Хаврын чуулган нээлтээ хийлээ. Анхнаасаа хэл амны бай болохоор шинжтэй байсан ёсоороо болов шив. Түмнээ удирдаж байна гэж хөөрцөглөх биш дордуулчихгүй аваад явчихвал болох байлаа. Мэдээж гадаад орчин жаахан таагүй байсан л даа. Гэхдээ дотоод нөөц бололцоог ашигласангүй. Боломж байсан. Уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засаг түүхий эдийн үнэ дэлхийн зах зээл дээр унахаар навс унасан. Дагаад эдийн засагт валютын нөөц хомсдож ханш нь огцом өслөө. Импортоос тэртэй тэргүй хамааралтай болохоор аж ахуйн нэгжүүд асар их алдагдал хүлээсээр ирлээ. Үнэндээ тун хүндхэн байдалтай энэ хаврын илүү саруудыг барах нь.
1
Ганц аятай мэдээ сонсогдож байгаа нь мал төллөлт. Биднээс биш байгаль цаг уураас хамааралтай болохоор өсөх нь аргагүй юм. Энэ боломжийг бид ашигласангүй. Ийм мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл болгоноор яригдаж байна. Иргэний нийгмийн хөдөлгөөн нь ч засаг төр нь ч эдийн засгийн үхмэл үзүүлэлтүүдийг ярьдаг болохоос хэзээ ч хүнийхээ тухай цөөхөн ярьдаг байлаа. Яг нарийн дээрээ баялгийг хэн бий болгоод байгааг огт ярилцдаггүй, ярилцахыг ч хүсдэггүй. Эзэн биегүй эдийн засгийн үзүүлэлтүүдийн ард хэн ч буруу хүлээдэггүйд хэргийн учир оршиж байна. Эрх баригчид эдийн засаг муудлаа бүсээ чангал гээд л дуртайгаараа хөрөнгө мөнгийг цацна. Шийдвэр гаргагч огтоос буруугүй. Бүр зүйл эзэн биегүй эдийн засгийн өсөлт уруудалтын гай.
1
Хуучин цагт бүх зүйл нийгмийн баялаг байлаа. Хүн болгон хир буртаг өчүүхэн ч хүргэхгүй нандигнан хамгаалж байх үнэт зүйл бол нийгмийн баялаг. Хүн чи юу ч биш. Өнөөдөр хүний эрх эрх чөлөөг дээдлэсэн гэдэг нэрийн ард бас л хүн гэгч өчүүхэн доройн жагсаалтыг тэргүүлнэ. Хэдхэн нөхдүүд нийгмийн баялгийн эзэд гэнэ. Мөнгө тэдний эрх мэдэл, албан тушаал, хүссэнээ хэрэгжүүлэх түлхүүр. Бусад олонхи нь туг хиурынх нь салхинд золиослогсод. Хүнлэг энэрэнгүй нийгэм байгуулахын тулд энэ ард түмэн картын бараанд дугаарлаж хонгилын үзүүр дэх гэрэлд хүрчих юм бол бар улс болно гэж мөрөөдөж байлаа. 24 жил өнгөрсөн ч бүх зүйл бахь байдгаараа. Дээдэс суудлаа сольсон болохоос доодос элэг амар байсангүй. Эрдэнийн “толгой”-нууд эгэл ардын сэтгэлд бага зэрэг итгэл сүүмэлзүүлсэн ч эргээд л шавар шавхайдаа хэвээр хоцров.
1
Уг нь энэ улсыг хөгжүүлэх түлхүүр нь ард түмэн өөрөө юмсан. Мал сүрэг, ашигт малтмал, хөгжлийн их боломж байгаад ч хүнээ дээдлэхгүй бол энэ улс яаж хөгжиж, иргэн бүр өөрийн бүхнээ олж авч чадах билээ. Зарим нь мөнгөөр, зарим нь чанга орилж, зарим нь шантаажилж гэмээн хөгжилд хүрнэ гэж ойлгодог. Уучлаарай та андуурч. Хөгжсөн хүнтэй байж гэмээн улс орон хөгждөг юм шүү. Хөгжил гэдэг хуульд захирагдаж хэнд ч хамаагүй тэр нь үйлчилдэг нийгмийн байгууламжийг хэлдэг юм. Нэг нь хууль гаргасан болж нөгөөх нь огтоос хэрэгсдэггүй бяцхан сүрэглэлийг хэлдэггүй. Аливаа ард түмнийг захирахын тулд биш хандах зүгт нь том том бул чулуу өрөхгүй байвал хөгжлийн чигээ аяндаа олдог. Гаргаж байгаа бүхэндээ нэмүү өртөг шингээчих боломжийг нь олгохын төлөө төр нь зүтгэдэг улс орон дэлхийн хөгжлийг тодорхойлж байна.
1
Монголчуудад асар олон давуу тал бий. Дэлхийн аль ч ард түмнээс илүүрхэнэ үү гэхээс огт дутахгүй. Ямар ч бэрхшээлийг шүд зуугаад давчихна, оюуны шавхагдашгүй их нөөц, хурдан сэтгэх чанар бидний давуу чанар. Хаана ч монгол хүн толгой өндөр явдгийн нууц бидний оршин ахуй газар нутгийн онцлог, өвөг дээдсээс заяасан махбодь, хүсэл эрмэлзэлд бий. Л.Гумилевын онолд дурдагдсан урт дурын хүмүүс чухамдаа монголчууд, төв азийн нүүдэлчид. Аугаа их эрх чөлөөний мэдрэмжтэй энэ ард түмнийг нэгтгэх амаргүй, харин нэгтгэж чадваас дэлхийн түүхийг эргүүлэгч их хүчин болдог гэсэн үг дэмий нэг үг биш шүү.
1
Хаврын хаварт байгаль дэлхий хуйсагнадаг. Энэ хавар харин намар адил налгар байна. Улс төр ч ийм байж ард түмнийхээ эд эс бүхэнд шингэсэн бүхнийг хийгээсэй хэмээн хүснэ. Эвт шаазгай буга барьдагсан даа. Хэрэлдэлгүй хэлцэж шийдэх олон асуудал байна даа бидэнд.
1
Н.Бадамжав