Хэдэн жилийн өмнө Солонгосын Пусан хотод манай дөрвөн оюутан сурахаар очжээ. Тэд нийлж барьцаа мөнгө босгон байр хөлсөлжээ. Байрны эзэн авгай манай оюутнуудыг хүлээн авч байраа танилуулахдаа гурван зүйлийг хамгийн түрүүнд захиж зааварлажээ. Нэгд хоол ундаа хийж дууссаны дараа газын хоолойг хааж байх, хоёрт хогоо 3-4 уутанд ангилж хаяж байх. Эцэст будаа агшаагч болон угаалгын машинтай хэрхэн харьцаж асаах унтраах талаарх зааварчилгаа. Гутгаарт өгсөн зааварчилгаа манай оюутан залуусын эгдүүцлийг үнэхээр хүргэжээ. “Арай ч дээ, манайхныг юу гэж бодоод байгаа юм. Дандаа хөдөөний бүдүүлэг гээд байгаа юм уу, будаа агшаагч хэрэглэж мэдэхгүй тийм тэнэг гэж санасан юм байх даа, бид чинь хотын хүүхдүүд шүү” гэж тэд өгүүлж байлаа.
5
Ингээд оюутны амьдрал эхэлж. Манай хэд хэл, сурлага, сахилга бат бүх юмандаа ОК. Харин өнөөх хогийг ангилж хаях дээр байнга шахуу асуудалд ордог байж. Эзэн авгай аргаа барж хогоо ингэж хамаагүй хольж хаяхгүй, хар уутанд хуванцар сав, шар уутанд хоол хаягдал гэх мэтээр ангилж хийхийг удаа дараа сануулж, үүнийг сахихггүй бол зохих газраас өөр дээр нь торгууль шийтгэл тавих гээд байгаа талаар учирлаж. Үүнийгээ солонгосоор сайн ярьдаг өөр нэг монгол оюутнаар ажил болгон хэлүүлжээ.
6
Хог гэдэг бол хотжиж соёлжсон улсад дахин боловсруулагдаж баялаг болдог шахуу зүйл. Дээрх солонгос эзний хогонд яаж хандаж байгаагаас үүнийг харж болно.
Азийн цагаан дагина нэртэй хогны уут монголын хаврын синдром болох шахаж нийгмийн хэлэлцүүлэг болж, эцэст нь санал асуулгаар байх байхгүй болох хоёроо шийдүүлэх дэрээ тулжээ. Санаачлагчдын хөнгөн хуумгай захиалгаас болж сэнжгүй хийгдчихсэн хогны уут ингэж өөрөө хог болтлоо юм сонсож байна.
6
Өнгөрсөн жил бид хогны 33.3 сая уут үйлдвэрлэж, нийслэлийн 317.1 мянган өрхөд тараасан. Энэ жил 335 мянган айлд нийлүүлнэ гэж “Азийн цагаан дагина” нэртэй ногоон уутны ирээдүйн талаар хотын удирдлагууд мэдэгдээд байгаа. Өнгөрсөн жил хогны уутанд зориулж 3.2 тэрбум төгрөг зарцуулж байсан бол энэ онд 4.5 тэрбум төгрөг нэмж төсөвлөөд байгаагаа зарласнаар олны уурыг хүргээд авлаа.
Бидний хэсэг бүлэг яагаад энэ уутыг адлаад байгаа билээ. Гол үндэслэл гаргалгаа нь сургууль цэцэрлэг байхгүй байхад ийм их мөнгийг хогонд өгөх гэлээ гэдэг бухимдал.
6
Нийслэлчүүд гэж овоглогдсон бидний хогтойгоо эвлэрч амьдрахаа өмөөрөх ийм ядуу сэтгэлгээнд аваачсанд буруутан хэн бэ гэж бодогдлоо. Хариулт нь нийгмийн олонхийг хамарсан ядуурал гэвэл дөхөж буух байх. Хавтгайрсан ядуурал нийгэмд сэтгэлгээний ядуурлыг давхар дагуулж байгааг хогны ууттай хийж байгаа бидний энэ ширүүн тэмцэл харуулж байх шиг.
6
Ил задгай хог хаягдал дагаж үүсч байдаг ил харагдах, харагдахгүй явагдах олон бохир завааны хор холбогдлын талаар ногоон уутыг эсэргүүцэгчид сонсохыг ч хүсэхгүй туйлширч байна. Төсвийн мөнгийг дэмий юманд үрлээ гэж эсэргүүуцэхдээ хогийг эмхлэх эхлэл байгааг харахыг хүсэхгүй байна.
7
“Азийн цагаан дагина”-ны мөнгийг нэг цэцэрлэг болгочихьё гэж байна. Нэг, хоёр цэцэрлэг барьснаар нийт сургуулийн өмнөх боловсролын асуудал шийдэгдэхгүйг мэдэх хэмжээний ухаантай, боловсролтой хүмүүс энэ уриалгыг гаргаад байгаа нь гайхалтай. Энэхүү тэмцлийг оройлогчид нөгөө талд нь ногоон уутыг юугаар орлуулж, хог хаягдлаа хэрхэн цэгцлэх, дахин боловсруулах талаар огт ярихгүй байх юм. Бид хогондоо дэндүү ихээр дасаа юу даа гэмээр.
Ширүүн эсэргүүцэгчдийн хэл амнаас ногоон уутаа хамгаалж үлдэх гэсэн Үүл даргын санал асуулга явуулах тухай шийдвэр нь ухаалаг, ардчилсан гэхээсээ илүүтэй аргаа барсан Хотын Мэрийн ажил юм. Хогтой эвлэрч дассан массын эсрэг өөр яаж ч зогсох билээ.
6
Оюутолгой гэдэг төслөөс онгорхой нүх, бөөн өр үлдэж болох улс орны амин чухал том асуудал хэвлэлээр мэдээлэгдэж байхад чимээгүй л суух хэрнээ хогны ууттай дайн зарлах хөдөлгөөнийг ганцхан өдөрт байгуулчихаж байна бид. Мөн ч айхтар бохирдож, улс төржсөн сэтгэлгээтэй улс болжээ. Одоо нүүрлээд байгаа эдийн засгийн хямрал, хүн амын ядуурал, ахуй амьдралын доройтлоос нийгэмд үлдэх хамгийн аюултай хавдар бол энэхүү хөглөрсөн хогон дундаа цэцэрлэг барьчихья гэсэн хөөрхийлөлтэй дорой сэтгэлгээ. Хямдхан буюу 2500 төгрөг өгөөд хогоо задгайгаар нь ачуулж байсан нь дээр гэж нийслэлийн олонхийг төлөөлж дуугарч байгаа бол үнэхээр харамсалтай.
7
Төгсгөлд дурдахад солонгост очсон манай 4 оюутан төгсөж эх орондоо ирээд хогоо ангилж хаяхгүй байгаагаас болж гэрийнхэнтэйгээ муудалцдаг болсон тухайгаа хожим ярьсан. Тэд ямар мэргэжил боловсролыг хэр түвшинд эзэмшсээд ирснийг хэлж мэдэхгүй ч хотын наад захын соёлд суралцаад ирсэн нь энэ. Хотын соёлтой иргэн гэж гоё хувцастай нойтон сальфетик хэрэглэдэг хүн биш зүгээр л хогоо ангилаад гаргаад хаячихдаг л хүн юм шүү дээ.
7
Пүрэвжавын Баярхүү / тоймч /