Тоглоом тоотой нь дээр гэдэгчлэн яг 272 байшингийн түүх шоглоомгүй гоё эхэлжээ. Үнэ өртөг, цаг хугацаа нь давахгүй гэсэн даваагаар 3 давж нугаран тоглоом тоотой ч, шоглоом тоогүй авлигажсан объект босгох шалгарсан 7 мэргэн аргыг “Балгадаар тоглох алтан дэвтэр”-т ийн бичиглэсэн байх юм.
6
1. Зовлонг давсаар үрэх, хэрэгцээг чихрээр амтлах арга
“Эхчүүд түших араггүй, төрөх оргүй, эмнэлгийн шалан дээр амаржих болоод байна, ээ халаг. Цэцэрлэггүй хүүхдүүд бол гэр гэртээ байгаа Робинзон Крузо. Танхимдаа багтахгүй сурагчид үлгэр дууссан хойно гэртээ хариагүй байх гэж дээ, энэ чинь. Дон Жуан чинь төслийн менежер гэл үү, Юндэн гөөгөө гуай мянгат малчин болсон хүн үү гэж асуугаад байх юм. Ард түмэнд театр хэрэгтэй” гэх зэргээр хэрэгцээг нь чихрээр амталж, шаардлагыг нь давсаар үрж, түмний зовлон дээр төгрөг зоосыг уут уутаар босгоно. Аймгийн төвөөсөө 10 км зайтай, хүн амынх нь тоо 2065, бүхлээрээ 692 өрхтэй Дорнодын Баянтүмэн суманд тэрбум төгрөгөөр урлаг, спортын ордон барьжээ. Сумын иргэдийг соёлоор довтолж тархийг нь гэрэлтүүлж, биеийг нь тамиржуулах гэж байхад үйлчлүүлэгчийн тоо бус “Чанар манай зорилт мөн”. Соён гийгүүлэхэд нөөц, хэрэгцээ, багтаамж, төсвийн үр ашиг яах вэ. Ээ дээ, хүн л чухал юм шүү дээ.
6
2. Зураггүй, төсөвгүй, бараа төрх нь харагдаагүй юманд баримжаа үнэ төлөх арга
Хүүхдүүд хөөрхөн тоглох цэцэрлэг барих гэж байхад зураг, төсөв, өртөг ярьж болохгүй. Цэцэрлэгийн ам метрийг 1.2 саяар барих өртөгтэй. Улаанбаатараас 880 км зайтай Баянхонгорын Шинэжинст суманд 100 хүүхдийн цэцэрлэгийн ам метрийг нь 700 мянгаар барьж, төсөв хэмнэсэн компани нэг бол эх оронч, нөгөө бол хэнхэг нь дэндсэн газар юм. Шинэжинстээс 276 км-ээр хотод ойрхон, 604 км зайтай Сүхбаатарын Асгатад мөн 100 хүүхдийн цэцэрлэгийн ам метрийг 3.6 саяар, 5 дахин илүү үнээр босгожээ. Торой бандийн нутгийн хүүхдүүд Ламын гэгээний газрын багачуудаас 5 дахин их зай эзэлдэг үү гэвэл үгүй юм байна. Зураггүй барилга болбоос фотогүй иргэний үнэмлэх мөн. Төсөвгүй байшин болбоос үнэ нь нууц бараа мөн. Ерөнхий сайд авлигажсан объект, тоглоомон байшин олон байна, нэг ёсондоо “Хэн хүзүү авав” гэж 30 минутын уулзалтаараа хэлэнгүүт, 31 дэх минутад нь л сөрөг хүчний нэг нөхөр “Юун гуя” гэх жишээтэй.
6
3. Хэрэггүй газар хэрэгтэй юм барих
Нийслэлд уулзвар нээж өргөн болгодог “Гудамж” төслийн мөнгийг бондоос авах уу, яах уу, түгжрээ хэцүүдлээ, такси явуулын караоке болж гүйцлээ гээд хотын дарга, сайд хоёр муудалцаж байхад цаана чинь хөдөөгийн багт 2.5 тэрбумаар явган хүний гүүр барьчихсан байвал яах уу. Анхдагчдын өлгий Булган нутаг буян нь дэлгэрсэн мөнгөн гүүртэй болж байна. 2.5 тэрбумын гүүрээр машинтай битгий хэл гутлаа тайлж явах учиртай гэнэ. Мөн Ховдод төсвийн мөнгөөр зочид буудал барьжээ. Төрийн буудал таван одтой ч, одгүй ч байсан сайн юм дагуулахгүй нь лав.
