Миний ардын сэтгэл цагаан. Үүн дээр орчин цагт бид бас их цамаан болсон санагдана. Тодорхой түвшинд хүрсэн баялгийн эздийг хасаад харсан ч сургуулийн сурагч хүүхдүүд, их дээдийн оюутан, жирийн бизнес эрхлэгчид, төрийн албан хаагчид, ажилгүйчүүд, сэлгүүцэгчид гээд бүх л давхарга тансаг хэрэглээ рүү тэмүүлнэ. Сүргийн амьтан болохын хувьд хүн бидний ялгарах хүсэл гэж айхтар зүйл байгааг ойлгож болох хэдий ч орлого боломжоосоо тасарсан тансаг хэрэглээтэй байхыг зөвтгөх гэхэд хэцүү. Өнгөрсөн жилүүдэд манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 17 их наяд төгрөгт хүрч өссөн ч дундаж монгол хүний орлого өссөнгүй гэж эдийн засагчид хэлж байна. Харин ч буурсан байх талдаа. Үүнийг дагаад эрүүл сэтгэлгээгээр бол илүүдээ гарсан тансаг хэрэглээ хамгийн түрүүн буурах ёстой байх. Нарийн статистик яаж гарахыг тааж хэлэх зүйл алга. Өдөр тутмын ажиглалтаас харвал эдийн засаг хүндэрч улс орон орлого мөнгөний хомсдолд орж хямрал нүүрлэж байгаа ч хүмүүсийн тансаглал тийм ч их танагдсангүй.
1
Долларын ханш дээшилж төгрөгийн ханш 30 хувиар унаж сөхөрсөн саруудад амьдралын өртөг 10.3 хувиар нэмэгдэхэд иргэдийн худалдан авах чадвар ердөө л ганцхан хувиар өсчээ. Ийм байхад асуудлыг багаар хардаг микроэкономист, том бүхэлд нь хардаг макроэкономист хэн ч бай манай өнөөгийн нөхцөлд тансаг хэрэглээгээ танах болсон мэт. Энэ үгээр хөдөлмөрлөж хурааж олсон мөнгөө өөртөө зориулж, таашаал хүртэж эд бараа хийгээд идэх уухаараа элбэг дэлбэг тансаглалд байгаа нэгийгээ илүү үзэж, хэтэвч рүү нь өнгөлзөөгүйг болгоож ойлгох биз.
1
Ерөнхийдөө бид олж болох орлогоосоо давсан гэж болох хэмжээнд нөөцөө шавхан байж тансаглаж байгаа дүр зураг харагдана. Энгийн жишээ бол бараг бүх электрон барааны дэлгүүр бараа бүтээгдэхүүнээ зээлээр авахыг санал болгох бол, лизингээр машин авах нөхцөл, урьдчилгаа мөнгөний хэмжээ өдөр ирэх тусам буурч байна. Бэлэн мөнгө орлого бага байгааагаас иргэдэд мөнгөн хуримлал бий болж чадахгүй байгаа зайн дээр дөрөөлж цалинтай л бол зээлтэй болдог ийм өрийн системийг банкууд, мөнгө хүүлэгчид тун ч овжин хэрэгжүүлсээр байна. Өр зээл тавьж, лизингдэж бараа бүтээгдэхүүн авах бүрт тухайн хүний ирээдүйн хуримтлал хийх бололцоо хаагдаж байгаа юм. Цалингаасаа сар бүр 100 мянган төгрөг нэг жилийн турш цувуулан төлж 52 инчийн зурагт авчихлаа гэхэд тэр жилдээ мөнгө цааш нь хийж хуримтлал бий болгох бололцоогоо үгүй болгож байгаа хэрэг. Хэрвээ нэг жилдээ 350 мянгаар бага шиг инчтэй гаралт дүрс сайтай зурагт авчихвал дараа жил хүртэл хэр тааруу машин авчих мөнгө хураах боломж байдаг ч үүнийг олж харахыг хүсдэггүй. Гэтэл одоо нийтлэг болсон зээл лизингийн төлбөр нь зах зээлийн бодит ханшаас ямагт 10-30 хувь өндөр байдаг. Өрөөр хэлбэл, ийм өндөр үнийн зөрүүгээр чанар үзүүлэлтийг харсан бус бусдынхаас илүү том, үнэтэй байх сэтгэхүйгээр хэрэглээгээ бүрдүүлж, ялгарах хүслээ хангах гэж өрхийн эдийн засгаа хямрааж байгаа нь олон.
