“Кортчихжээ” гэж эмчийг хэлэхэд хэд хоног хичээлдээ явахгүй нь гэж хүүхдийн гэнэн олзуурхлаар аюулт өвчнийг хүлээж авдаг байсан нэгэн үеийнхэн бий. Хэрэг дээрээ бол тэр цагт кор гээд байгаа нь улаан бурхан гэх маш аюултай халдварт өвчин байсан хэрэг. Улаан сахиуст жамсран бурхнаа сэмхэн дуудаад ч нэмэргүй, уушигны хүндрэлээр хүүхдийг нь авч явчих гээд байдаг нэг ийм айхтар халдварт өвчин үе үе дэгдэж эцэг эхчүүдийг айлгадаг байлаа. Гахайн хавдар, халдварт саа, цагаан цэцэг, улаан бурхан, зэрэг олон халдварт өвчин хуучин хүү, хамжлагат ёстой өвлөгдөн 21 оныг давахад ардын хувьсгалаар гарч ирсэн шинэ засаг дарж эхэлсэн байдаг. Үүн ганц л аврал тус байсан нь урьдчилан сэргийлэх тарилга, дархлаажуулалтын вакцин байж. Монголчууд 1940 он гэхэд цагаан цэцэг өвчнийг устгаж чадсан ба 1990-ээд онд вакцины хамгаалалтаа 98.4 хувь болгож чадсан байна. Хэрвээ вакцин хийдэггүй байсан бол улаан бурхан өвчнөөр нийт хүн амын 95 хувь 20 хүртэлх насандаа толгой дараалан энэ өвчинд ээрэгдэж уушигны хатгаа, уушигны үрэвслээр нас барах магадлалтай байлаа.
6
Ц.Нямдаваа академич, вакцин чухал гэдгийг өөрийн судалгаагаар гаргаж иржээ. Түүний судалгаагаар бол Монголчууд цагаа олж вакцинжуулалтад хамрагдаагүй бол нийт хүн амын 1/3 нь нас барж, 1/3 нь цоохор нүүртэй байх байв. Гэвч заяа их монголчууд вакцин тарилгад сайн хамрагдаж дархлаажуулалтаа нэмж чадаж байсан тул үр хүүхэд хань ижлээ халдварт өвчнөөс хамгаалж чадсан байдаг.
6
Манай улс 1940 онд Цагаан цэцэг өвчнийг, 2002 онд халдварт сааг устгасан гэсэн гэрчилгээг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага(ДЭМБ)-аас авсан бол өнгөрөгч сарын 20-ны өдөр ДЭМБ-ын Номхон далайн баруун бүс(НДББ)-ийн Баталгаажуулах хороо БНСУ-ын Сөүл хотноо хуралдаж, Австрали, Макао, Монгол, Солонгос зэрэг дөрвөн улс Улаан бурхан өвчний гаралтыг эрс бууруулж чадсан болохыг албан ёсоор зарлан тунхаглажээ. Эдгээр 4 орон бүсээс дэвшүүлсэн зорилтыг хангаж байгаа анхны улс орнууд болж байгаагаараа онцлог юм байна. Товчхондоо улаан бурхан өвчний нутагшмал вирусын тархалтыг дор хаяж 36 сарын туршид таслан зогсоож чадсан 4 орны нэг болжээ. Энд ханьсаж гарсан Австрали, Макоа, Солонгос зэрэг орнууд нь мөнгөтэй хөгжилтэй гэдгээрээ биднээс хол зөрүүтэй яригдах ч энэ удаа эрүүл мэндийн нэг том зорилтыг хангаж мөр зэрэгцэж чаджээ.
6
Нэгэн цагт улаан хувьсгалчид өөр нэгийгээ буудан хороож хэлмэгдүүлж уй гашуу авчирч байсан бол Улаан бурхан гэх энэ өвчин түүнээс дутахгүй гай зовлон хагацал дагуулж иржээ. Энэ өвчний улмаас дэлхий дээр өдөрт дунджаар 330 хүн нас бардаг байна. Тэдгээрийн ихэнх нь 5 хүртэлх насны нялх үрс байдаг. Ингэхээр ДЭМБ-ын гишүүн улс орнуудын хувьд энэ гайт өвчнийг дарж авсан орныг магтаад зогсохгүй адаршуулья гэх нь зүй ёсны сайшаал бололтой. Тус байгууллагын онцлон тэмдэглэснээр бол бид улаан бурхныг гаргалгүй байж чадсан онуудад буюу 2013-2014 оны эхээр Хятад, Филиппин, Вьетнам улсад улаан бурхан өвчний дэгдэлт ихсэж хяналтаас гарах шахжээ. Энэ нь дэлхий нийтэд дархлаажуулалт вакцинжуулалтын хамралтыг өндөр түвшинд тогтвортой байлгахыг дахин сануулсан “бүү тайвшир” гэсэн том дохио болсон хэрэг.
7
Монгол улсын хэмжээнд 1964-1992 онуудад жилд дунджаар 6320 улаан бурхан өвчний тохиолдол, 79 нас баралт бүртгэгддэг байжээ. Сүүлийн жилүүдийн бүртгэлээс харвал 1990-2002 онуудад улаан бурхан өвчний 3 удаагийн дэгдэлт, 2001-2002 онд 10 нас баралт бүртгэгдсэн бөгөөд 1994, 1996, 2000 онуудад 1-14 насны хүүхдэд улаан бурханы эсрэг нэмэлт дархлаажуулалтыг хийснээр дэгдэлтийг таслан зогсоосон байна.
7
Монгол улс Улаан бурхан гарсан талаар өвчний нэг ч бүртгэлгүй орон болжээ. Үүнд хэнд баярлаж, хэний гарыг мэхийн үнсэх ёстой вэ. Ямар ч цаг үед дархлаажуулалт вакцинжуулалтыг хийх санхүү болоод бусад дэмжлэгийг хаялгүй явж ирсэн төр засаг, эрүүл мэндийн бодлогыг барьж ирсэн салбарын яам, түүний салбарын шат нэгж бүрийн ажилтан албан хаагчдын зүтгэл гавьяа энд дурьдагдана. Эцэст нь, халуун цэг дээр зогсож өөрийхөө утаснаас нэгжээ баран залгаж, хүүхдийг тань цаг хугцааанд нь вакцинаар тарьж дархлаажуулж байдаг вакцинатор сувилагч нартаа баярлалаа гэж хэлье дээ. Иргэд та бүхэн дараа дараачдаа араасаа бага утасдуулж ажлыг нь хүндрүүлэхгүй хуваарьт цагт нь хүүхдээ дагуулж очоод вакцинаа хийлгэчихдэг байхад тэдэнд том урам болох юм.
6
Улаан бурхан баяртай болжээ. Энэ халдварт өвчинтэй дахин уулзахгүйн тулд вакцинаа цагтаа хийлгэ. Дэлхий дээр цаг тутам 15 хүүхэд хамгаалж болох өвчнөөс болж нас барсаар байна.
7
Пүрэвжавын Баярхүү /тоймч/
Уншиж байна |