7
4. Аймаг, сум алгасч гулсуулах, хаяг, газрыг нь төөрүүлэх
Хөвсгөлийн Цагааннуурт барьсан 150 хүүхдийн дотуур байр цаасан дээр бол Ханхад босгоно гээд бүр Төсвийн хуулиндаа батлаад, алх түс. Орондоо, гэртээ, нойлдоо хууль засч болохгүй, бандан тас. Гэвч Цагааннуурыг Ханх гэж ойлгоод Ханхад барих гаальчдын 8 айлын орон сууцыг Мөрөнд гэж эндүүрэх нь энүүхэнд. Аймаг нь нэг байхад сум холих юу ч биш. Дундговийн цагдан хорих байрыг Өмнөговьд барих мэтээр аймаг алгасаад хуульчлан андуурсан. Төсвийн хууль бол төсвийн хууль. Хууль бол хууль. Адилхан л Монголын алтан говь. Дундговийнхон Өмнөговьд, Өмнөговийнхон Дундговьд цагдан хоригдож болно, сэжигтний солилцоо хөтөлбөр хэрэгжүүлэх гарц байна, хууль бол хууль. Сонгинохайрханд 640 хүүхдийн сургууль барих гээд очсон чинь айлын газартай давхцжээ, өрхүүдийн дээрээс нь тоосго өрөөд уналтай биш 390 саяар үнэ өртгөө нэмээд л өөр газар сүндэрлүүлнэ. Гишгэх газаргүй хөл, барих талбайгүй байшин хотод биш хөдөө дүүрэн. Архангай, Булган, Сэлэнгэд сургууль, цэцэрлэг, заал барих гэхээр л талбай дээр нь хаанаас ч юм айл өрх гарч ирж давхардана.
7
5. Барилгын төрөл арилжих, нөхцөл нь солигдох
Төв аймгийн Баяндэлгэрт уурын зуух засварлаж өргөтгөхөөр 250 саяыг баталсан, үнэн хэрэгтээ бол соёлын төв барьчихсан. Онолын хувьд бол уурын зууханд цасан охид бүжиж, соёлын төвд яндан хөөлж болно, Завханы Улиастайд Хөгжимт жүжгийн театр барих газрын хөрсөнд 3.5 метрийн гүнд ус байна, морин цагт барь гэж “Гурван тэс” компани гурван метрийн доор тэс хөндлөн дүгнэлт гаргасан. Суурийг нь цутгахаар ухтал нэгэн алд төдийхнөөс оргилуурт булгийн ус гарч ирвэй. Усан цирк ирээд явчихдаг юм чинь Усан хөгжимт жүжгийн теарт болгож өөрчлөх үү, үгүй юу гэдэгтээ хүрээд худаг болж хувиран мөнгөн бороо асгарсан юм шүү.
7
6. Жил жилийн дамнуурга
Газар давхцах, гэнэт ус оргилох, зураггүй, төсөвгүй, явуут дундаа байлдаанд орох нь барилгын дам нурууг жилээс жилд дамнуурга болгон сунгах, хойшлуулах, мөнгөө нэмэх зэрэг дам дамаа л юм болдог байна. Геронтологийн эмнэлгийн барилгын зарим хэсгийг үлдээж, анхнаас нь бүтнээр нь биш дутуу босгох тендер зарлаж, 4 жил сунасан, мэдээж төсөв нь суга нуга өссөн. Барьж дуусгана гэсэн хугацаагаа 6 дахин сунжруулж, татсан, бүр сайхан бохь шиг сунгасан дээд амжилтыг “Арвис Интернэйшнл” ХХК тогтоожээ.
7
7. Үнэ өртөг, төсөв мөнгөө нугалах
Өмнөх зургаан аргын унац нь гэж болох үндсэн гол технологи нь үнэ өртөг, төсөв мөнгөө нуга нуга, суга суга нэмэх. Амбаар босгоход ч дүрс хэрэгтэй бол том том барилга зураг төсөвгүй эхлүүлдэг нь санаагүйнх биш байж санасных. Говь-Алтайд “Алтай” чуулгын барилгыг “Заг” ХХК аль 2007 онд зураггүй, төсөвгүй, нэг тэрбумаар барина гэж эхлээд яван явсаар 6 тэрбум 295 сая болж долоо дахин өссөн. Дарханы спорт цогцолборыг 2011 онд 11 тэрбумаар барина гэж эхлээд хоёр жилийн дараа 21 тэрбум болж хоёр дахин нуга. Зурагт тусгагдаагүй гэнэтийн ажлуудын санаандгүй нэмэлт өртөг нь 10.4 тэрбум болсон, нэхсэнийг нь өгөхгүй гэж дүгнэсэн. Мянгын талх аваарай гээд 6 мянгыг нэхвэл, 11 мянгын оймс, тэгэхдээ 21 мянгыг өгчих гэвэл хүн уурлаад авахгүй. Харин энд мянгаар биш саяар бус тэрбумаар, хүн бүрийн талх худалдан авахад дотор нь шингэсэн байдаг татварын мөнгө шуудай шуудайгаар яригдаж байна.
6
Ард түмний зовлон дээр босгох тоглоомон байшингийн шоглоомон түүхийн нууц аудитын дүгнэлтээр нээгдэв. Тоглоом тоотой, 272 барилгаас 146-г нь сэргээн үргэлжлүүлж, үлдсэн 126 нь бүрмөсөн шоглоом болсон тул царцаах биш хөлдөөх, хохирлоо буцааж авахаар хайлуулах, худалдах санал дүгнэлт гарчээ. Хаврын чуулганд тоглоомон байшингийн түүх дэлгэрэнгүй яригдана. Харин бид Заг ХХК, Нийслэл Өргөө ХХК, Гурван Тэс ХХК, Си Эйч Си ХХК, Бүтээлч Шинэ Сонголт ХХК гэх мэт ид шид, илбэ жатга үзүүлдэг компаниудыг нэхэн сурвалжилна.
:.
Г.Бат