Миний мэддэггүй надад хамаатай асуудал
2014-04-03

Цахим ертөнцийн энэ өдрийн ярианы сэдэв эдийн засгийн хүндрэл байв. Амтай бүхэн л энэ тухай ярьж байна. Мэддэг хүмүүсийн ярьж байгаагаар бол эдийн засаг их хэцүү байгаа бололтой. Сангийн сайд Ч.Улаан бүр хүндэрсэн гэв. Шалтгаан нь экспортын бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр буурч, манайд гаднаас хөрөнгө оруулалт орж ирэхгүй байгаа учраас эдийн засаг элгээрээ мөлхөх гээд байгаа гэнэ. Бодвол нөгөө нүүрс байх. Үүнээс гадна Оюутолгой төслийн хоёр дахь үе шат хэрэгжих эсэх нь тодорхойгүй байгаа нь бас нэг шалтгаан аж. Ингээд харахаар манай улсын эдийн засаг хилийн гаднаас хэтэрхий хамааралтай юм. Гаднаас орж ирэх хөрөнгө оруулалт, гадныхны хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр л зогсчихвол Монгол Улсын эдийн засаг хүндэрдэг. Яг л угжны хурга шиг. Малчин угжихаа больчихвол өлбөрч үхэхдээ тулдаг. Өрөвдмөөр ч юм шиг.

1

Харин үүний үр дүнд царцаах, бүсээ чангалах гэсэн үгс хэрэглээнд өргөнөөр нэвтрэв. Гэхдээ монголчууд бүгдээрээ энэ үгсийг хэрэглэдэг гэвэл, үгүй. Зөвхөн улс төрийн хүрээнд тэр дундаа саарал ордон дотор л энэ үгс хамхуул мэт нэгээс нөгөөгийн ам руу хийсч байгаа. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Энэ засаглалын үед царцаах гэдэг үг моодонд орлоо” хэмээн их сүрхий онч үг хэлсэн байна билээ. Хэдийгээр огт өөр үгс ч эдийн засагт бол нэг л утгыг илэрхийлээд байгаа юм. Хар ухаанаар бол харамлахгүй л бол болж бүтэхгүй гэсэн утгатай. Үүнийг Сангийн сайд Ч.Улаан гоё, боловсноор тайлбарлаж өгсөн. Тэрбээр “2014 оны төсөв бялхаж цалгихгүй болохоор танаж болох зардлаа танаж, зарлагаа багасгах, олсноо зөв зүйлд зарцуулах шаардлага байна” хэмээн аядуухан сануулга өгсөн. Нөгөө бүсээ чангал, царцаа гэх үгсээ хэрэглээгүй болохоор асуудлыг зөөллөж, аргадаад байгаа ч юм шиг санагдсан шүү.

1

Явцуу хүрээний амны уншлага болсон үгсийн муу хаялга нь огт хэрэглэдэггүй нийтийг хамрах нь хяслантай. Өөрөөр хэлбэл, бүсээ чангал, царцаа гэсэн үгийг амнаасаа унагадаггүй хэсэгт л бөөн дарамт үүсдэг. Нөгөө би улс төрийг сонирхохгүй байхад улс төр надаар оролдоод байна гэдэг шиг л. Би эдийн засгийг мэдэхгүй, тоохгүй байхад надад хамаараад байх юм. Наанадаж л сард нэг удаа авдаг стандарт маслоны үнэ 1600 төгрөгөөс 2600 болтлоо өсчихөж. Маслоны хэрэглээн дээр бүсээ чангалахаас өөр сонголтгүй болгож байгаа байхгүй юу. Энэ зөвхөн эхлэл нь.

1

Харин нийгмийн 20 хувийг эзэлдэг чинээлэг давхаргынхан хэрэглээгээ царцааж, бүсээ чангалах болов уу? Царцаах, бүсээ чангалах гэсэн үгсийг хэрэглэдгээрээ бол тэдэнд илүү хамаатай. Гэвч эсрэг хамааралтай. Хур хөрөнгө, хуруу хумсаа хуйхлан олох хэдэн бор төгрөгийн хооронд асар их ялгаа байдгийн адил царцаж царцаах, чангалж чангалуулахын хооронд ч алд дэлмийн зөрүү бий. Өөрсдөө царцахгүй байж бусдыг царцаах, өөрийнхөө сул тавьчихаад өрөөлийг чангалахыг шаардахыг юман чинээ бодохгүй л нийгэм шүү дээ.

Нэг хэсэг нь бүсээ чангалж царцлаа ч, нөгөө хэсэг нь тэлж л байдаг хорвоо шүү дээ.

1

В.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин