгомжтой.
6
Хоёр алхам урагшлаад нэг алхам хойшлох Күнзийн номлолоор хойшоо зүтгэж байна. Тэднийг оруулж ирснээр зээлийн хүүг бууруулна гэнэ. Монгол шиг голлох ганцхан экспортын зах зээлтэй, ганц зүгийн хөрөнгө оруулагчид голдуу төвлөрсөн жижиг зах зээлтэй улс битгий хэл дэлхийн хөгжингүй орнууд хүртэл банк, санхүүгийн салбараа гадныханд алгуураар нээдэг, маш болгоомжтой ханддаг. Эдийн засгаа улс нь хянахын тулд шүү дээ.
6
“Bank of China” Монголд салбараа нээж, 6000 гаруй аж ахуйн нэгжид үйлчилгээ үзүүлэх бодлоготой байгаа нь манай улсын эдийн засгийн аюулгүй байдалд шууд нөлөөлнө. Ингэснээр улс орны эдийн засаг Монголын болон Хятадын хамааралтай болон хуваагдмал байдалд орж эдийн засгийн үр ашиг эрс муудах хэнд ч ойлгомжтой. Луугийн ам ингэж л хожуу нээгдэнэ. Бид хөөрөөд л байдаг. Хөөрөхөд учир шалтгаан бий. Хомсдолоо өөрөөсөө бус, бусдаас нөхөх гэсэн энэ араншин төр засгаас салахгүй бол хэзээ ч бид тусгаар тогтносон Монгол улс гэж ам бардам хэлж чадахгүй. Үнэ хямдыг нь бодоод бүхнээ урдаас зөөдгийн балгаар өнөөдөр үндэсний үйлдвэрлэл байж болох доод хэмжээндээ хүрчихсэн. Наад зах нь цэрэг, цагдаа, сурагчид, эмч сувилагч гээд мянга мянган дүрэмт хувцастнуудынхаа өмсгөлийг өөртөө үйлдвэрлэчих үйлдвэргүй хүмүүс шүү дээ.
6
Одоо араас нь Оросууд залгана. Амташсан нөхдүүд Монголоос /Европт нийлүүлдэг байгалийн хийний 30 хувийн хоригоос олдог орлого тасалдсан/ алдагдлаа нөхөхийг чармайна. Монгол Крым биш ч эдийн засгийн хувьд Хятадын нөлөөнөөс татгалзаж нөмөр нөөлөг эрэх нь ганцхан Орос гэдгийг тэд сайн мэдэж байгаа. Дэлхий дахин шинэ хуваагдлын өмнө ирчихээд байхад бид хөнжил гудас яриад л сууж байх гэж дээ.
7
Н.Бадамжав