1
Нөгөө талд бараа бүтээгдэхүүний хийц загвар үзүүлэлт цаг минутаар өөрчлөгдөх тул өндөр хүү төлж авсан эд бараанаас авах сэтгэл ханамжийн баталгаа ч их хэврэг. Жишээ нь, иргэн Бат 52 инчийн led зурагтынхаа үнийг жилийн дараа төлж дуусахад өнөөх нь хийц загвар үзүүлэлт нь аль хэдийн хоцрогдож гал тогооны өрөө рүү шилжих болсон байх юм. Энэ үед өөрийнхөөс нь илүү гоё зурагт авчихсан байгаа хажуу айлын Дондогоос дутахгүй амьдрах аазгай нь хатгаад ирэхэд Бат дахин гарч дараагийн шинэ загварын арай том инчтэй зурагтыг зээлж авч гэртээ оруулж асааж байж сая санаа нь амрах.
Хүмүүсийг ийм бодит бус хэрэглээнд татаж өөр хоорондоо илүүрхэх сэтгэхүйг нь өдөөн, өрсөлдөх боломж бий болгон хөөргөх банк санхүүгийнхэн, зээлдүүлэгч, лизинг түрээс эрхлэгчид богино хугацаанд их мөнгө хийж чадаж байгаа. Үүнийг нь буруутгах аргагүй. Тэд ашиг олох дүрмээрээ л ажиллаж байна. Бид мөнгөгүй хэрнээ эд юмтай болохоор яарч адган тэдэн дээр очиж байна.
1
Эцсийн дүнд эд барааг зээлдэн авагчид хоёр идэх хоолоо нэг болгон бүсээ чангалж том зурагтынхаа өмнө нэг хоёр цаг суусаар хуримтлал ч үгүй нэгэн жилийг ардаа хийх юм. Зээлээр байр орон сууцтай болох бол өөр ойлголт. Энэ бол үл хөдлөх эд хөрөнгөд оруулж, гэр бүлийнхээ ирээдүйн амьдрах орчин, баталгааг бүрдүүлж байгаа хөрөнгө оруулалт. Харин ахуйн эд барааны хэрэглээ нь хүүтэй зээлийн нөхцөлд хэт хамаарах болсон нь иргэдийн ирээдүйд үл хөдлөх эд хөрөнгө, орон байрны асуудлаа шийдэх хуримтлал бий болгох боломжийг нь хааж байгаа сөрөг үр дагавартай байна.
1
Эдийн засаг гэж зөвхөн эрэлт нийлүүлэлтийн тухай ч бус тооцоотой хэмнэлттэй байх тухай ойлголт. Хүнийхээ хувьд бол бид хувийн сонирхолтой байдаг нь зүй. Аливаа бараа үйлчилгээг хэрэглэх замаар хувийн сайн сайхныг хүртэхийг эрмэлздэг. Мөн аль болох бага хүчин чармайлтаар юм уу нэг бол асар хурданаар тансаглал хэрэглээ орчныг бий болгохыг хүсч байдаг. Энэ бол цагаахан цамаархал ч хожмоо хуримтлалгүй явсаар амьдарлыг барах бараан замнал руу хөтлөх цагаа олоогүй тансаглал юм.
1
Пүрэвжавын Баярхүү /тоймч/