Манай гэрт шуугиан дэгдээд. Зөндөө олон сар хайсан оймс маань олдоод, бөөн шуугиан болдог байна ш дээ. Хаанаас олдсон нь чухал биш, өдий олон сар хайлгасан нь л шуугианы шалтгаан болов. Гэрт арай гэж нэг юм шуугиан намжиж, интернет рүү орох боломж гарлаа. Гэтэл интернетэд бас бөөн шуугиан. Аав нь хүүгээ хазаж шуугиан дэгдээсэн гэнэ. Бас Энхмөнхөд хүчиндүүлсэн Дэлгэрмаагийн хөхөө гаргасан зураг цацагдаж, шуугиан дэгдээчихэж. Бас нэг миссийн нүцгэн зураг шуугиан тарьчихсан байна. Шивээсчин залуу баячуудын эхнэрт шивээс хийсэн нь бас л шуугиан. Жүжигчин Б.Шүүдэрцэцэгийн бүжиглэж байгаа бичлэг ч шуугиан дэгдээсэн. 3 охин хамтлагийн Анхмаагийн хэн ч хараагүй зурагнууд бас л шуугиан тарьчихаж. Тэгэхээр миний оймс олдсон нь чамлахааргүй шуугиан л гэсэн үг. Нэмэр дээр нэрмээс гэгчээр нэг гэлэнмаа дуулаад, youtube-д шуугиан тарьжээ. Бас Кетти Перри өтгөн ногоон үстэй болохыг хүсдэг гээд шуугиан тарьчихаж. Дээр нь Жастин Бибер шивээс хийлгээд шуугиан дэгдээчихсэн гэнэ.
6
Хамгийн сонирхолтой нь энэ бүхэн бүгдээрээ шуугиан дэгдээлээ гэсэн гарчигтай. Ер нь сүүлийн үед цахим ертөнцөд шуугиан дэгдээлээ гэсэн гарчиг брэнд болоод байгааг та бүхэн анзаарсан байх. Харин тухайн үйл явдал шуугиан дэгдээлээ гэж сүржигнэх хэмжээний эсэх нь бас эргэлзээтэй. Ер нь бол миний оймс олдсон нь Б.Шүүдэрцэцэгт, Дэлгэрмаагийн хөхөө гаргасан нь надад хамаатай асуудал биш. Кетти Перри өтгөн ногоон үстэй болох, Жастин Бибер шивээс хийлгэх нь монголчуудад түй ч хамаагүй. Тэр байтугай Монголын мисс Сэлэнгээ нүцгэн зургаа авахуулсан нь монголчуудын дунд шуугиан тариад байх асуудал биш. Харин энэ бүхнийг “шуугиан дэгдээлээ” хэмээн сүржигнэх нь жинхэнэ солиорол биш гэж үү.
6
Цахим ертөнцийн хил хязгааргүй мэдээлэл дунд оюун санаа гутааж, мэдрэл ядраасан зүйл ихэнх хувийг эзэлдэг нь харамсалтай. Фэйсвүүк, твиттерт эхнэр, нөхөр нь араар нь тавьж, тавиулсан ор хөнжлийн асуудлаар дүүрэн. Дээр нь өдөрт хэдэн удаа хүндэрсэн, хэнтэй сексдсэн, ямар хоол идсэн зэргээр амьдралаа хүүрнэн өгүүлэгчдийн хэнээ нэмэгдэнэ. Бас хий дэмий сүржигнэсэн шуугианууд. Хамгийн ноцтой нь төрийн албаныхны матаасны талбар. Бие биенийхээ мууг үзэх гэсэн шуугиан жинхэнэ утгаараа цахим ертөнцөд өрнөдөг. Төрийн албыг залгуулж байх ёстой хүмүүс цахим ертөнцийн солиорол дунд тонгочиж, бие биенээ матаж суух нь зүй ёсны эрх чөлөө биш. Хэдийгээр бусадтай адил хүн ч гэлээ төрийн гэсэн тодотгол эмх замбараатай, шүүлтүүртэй байх ёстой. Харин энэ бүхний дундаас хуруугаар өлгөөд авчих хэрэгтэй мэдээлэл ганц ч байхгүй. Бие биенээсээ хуулсан тураах зөвлөгөөг эс тооцвол амьдралд хэрэгтэй зүйлээр дэндүү хомс.
6
Сэтгүүлзүй хэд хэдэн үүрэгтэй. Хамгийн чухал нь мэдээлэх. Дээр нь зугаацуулах гэсэн үүрэг бий. Энэ нь оюун санааны хувьд таашаал авах гэсэн утгыг давхар агуулна байх. Хэрэв цахим ертөнцийг сэтгүүлзүйн нэг хэлбэр гэж үзвэл энэ үүргүүдийг гүйцэтгэх ёстой. Харин хий хоосон сүржигнэл, хэн нэгний нүцгэн зураг, хүний ор дэрний асуудлаас таашаал авч, зугаацах нь юу л бол.
6
В.Хэрлэн