Нэг өглөө
2014-04-08

Нэг сайхан нартай өглөө УИХ ээлжит цагтаа чуулж, нээлтээ хийлээ. Хавраас намраа даах энэ чуулганаас бид юу хүлээж байна. 76 гишүүн цуглаж мөнгө доллар бөөгнүүлэх бус хууль батлаж, Засгийн газрын үйл ажиллагаанд дүгнэлт өгч хяналт тавьж чиглэл өгч ажиллах ёстой гэдгийг иргэд мэдэхтэйгээ. Гишүүдийг цуглангуут нэг өглөө долларын урсгал шууд нэмэгдэж төгрөг томорч амьдрал сайхан болчихгүй. Харин УИХ-аас батлан гаргаж буй хууль түүнийг нь амьдралд буулгах гүйцэтгэх засаглалын ажлын уялдаа, тэдгээрт тавих Их хурлын хяналт шахалт нь зөв байвал иргэдийн хүлээж буй амьдрах таатай орчны бий болгох зүгт улс орон явах учиртай. Ардчилсан төртэй байхын нэг гол үзэл санаа энэ юм. Энэ зөв зүг одоо бүхлээрээ алдагдчихаад байна. Хэвлэлийнхэн болоод хөндлөнгийн байр сууринаас ажиглагчдын дахин дахин хэлээд буй УИХ-ын хууль тогтоохын зэрэгцээ Засгийн газарт чиглэл өгч, хянах гэдэг үүрэг бүхэлдээ эсрэгээрээ эргэчихээд байгаа нь одоо хэнд ч ил болсон хэрэг. Чингис Самурай бондын хөрөнгө зарцуулалтад хэн хяналт тавьж чадаж байна. Төсвийн 10-15 орчим хувьтай тэнцэх хэмжээний мөнгө төсвөөс гадуур эргэлдэж инфляцийг хөөрөгдөж, Засгийн газрын нөлөө бүхий гишүүд болон Ерөнхий сайдын үзэмжээр шахуу бараг хяналтгүй хуваарилагдаж байгааг хэвлэлүүд эдийн засагчид анхааруулсаар байна. Бондын энэ их хөрөнгөд хяналт тавих тогтолцоо одоо хүртэл бий болж чадаагүй байгааг  чуулганы нээлт дээр Их хурлын дарга бөөрөнхийлөөд ч болсон хэлж чадлаа.

.

Эрхэм спикер аюулгүй байдлын хүрээнд яригдсан боловч одоо хүртэл биеллээ олоогүй яваа Хөгжлийн банкны тухай хуулийн дагуу УИХ, Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг жил бүр хаврын чуулганаараа батлах учиртай гэж тогтсоныг санууллаа. Эдгээр төсөл хөтөлбөрийг боловсруулахдаа улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдол бүхий тодорхой төслүүдийг санхүүжүүлэх эх үүсвэрийг Хөгжлийн банкаар дамжуулах бондын эх үүсвэрүүдтэй нягт уялдуулахад онцгой анхаарахыг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад үүрэг болгож байна гэлээ. Ингэснээр хөрөнгө мөнгө, бондын эх үүсвэрийг үр ашиггүй зарцуулж байна гэсэн шүүмжлэлээс салж, хардлага сэрдлэгээс ангижрах болно. Хяналт тавьж холбогдох хүмүүст хариуцлага тооцох тогтолцоо ч бүрдэнэ гэж үзэж байна хэмээн нэмж хэлсэн. Одоо хүртэл бондын хөрөнгө мөнгөний зарцуулалт түүний хүү хэрхэн төлөгдөж байгаа зэрэг хардлагыг мухарлах, хариуцлага тооцох ямар ч тогтолцоо байхгүй байгаа нь бодитой болохыг Их хурлын дарга ийн чуулганы индрээс мэдэгдлээ. Долларын ханш өсч төгрөг хүчгүйдэж байх эхэн үеийн тайлбарын гол цөм нь гадаадын хөрөнгө оруулалт бараг 0 болсон, Хятад улсын эдийн засагт уналт гарсан, нүүрс зарагдахгүй байгаа, Оюутолгойн ажил гацсан зэрэг байсан.

