Ханш нээхтэй зэрэгцэн эхлэх хаврын чуулганы нээлт ширүүхэн болох төлөвтэй. Намрын чуулган завсарласны дараагаар парламент дахь эрх баригч хүчнээс бусад нь ээлжит бус чуулганыг хуралдуулах сонирхолтой байсан. Гэвч ээлжит бусыг хуралдуулалгүйгээр хаврын чуулганы нээлтийг хийхээр болсон. Хаврын чуулган ирэх даваа гаригт ширүүхэн эхлэх нь. Амьтай бүхэн цэцэглэн дэлгэрч, ичигсэд үүрнээсээ хөдлөн байгаль дэлхий сэргэх хаврын энэ сайхан цагийг харин Монголын улс төрд “хаврын синдром” гэж нэрийддэг. Энэ удаад улс төр төдийгүй нийгэм, эдийн засагт нэлдээ синдромоор өвчлөөд байна. Иргэний хөдөлгөөний хэсэг нөхөд гудамжинд лааз өшиглөхөө байж, Төрийн ордонд тухалсан ч, төрийн ивээлд багтсан ч “хаврын синдром” эхэлдгээрээ эхлэх нь ээ.
6
Учир нь гишүүдийн гадаалсан өдрүүдэд нийгэм, эдийн засаг туйлдаа хүрсэн. Цаашид сайжирна, хөл дээрээ босно, үгүй ядахнаа л үүнээс дордуулахгүй юм шүү гэх сайн үг чихэнд сонсогдохгүй л байгаа. Нэг ам.долларын ханшийг 1384 төгрөг хэмээн тооцоолсон 2014 оны улсын төсөв ганц улирал ч бололгүй тодотгол хийх шаардлагатай тулсан. “Чингис”, “Самурай” зэрэг нэрнээс ч сүрдмээр бондууд нийгэмд, иргэдэд ээлээ өгөөгүй л байна. Өнгөрсөн жилд хэрэгжүүлсэн “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрийн гурван их наяд төгрөгийн зарцуулалтын талаар үр дүнгээ өгөөгүйг өнөөдрийн эдийн засгийн төлөв “гэрчиллээ”. Өчигдөрхөн Төрийн ордонд улс төрийн намуудын Ерөнхий нарийн бичгийн дарга нар нээлттэй хэлэлцүүлэг хийсэн. Тэд Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжилж, огцрох цаг нь аль хэдийнэ болсон гээд эрх баригчдад тун бухимдалтай байна лээ. “Эрх баригчдын хэт улс төржилт, алсын хараагүй үйл ажиллагааны улмаас ард түмэн хохирч буцаад сэргэхэд хүндхэн хувь заяа эдийн засагт нүүрлэлээ” гэдэг дээр санал нэгдэж байсан. Эдийн засгийн хүндэрсний улмаас зарим аж ахуйн нэгж “хаалгаа барьж”, ажилгүйчүүдийн тоо нэмэгдсэн байна.
5
Аж ахуйн нэгжүүд хаалгаа бариад эхэлвэл ажилгүйчүүдийн тоо хэдэн мянгаараа нэмэгдэнэ. Энэ хэрээр ажилгүйдлийн тэтгэмж авагчдын тоо ч өмнөх онуудаас нэмэгдсэн сураг байсан. Манай иргэдийн, ялангуяа Улаанбаатарчуудын дийлэнх нь ипотекийн зээлтэй. Хэрэглээний зээлгүй “нийслэл хүү” гэж бүр ч байхгүй. Нэг өрх байтугай өрхийн ажил эрхэлдэг хүн бүр их, бага хэмжээний зээлтэй. Тэр дундаа төрийн албан хаагчид цалингийнхаа тодорхой хувьд багтааж зээл авах эрхтэй байдаг. Ямар нэг асуудал үүсвэл эрсдлийг төр даадаг болохоор банк санхүүгийнхэн төрийн албан хаагчдад “дэндүү хайртай”, зээл хүсэх үед хэд хэдэн төрлөөр нь шуурхай гаргаад өгчихдөг. Харин эдийн засаг хүндэрсэн энэ үед зээлтэй нийслэлчүүд хамаг орлогоо хамж шимж банк руу шилжүүлж байгаа.
6
Цаашид хүндрэл үргэлжилвэл яах вэ. Нэг хэсэг иргэдийн банкинд дахь хадгаламжийн эрсдлийг төр хариуцаж байсан. Харин иргэдээс бус эдийн засгаас болж үүссэн иргэдийн зээлийн эрсдлийг төр дааж чадах уу. Өрхийн эдийн засгаа “хоёр идэж, хоосон хоночихгүй” дааж ядан явж байгаа иргэдээ хотын мэр тавлаад байна уу гэлтэй өнгөрсөн жил гурван тэрбум төгрөгөөр өрх бүрт тараасан хогны уутаа энэ жил 4.5 тэрбумаар төсөвлөн дахин тараах санал асуулга явуулъя гээд тэнгэрийн юм яриад байх юм. Атал хотын парламентын дарга “Гудамж” төсөл энэ жил хэрэгжихгүй, хөрөнгө санхүү байхгүй гээд бухимдал дээр бачимдуулсан “шар тос” нэмэв. Уг нь гудамж төслөөр нийслэлийн 33 уулзварыг шинэчлэн, хотын түгжрээг багасгахаар цаасан дээр сайхан төлөвлөгөө буулгасан байсан. Үүний эхний үр дүн ч гарсан л даа. Ноднин зун 10 гаруй уулзварыг засварласан. Басхүү Туулын дагуу хурдны замтай болно гээд байсан. Чингис бондын хөрөнгөөр санхүүжүүлж байгаа атал ажил нь дуусаагүй байхад мөнгө нь хаашаа алга болчихдог байна гээд иргэд бухимдаж байна лээ.
