Эдийн засгийг “эмчилсэн” долоо хоног
2014-03-31

Гуравдугаар сарын сүүлийн долоо хоногт эх оронд өрнөсөн үйл явдлуудаас тоймлон хүргэж байна. Урин цаг аль хэдийнэ айлчилж, хаврын анхны бороо орсон налгар өдрүүд өнгөрлөө. Гамшгаас хамгаалах дуут дохио дуугарч, Ерөнхийлөгч Япон руу эмчилгээнд яван, Төрийн ордонд томоохон хурал зөвлөгөөнүүд болж амьдрал буцалсан долоо хоногийг тоймлоход ийм байна.

.

Төрийн ордонд цугласан 800

Монгол Улсын эдийн засагт хамаатай асуудлыг ярьж, цаашдын зорилго, төлөвлөлт, хөгжлийн гарцыг хөнддөг эдийн засгийн чуулга уулзалт гурав дахь жилдээ болж өнгөрлөө. Дотоодын төдийгүй гадныхны анхаарлын төвд байдаг энэхүү чуулга уулзалт Монгол Улсын эдийн засгийн орчин, татварын тогтолцоо, бизнес эрхлэх нөхцөл боломж, хууль эрхзүй гээд олон асуудлын үндэс суурь болдог учраас ач холбогдол өгөх нь зүйн хэрэг. Жил бүрийн чуулганаар зөвхөн хөгжлийн тухай ярьсан. Харин эдийн засагт тавьсан оношоо тууштайхан эмчилж чадаагүй нь бидний алдаа гэдгийг хэлж байна. Тиймээс сульдаатай эдийн засагтаа дархлаа суулгахын тулд Монголын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх хэрэгтэйг чуулга  уулзалтад оролцсон төлөөлөгчид сануулж байсан юм. Экспортын орлого хумигдаж, дотоод зах зээлд долларын ханш савлагаатай, нүүрсний салбар тэг зогсолт хийсэн гээд энэ удаагийн чуулганаар тоочих зовлон их байлаа. Төрийн ордонд цугларсан 800 төлөөлөгчийн гол санаа бол өнгөрсөн алдаагаа давтаад суух биш өнөөдрөөс хөгжлийнхөө төлөвлөлт, зорилтыг тодорхойлох. Үүний тулд “Монголдоо бүтээцгээе” төсөл хэрэгжүүлж байгаа Засгийн газрын бодлого байгаа оноосой хэмээн ихээхэн итгэл тавьж байгаа бололтой. Нөгөө талаар Монголын эдийн засаг хэт үрэлгэн байгааг, монголчууд авсан цалин хөлсөө тансаг хэрэглээнд зарцуулж буйг  ч чуулга уулзалтад оролцогчид шүүмжилсэн.  Тэгэхээр үрэлгэн Монголоос өрсөлдөгч Монгол руу шилжихийн тулд асар их хөдөлмөр, зүтгэл, бодлогын асар том өөрчлөлтүүд хэрэгтэй гэдгийг чуулганы уур амьсгалаас харж болно. Энэ удаагийн чуулган Ерөнхий сайдын хэлсэнчлэн өнгөрсөн цагийн алдаа юу байв гэдгийг олж харахад ихээхэн дөхөм болсон биз ээ.

:

Том үр дагавартай жижиг асуудал

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 16 дугаар хуралдаанаас хогны уутны талаар иргэдийн дунд санал асуулга явуулах шийдвэр гаргажээ. Азийн цагаан дагина нэртэй хогны уутыг тараахыг үргэлжлүүлэх эсэхийг иргэдээс асуух гэнэ. Өнгөрсөн жил гурван тэрбум төгрөгийн үнэтэй хогны уут тараасан. Энэ жил 1.5 тэрбум төгрөг нэмэгдэж, нийт 4.5 тэрбум төгрөгийг хогны ногоонд уутанд зарцуулахаар шийдсэн нь олон нийтэд таалагдаагүй. Тиймээс санал асуулга явуулах шийдвэрийг гаргаж. Хог хаягдлын менежментийн хүрээнд 9.7 тэрбум төгрөг хуримтлагддаг гэнэ. Орон сууцны айл өрхийн хогондоо төлж буй 2500, гэр хорооллын айлын 2000 төгрөгийн 1415 төгрөг нь  15 ширхэг хогны уут болон эргэн очиж байгаа аж. 1085-585 төгрөг нь тээвэрлэлтийн зардалд зарцуулагддагийг хотын удирдлага танилцуулжээ. Зарцуулалт нь ил тод юм байж. Гэвч зөвхөн хогны уут, хогон дээр хог болох зүйлд тэрбум тэрбумаар зарцуулна гэдэг өнөөгийн нөхцөлд байж боломгүй асуудал. Хогны мөнгөөр хог хийж байхаараа хогны үйлдвэр байгуулж болно. Эсвэл байгуулсан үйлдвэрээ ажиллуулах хэрэгтэй. Хогны мөнгөөр сургууль, цэцэрлэг байгуулж өөр зүйлд зарцуулах нь хууль эрхзүйд харшилдаг гэнэ лээ. Тэгвэл уут биш өөр арга замаар хогонд зарцуулах шаардлага байна.