:

Харин хаврын чуулган эхлэхтэй зэрэгцэн өөр төрлийн тархи угаалт хүчтэй болж ирж байна. Бид үйлдвэрлэгч орон болж чадаагүй явж ирсэн нь одоогийн энэ байдалд хүргэсэн тул одоо үйлдвэрлэгч болоход бүхнээ зориулья гэсэн санаа. Оройтсон ч гэсэн зөв ухаарал. Гэвч энэ нь одоо бараг хяналтаас гараад байгаа бондын мөнгө түүний эргэн тойрондох элдэв ярианаас олны анхаарлыг холдуулж бүтээгч монголын их уухайгаар олон нийтийг түр тайвшруулах гээд байгаа нүсэр сурталчилгааны эхлэл явж байх шиг санагдана.

.

Уг нь одоогийн эрх баригчид бүгд л сүүлийн 20 жилд төрийн албанд ноёлж суусаар ирсэн. Тэр үед нь эдийн засаг сэргэж мөнгөтэй болж байсан үе бий. Тэр үедээ энийг ярьж ухаарах ёстой байсан. Тэр үед баялаг бүтээх талаар ярьж ирээдүйгээ харсан ажил эхлүүлж болох байсан. Хатуухан хэлэхэд, сачий байсан ч санаа нь хүрээгүй. Одоо валютын нөөц байхгүй, валютын урсгал ч байхгүй болоод байхад асар их өрөөр боссон хөрөнгө мөнгийг бүгдийг нь шахуу хамгийн ойрдоо 10-20 жилийн дараа хаялгаа өгөх бүтээн байгуулалтын гэх компанит ажилд цацаж байгаа өрнөлөө зөвтгөхөөр хэт улайрч байна. Зөвтгөлийг бүгд зөвшөөрч байна. Гэхдээ засаг төр нь цаг үеэс хэт тасарсан зүйл ярьж, хоол унд өмсөж зүүхээс гарсан мэт аяглаад байх нь иргэдэд тийм таатай биш байна. Амьдрах өртөг нэмэгдэж иргэдийн худалдан авах чадвар унасаар байхад эдийн засгаа аврах нэртэй элдэв хурал семинар чуулганаар дамнуулсан бүтээн байгуулалтын сурталчилгааг том орон зайд явуулсаар байна. Энэхүү бүтээн байгуулалтын зорилго нь ариун зөв боловч арга барил нь муйхар, санхүүжүүлэхээр тогтож буй төслийн сонголт, туйлын шалгуур нь нэг хүн, намын үзэмжээр хэтэрхий гэнэтийн юм шиг явагдаад байгаа байдал ажиглагдана.

.

Бүтээн байгуулалтын аль салбар чиглэлийг сонгох, алинд нь түлхүү санхүүжилт хөрөнгө хаях зэргийг гүйцэтгэх засаглал түүний тэргүүн бус, төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ын чуулганаар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн оролцоотойгоор тогтон шийдэх ёстой байсан гэж халаглаж байгаа эдийн засагчид, улс төрийн бусад хүчний үг санал Их хурлынхаа дээр гараад суучихсан энэ засгийн өмнө даанч хүчгүйдлээ. Нэг л өглөө бүтээн байгуулахаар шийдлээ гэж, нэг л өглөө бонд мөнгө босгож, нэг өдөр төсөл саналын уралдаан зарлаж, нэг л өглөө 888 гэсэн тоог буулган шалгаруулснаа хэлсэн. Одоо нэг л өдөр үйлдвэржсэн экспортлогч орон болно гэж байна. Гүйцэтгэх засаглалын энэ дараалсан нэг л өглөөнүүдийн зоримог шийдвэрүүдийг УИХ хойноос нь хөөж бүртгэж, хэлэлцэж дагаж гүйцэхгүй болсон мэт.

.

Энэ хаврын чуулганаас Их хурал хууль тогтоох үндсэн үүргээ хэрэгжүүлэхийн зэрэгцээ дээр гүйцэтгэх засаглалд чиг өгөх хяналт тавих үүргээ хэрэгжүүлдэг болоход томоохон ахиц гаргахгүй бол нэг л өглөө, нэг л мэдэхэд парламентын бус Засгийн газрын засаглалтай ер бусын шинэ улс Азид бий болж магадгүй байна.

.

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
aav ni:
too yahlaaraa hytad boldgiin chi naimiin too hergeldeggui iu hytad bilegdel gevel duhuj ochino shuu.
2014-04-09
8888:
888 hyatadiin too.
2014-04-09