Түүхийн бүхий л цаг хугацаанд хүмүүс шударга ёсны эрэлд хатсан байдаг. Ном зохиол, кинонд ч тэр, амьдрал ч байнгын эрэлхийлэлд байдаг шударга ёс гэгч чухам юу вэ? Үүнд хүн бүр харилцан адилгүй хариулт өгөх ч юу гэж хэлэхээ мэдэхгүй хүмүүс ч бий. Яг л тийм учраа мэдэхгүй хүмүүс өнөөдөр төв талбайд цуглачихаж. Таяг тулсан өвөө эмээ нар төрөөс мөнгө нэхэж, нүүр амаа халхалсан залуус юуны төлөө нь ойлгомжгүй лоозон барьж, амандаа шүгэл зуусан залуус дэмжих, хөөрцөглөхийн дундуур шүгэлдэж, тэдний төлөөлөл болсон гурван хүн чанга яригчаар улиглахыг харах өрөвдөлтэй байлаа.
:
Нэг нь давхар дээлтнүүдийг эсэргүүцэж байгаа гэнэ. МАН-ын төлөөлөл байх. Нөгөө нь хилс хэрэгт хэлмэгдэж, цагаатгагдсан ч нөхөн төлбөр авч чадаагүй хүмүүсийн төлөөлөл аж. Төр биднийг 10 жил хуурлаа, одоо бид үхлээ гэсэн сүрдүүлэг маягийн лоозон өвөө эмээ нарын гарт харагдана. Харин гурав дахь хэсэг нь Ц.Мөнхбаярыг өмгөөлөгчид. Төрийн эсрэг заналхийлсэн хэргээр 21 жилийн ял авсан Гал үндэстэн холбооныхны фенүүд ч завшааныг ашиглахыг хичээж байгаа бололтой. Нэг тавцан дээр гурван өөр зүйл яригчдын дунд ураны эсрэг гэсэн лоозон баригчид ч харагдана. Юун тухай байх нь чухал биш жагсаал л бол жагсаал бололтой. Есөн зүйлийн асуудалтнууд цугласныг монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэж тайлбарлаж болно. Гэвч ам амандаа огт өөр зүйлсийн талаар ярьж байгаагаас харвал огтлолцох боломжгүй эрх ашгууд бололтой. Дээр нь хэнд зориулж, юуг хэлэх гээд байгаа нь тодорхойгүй. Товчхондоо үр дүн гарах эсэх нь эргэлзээтэй хүч тарамдуу жагсаал. Жагсагчдын төлөөлөл үүнийг хаврын синдром гэж нэрлэхгүй байхыг хүссэн ч өөрөөр хэлэх оновчтой үг олдохгүй нь.
:
Тэдний өмнө нь “Шударга ёс байна уу” гэсэн тодоос тод лоозон харагдана. Эндээс бол нөгөө л үүрдийн эрэл хайгуул болсон шударга ёсны эрэлчид гэж хармаар. Хэлмэгдэлтийн нөхөн төлбөрийг бага хэмээн чамлаж, мөнгө нэхэх өвөө эмээ нар шударга ёсны тухай огтхон ч бодогдохгүй байгаа. Мөнгө авч л байвал тэр шударга ёс уу, шунаг сэтгэл үү гэдэг нь тэдэнд хамаатай асуудал биш. Давхар дээлтний эсрэг гэх МАН-ынханд ялгаагүй. Өнөөдөр гудамжинд байгаа ч нэгэн цагт төрийг эрх барьж байсан МАН-ын үед ч давхар дээлтнүүд байсан. Тэр үед энэ тухай яриагүй тэд өнөөдөр шударга ёсыг эрэлхийлэх нь өөрөө шударга бус. Хүн алж, хүрээ талаагүй байж 21 жилийн ял авсан нөхрийнхөө төлөө гэж орилж байгаа хэсэг бүлэгт ч энэ хамаатай. Буу шийдэм, тэсэрч дэлбэрэх бодисоор зэвсэглэж, том толгой гаргасан хүмүүст шийтгэл оногдуулах нь зүйн хэрэг. Хэрэв төр л гэж байдаг бол шаардлагатай цагт төмөр нүүрээ харуулах хэрэгтэй. Энэ нь дараа дараагийн хэргийн эздэд сануулга болно.
:
Өөрөө шударга зүйл ярьсныхаа араас бусдаас шударгыг шаардах нь эрүүл ухаан. Өөрөө хар хэрээ байж, өрөөлийг цагаан хун болохыг шаардах нь хэзээ ч бүтэшгүй зүйл. Яг л өнөөдрийг жагсаал шиг хий хоосон сүржигнэл, хэнд ч хэрэггүй лоозон болон хаягдана. Үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх нь зүйн хэрэг. Угаас эцэг хуулиар хүн бүрт тэгш олгогдсон эрх. Харин үүнийг жижигхэн эрх ашгийн бамбай болгон ашиглаад байх нь улам л үнэ цэнэгүй болохын эхлэл. Жагсаалын индрээс хэлсэн үг яншаа авгайн хэрүүл мэт сонсогдож, тэнд цугласан хүмүүс хийх ажилгүй сул ганхсан нэгэн болж харагдаж байна.
:
В.Хэрлэн