6
Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт хоёр айлын газрыг худалдан аваад хотын дарга ирж шав тавих ёслолд нь оролцоод л байсан. Орон сууц барих “Асар өргөө” компани нь шав тавьснаас хойш ажлаа үргэлжлүүлээгүй юмдаг. Гэтэл өнгөрсөн намар хотын орлогч н.Гантөмөр Ерөнхий сайдын уулзалтад оролцохдоо “Хайлаастын гэр хорооллын барилгажилт сайн яваа, Ерөнхий сайд аа. Та очиж үзэх үү” гээд л нүд орой дээр гаргасан. Одоо ухсан нүх, овоолсон шороо л байгаа. Өнгөрсөн өвөл харанхуйд иргэд нөгөө ухсан нүхэнд нь унаж, бэртчих гээд хашаа хатгаж байж аюулаас аврагдсан юмдаг. Сонгинохайрханы 10 дугаар хороонд гэхэд иргэд нь газраа чөлөөлөхийг 100 хувь зөвшөөрчихөөд байхад ажил нь өнөө хэр эхлээгүй, шав тавьж, шороо ч ухаагүй байгаа гэсэн. Улсын ажил иймэрхүү яст мэлхийд ч гүйцэгдэхээр хурдтай явж байгаад 2016 онтой золгох нь. Тун удахгүй гэр хорооллын дахин төлөвлөлт санхүүжилтгүйгээсээ болж зогслоо гээд сонгуулийн өмнөх жил эрх баригчид дуугарвал бид гайхаж, гацаад байх зүйлгүй л юм байна. Ингээд л Засгийн газарт мөнгө байгаа ч энэ нь эдийн засагт, иргэдийн амьжиргаанд ивээлээ өгөхгүй байгаад олон нийт бухимдсаар байна.
6
Нөгөөтэйгүүр бухимдал зөвхөн Төрийн ордныг тойрон үргэлжлээд байгаа юм бус. Парламент дахь улс төрийн хүчнүүд ч хаврын чуулганы нээлт дээр дуугаа өндөрсгөх төлөвтэй байна лээ. Мэдээж, сөрөг хүчин болох МАН-ын бүлэг хаврын чуулганы нээлт дээр нийгэмд үүсээд байгаа асуудлаар эрх баригчид, түүний Засгийн газарт хандсан ширүүхэн дайралт хийх биз. Үүнтэй зэрэгцээд Засгийн газарт хамтарч байгаа МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг ч намынхаа удирдлагаас авсан даалгаврын дагуу үг хэлэх юм билээ. Ингэхдээ УИХ-д өргөн барьсан хуулийн төслүүдээ энэ хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр зүтгэхээс гадна эрх баригч хүчнийг хамтарч ажиллахаар байгуулсан гэрээгээ эргэж харахыг сануулна гэсэн.
6
Парламент дахь улс төрийн хүчнүүдийн эрх баригчдад хандсан мэдэгдэл Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжилж хариуцлага тооцохыг шаардах нь тодорхой болжээ. Дээр нь цалин, тэтгэврийн нэмэгдэл дээр ахмадууд гомдолтой байгаа. Засгийн газарт энэ тухайгаа мэдэгдэж, шаардлага өргөн барьсан боловч өнөөг хүртэл хариу сонсоогүй гэсэн. Тиймээс хаврын чуулганы нээлттэй зэрэгцээд ахмадууд, ажил олгогчид, МҮЭ-ийнхэн Засгийн газраас шаардлагынхаа хариуг авахаар жагсаал, цуглаан зохион байгуулж магадгүй юм билээ.
6
Нөгөөтэйгүүр эрх баригчид дотооддоо эв түнжингүй байгаа сурагтай. Засгийн газрын үйл ажиллагааг улс төрийн хүчнүүд төдийгүй, нийгэм шүүмжилж байгаа энэ үед огцруулах асуудал хэлэлцэхэд “yes” кноп дарах нөхөд АН дотор байгаа гэнэ. Тиймээс ч хаврын чуулганы хугацаанд Засгийн газрыг танхимаар нь огцруулаад “А” сайдыг “Б”-аар солих бор шувуу нисч байна лээ. Ийнхүү нэг хэсэг нам жимхэн байсан улс төр хаврын чуулганы нээлттэй зэрэгцээд халуухан буцлах нь ээ.
6
Н.Энхбат