Төрийн ажилд залгамж халгаа байх тухай үеийн үед яригдсаар ирсэн. Өмнөх даргын хийж байсан ажлыг өнөөгийн дарга үргэлжлүүлнэ гэсэн утгатай үг байх. Мэдээж авах гээхийн ухаанаар хандах нь зүйн хэрэг. НИТХ-ын даргаар Т.Билэгт, хотын захирагчаар Г.Мөнхбаяр нар ажиллаж байх үед гялгар уутнаас татгалзах тухай нэгэн захирамж гарч байлаа. Тэнд гялгар уутыг байгаль орчинд хор хөнөөлтэй, шингэхгүйгээр хөрсөнд хэдэн мянган жилээр хадгалагддаг гэх мэт сөрөг нөлөөг дурдаж, нийслэлчүүдийн хэрэглээнээс хасах тухай дурдсан байсан санагдана. Тэгээд эко уут, даавуун уут, цаасан уут гэх мэт орлох бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, дэлгүүрийн лангуунд тавьсан. Өнөөдөр ч түүний үлдэгдэл зарим нэг дэлгүүрийн лангуун дээр харагддаг. Энэ захирамжийн хэрэгжилт хангалттай байгаагүй. Гэхдээ захирамж хүчингүй болоогүй, өнөөдөр ч хэн нэгэн албан хаагчийн бичиг цаасан дунд байж л байгаа.
.
Харин өнөөгийн хотын удирдлагууд гялгар уутыг тахин шүтэх болов. Тэгээд зогсохгүй хотын төсвөөс 4.5 тэрбум төгрөг зарцуулж, “Азийн цагаан дагина” нэртэй ногоон уутаар нийслэлчүүдийг хангах гэнэ. Өнгөрсөн жил 3 тэрбум төгрөгийн үнэтэй ногоон уутаар хангасан л гэнэ. Уг нь нэг айлд сар бүр 15 ширхэг ногоон уут очих ёстой юм байна. Би л хувьдаа ногоон уутыг барьж ч үзээгүй (СӨХ-ны мөнгөө тогтмол төлдөг). Энэ завшааныг ашиглаад хов зөөхөд, хотын даргаа таны тэрбум тэрбумаар хийсэн ногоон уут Баянгол дүүргийн зургаадугаар хорооны иргэдэд хэр хүртээмжтэй байгааг асуугаад нэг үзээрэй. Хогоо хийж хаях нь битгий хэл барааг нь ч хараагүй оршин суугчид зөндөө бий.
.
Нийслэлчүүд бүхэлдээ биш ч тодорхой хэсэг нь ногоон уут хэрэглэхийг хүсэхгүй байна. Үнэгүй зүйл гэж хаана ч байдаггүй. Урьд өмнө төлсөн эсвэл хэзээ нэгэн цагт үнийг нь төлөх зүйлийг л үнэгүй гэдэг. Харин ногоон уутыг үнэгүй тараана гэж байгаа боловч нийслэлчүүд аль хэдийнэ мөнгийг нь төлчихсөн. Гэр хорооллын айл өрх сар бүр 2500, орон сууцны оршин суугчид 3000 төгрөг төлчихсөн учраас ногоон уут үнэн хэрэгтээ үнэгүй зүйл биш. Тэгэхээр үнийг нь төлчихсөн зүйлийг үнэгүй хэмээн тарааж байгаа нь нийслэлчүүдийг тэнэг гэснээс ялгаагүй.
.
Нийслэлчүүд төлсөн мөнгөө гялгар уут болгон эргүүлж авахыг хүсэхгүй байгааг дахин хэлье. Учир нь бидэнд хогоо хийгээд хаях гялгар уут хангалттай бий. Дэлгүүрээс нэг талх авсан ч гялгар уутанд хийж, түүндээ 100 төгрөг зарцуулсан байхад зүгээр хаяна гэж үү. Ядаж хогоо хийгээд чулуудана шүү дээ. Хотын дарга “УИХ-аас баталсан Хог хаягдлын тухай хуулинд хогны хураамжаас төвлөрч байгаа хөрөнгийг хэрхэн зарцуулахыг маш тодорхой зааж өгсөн байдаг. Хуулиараа энэ мөнгийг эмнэлэг, сургууль, цэцэрлэг барихад зарцуулах учиргүй юм. Тэгвэл бид хууль зөрчсөн болно” гэсэн тайлбарыг өгчээ. Нийгэмд зайлшгүй шаардлагатай зүйлд зарцуулахаар хууль зөрчих гээд байгаа бол хогондоо л зориулъя. Ингэхдээ гялгар уут хийж, хогон дээр хог нэмэхгүй. Харин ангилан ялгаж хийдэг хогийн саванд зарцуулж болно. Эсвэл хэзээ ажиллах нь мэдэгдэхгүй хаалттай байгаа хогны үйлдвэрээ амь оруулах боломжтой. Солонгосын буцалтгүй тусламжаар Нарангийн энгэрт хогны үйлдвэр байгуулагдсан. Нийслэлчүүдийн гаргаж байгаа хогны 80 хувийг боловсруулж, түлш болгоно, 40 хүнийг ажлын байраар хангана гэж гоё сайхнаар яригдаж байсан хогны үйлдвэр өнөөдөр ч хаалттай. Гэтэл гялгар уутанд тэрбумыг зарцуулна гэж ядмагхан сэтгэж, муйхарлан зүтгээд байгааг ойлгохгүй юм. Эцэст нь хотын даргад чамгүй унацтай ажил гэж хардахаас өөр тайлбаргүй болгож байна.
.
Хотын дарга Э.Бат-Үүл хогонд хэмнэлт гаргана гэдэг утгагүй зүйл хэмээн ярьжээ. Хэн ч хэмнэлт гаргах тухай яриагүй. Харин хөрөнгө мөнгийг үр дүн нь гарах товчхондоо зөв зүйлд зарцуулахыг шаардаж байгаа. Хотынхон үнэгүй зүйл тэр дундаа үнэгүй гялгар уут авахыг хүсэхгүй байгааг гурав дахь удаагаа хэлье. Харин өгөх гэж дайраад байгаа баатар даргын ухааныг огтоосоо ойлгохгүй байна.
.
В.Хэрлэн