 .

Ноён ногооны солиорол

Ноён доллароос хэтэрхий хамааралтай бидэнд түүний солиорол хүнд тусч байна. Талх тарианаас эхлээд өмсч зүүх бүхэнд халтай энэ солиорол дахиад эхлэв. Нэг ам.доллар 1780 төгрөгтэй тэнцэж, хөөрхий төгрөг элгээрээ мөлхөхдөө тулан тарчилж байна. Ер нь он гарснаас хойш төгрөг нар харсангүй. Ноён доллар байнгын савлагаатай байж, монголчуудын амьдрал, төгрөгийн хувь тавиланг дээсэн дөрөөн дээр дэнжигнүүлж байна. Ноён ногооны солиорлын шалтгаан нь гадаад зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унасан, нүүрсний экспорт зогсонги байдалд орсон, хөрөнгө оруулалтын үзүүлэлт сайжрахгүй байгаа зэрэг гэнэ.

Ялангуяа он гарсаар нүүрснээс орж ирэх мөнгөний урсгал багагүй царцсан нь дотоодод зарагдаж буй валютын ханшид сөргөөр нөлөөлөх болсон гэдийг тооны ухааныхан хэлдэг. Уг нь ам.долларын ханшийг 1384 төгрөгт барина гэж Эдийн засгийн хөгжлийн яамнынхан том амалсан юмсан. Энэ ёроор бол амлалт талаар өнгөрөх бололтой.

 __

Хувь заяаг нь банк шийдэх 888

Шинэчлэлийн Засгийн газраас нээлттэй зарласан экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үйлдвэрийн төслүүдийн шалгаруулалт дуусч, 888 төсөл шигшигдэн үлдсэн. Импортыг орлох, экспортыг дэмжих нийт 1151 төслөөс үлдсэн 888 маань арилжааны банкнуудын шүүлтэд очиж байна. Өөрөөр хэлбэл, уг төслүүдийг санхүүжүүлэх эсэхээ банк шийднэ гэсэн үг. Харин арилжааны банкууд эдийн засагт хурдан өгөөжөө өгөх, зээлийн эргэн төлөлтийн чадвартай байх, экспортыг дэмжих, импортыг орлох зэрэг шалгуурыг тавих гэнэ.

888 төслийг нийт 44 бүлэгт ангилан импортыг орлох, экспортыг дэмжих, дотооддоо үйлдвэрлэж дотоодын хэрэгцээг хангах гэсэн гурван үндсэн чиглэлд хуваасан байна. Зээлийн хувьд хүү нь 9 хувиас хэтрэхгүй, эхний нэг жилийн хугацаанд зөвхөн хүүг төлж, үндсэн төлбөрөө төлөхгүй байх зэрэг уян хатан нөхцөлтэй аж.

:

В.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
alban tasalgaa,amraltiin bolon vip uruund bairshuulan dasgal surgalt hiij togloj boloh office golfiin ij burdeluud zarj bna.uund:modon suuritai ni(3m urt 2zamtai zulegtei,bombog butsaagchtai,tsohiuriin taviurtai,putter-n set)-350000tog,abc suuritai ni(3m urt 2zamtai zulegtei,putter-n set)-230000tog,abc suuritai(3m urt 1zamtai zulegtei,putter,2sh bombogtei)-180000tog,dasgal surgaltiin tsohilt hiih tor(3m urt*2.20h*1.80orgon,10sh golf bombogtei)-290000tog,golf surgaltiin zoolon bombog-2500tog.zurgiig ni oruullaa.ulaanbaatar ih delguur 3 davhart-my sports shop.utas:95000020,95050020
2014-03-31
123852:
долларыг 1384 төгрөгт барина гэж уих-д оруулсан засгийн газар, түүнийг баталсан уих огцорвол яасан юм бэ доллар 1800 хүрлээ удахгүй 2000 болох вий дээ
2014-03-31