Бид хангалттай ярилцлаа. Ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр дөнгөж саяхан л бизнес эрхлэгчдийнхээ зовлон зүдгүүрийг ТӨР нь сонсч байх шив дээ. Мөнгөний зөв бодлого, татварын таатай орчин, эрсдлээс хамгаалах тогтолцоо, импорт экспортын зөв бодлогыг л нэхэж байна. Үнэн шүү дээ. Валютын ханш нь чангарах хэрнээ татварын бодлого нь уян хатан биш. Импортын бараа нь чөлөөтэй хилээр нэвтэрч байхад экспортынх нь болохоор түмэн шалгуурыг хангаж гэмээн сая гадагш гараад байхаар нөгөө “говьд хүн болж төрснөөс хангайд бух болж төрсөн нь дээр байж” гэх үгийн шууд угтвар болж байгаа юм даа. Өөрийгөө, өрх бүл, улсаа хөгжүүлье гэсэн иргэд, аж ахуйн нэгжээс олон зуун төсөл ирсэн. Бүхий л салбарт ирж байгаа энэ төслүүдийг багцлаад оновчтой бүхнийг нь нэгтгэвэл Үндэсний хөгжлийн цогц бодлогыг боловсруулж байгаа энэ цаг үед хэрэгтэйсэн. Санал санаачилга байндаа тусч байна уу үгүй юу гэдэг талаар мэдээлэл огт байхгүй. Иргэдээрээ бүхнийг шийдүүлэх сайхан төрийн ухаан ингээд л дашийн шог.
5
Төрийн бүхий л шат дамжлага нээлттэй хаалганы өдрийг түмнээрээ тохуурах гэж байгаа юм шиг хийнэ. Бэлтэй нэг нь Чингисийн талбайд бэлгүй нэг нь бэсрэгхэн зай талбай ашиглаад хийнэ. Иргэд цувна. Нээлттэй хаалга байгаа болохоор эрхэм дээд төрийнхөө үйлчилгээг авах гэсэн бид цувна. Жилдээ ганц хоёрхон удаа хаалгаа нээж байгаа төрийн үйлчилгээг хүртэхийг зорилгүй ч яахав дээ. Бусад үед нь хаалттай гэхэд нэг их хилсдүүлэг болохгүй. Цэгцэрч байгаа ч гэсэн шинэчлэл дэндүү удаашралтай байна. Монголын төлөө зүтгэ гээд 120 мянга гаруй төрийн албан хаагчийг бид татварын мөнгөөрөө цалинжуулдаг. Монголын төлөө гэдэг маань 3 сая хүрч байгаа иргэн бүрийн төлөө юм шүү дээ. Тэрнээс өөрийнхөө төлөө биш. Тэднийг буруутгах гэсэн юм биш төрийн тогтолцоо, засаг захиргааны нэгжийн хуваарилалт чинь буруу байна аа гээд байгаа юм.
6
Гурван мянга хүрэхгүй хүн амтай сумын төв 40 мянган хүнтэй Улаанбаатарын нэгэн хорооны энтэй засаг захиргааны хувьд зэрэгцэж байна. Сургууль, эмнэлэг, төрийн үйлчилгээний ачаалал сумын төвийнхөөс хэдэн арав дахин илүү байх жишээтэй. Аймгаас сумын төв рүү зам тавихад хэдэн арван км-ээр яригддаг бол хотод хэдхэн км-ээр л яригдана. Эдийн засгийн үр өгөөжийн хувьд тэнгэр газар шиг ялгаатай. Мөнгөтэй болсон дээрээ гэсэн шиг цацсаар байгаад эдийн засгаа халааж, халаас хоосон үлдсэн. Төвлөрөлийг сааруулахын тулд хөдөө орон нутгийг дэд бүтэцжүүлэхэд асар их хөрөнгө мөнгө хаясан.
6
Үр дүн нь элсэн дээр ус асгахын дайтай л болж хувирлаа. Өлсөхөөр нь сүү цутгаад байснаас биш тоонон дээр өлгөөтэй махаараа хоол ундаа хийж идчих ухааныг заасангүй. Загас өгөх биш яаж барихыг нь эртхэн заачихсан бол хөдөө нутаг эзэнгүйрэхгүй л байлаа. Малчид мах, сүү цагаан идээгээ өндөр өгч байна гэж улиглах. Хөдөө аж ахуйн бирж босгох мөнгөө үрэн таран хийж нэгнээ шоронд хатаалгүйгээр босгочихсон бол малчдын хотноос шууд л хүн амын гуравны хоёроос илүүг өөртөө шингээсэн хот суурингийнхны хүнсний хэрэглээг элбэгхэн хангачихаж чадах байлаа. Үйлдвэрлэл аль нам нь засгийн эрхэнд байхаас үл шалтгаалаад суга өсөх байв. Ноолуур л гэхэд гадагшаа гаргахгүй л бол Эрдэнэт үйлдвэрийн орлогоос ч давсан их хөрөнгийг улсдаа оруулах тооцоо гарч байсан. Эдийн засгийн гаргалгааг зөв хийж чадахгүйгээр, намчирхаж талцаж нийтийн эрх ашгийг хойш нь тавьснаараа энэ Монгол хэзээ ч жаргалын нарыг үзэхгүй. Ууухилж утгагүй урагшлахыг биш ухаарч сэхээрч хоромхон зуур бодвол яана. Түмэн хүлгийн түрүү ажнай наадмын урд шөнө уяа засалдаа ханаад үүр цүүрээр нэг их сайхан зүүрмэглэдэг шүү дээ. Яг тэрэн шиг жаахан бодлогоширвол яасан юм бэ.
6
Яахав дээ бидний сул тал бол хоёр том их гүрний дунд түгжигдсэн далайд гарцгүй орон. Энэ ч бас нэг сул тал. Бид хойд хөршөө байгалийн асар их баялгийн далай гэж үзээд урд хөршөө үйлдвэрлэл, түүхий эдийн хэрэглээний асар том далай гээд энэ хоёр том далайг холбосон гүүр нь болбол жанжны хэлсэнчлэн хандах зүг аяндаа тогтмоор байгаа юм. Далайд гарцгүй гээд л толгойгоо салаавчлах биш сул талыг давуу тал болгох асар их боломж бий. Байгаль орчинд халгүй, хямд эрчим хүчийг яаж гаргаж авах вэ, хүнсний хангамжийг хэрхэн нэмэгдүүлж, яавал хоргүй хүнс хэрэглэх вэ, байгаль орчныхоо тэнцвэрийг яавал алдагдуулахгүй байх вэ гээд л дэлхийн ард түмэн ярьцгааж байна. Сэргээгдэх эрчим хүч экспортлох, мах сүү, үр тариагаар өөрийгөө болон бусдыг хангачих, байгальд ээлтэй ногоон технологи хөгжүүлэх боломж асар уудам Монгол нутагт минь бий. Гол нь зөв гарц гаргалгаа. Төрийг барих ухаан нь эх сурвалжийг муу судалж, дутуу тооцсонд эсвэл хэт амин хувийн эрх ашгаа хичээснээс үүдэлтэй. Шударга төр гүтгэлэг биш шүүмжлэлд дуртай, санаж сэхээрэх чадвар өндөртэй байх учиртай. Монгол төрийн мэлмий тунгалаг, зориг шулуун, санаа төгөлдөр байгаасай билээ.
7
Н.Бадамжав