Монголыг Крымийн араас явуулах тухай хэлэлцүүлэг Хятадын жиргээчдийн дунд ид өрнөж байна. Ингэхдээ “1945 оны аравдугаар сард 50 мянга хүрэхгүй хүн оролцсон санал асуулгаар Хятадын газар нутгийн 15 хувийг салган авсныг мэдэх үү” гэсэн өдөөн хатгалга маягийн жиргээ Хятадын Вэйбо сүлжээгээр тархаж байна. Товчхондоо “Хятадын Засгийн газар Монголыг хэзээ буцааж авах уу” гэсэн асуултын хүрээнд хятадууд өөр өөрийн үзэл бодлыг уралдуулж байгаа нь энэ.
6
Дунд сургуулийн сурах бичигтээ хүртэл Монгол Улсыг Хятадын нэг муж улс хэмээн тэмдэглэсэн тэдэнд ингэж ярих нь энүүхний асуудал. Аль эртний далдын санаархалаа Орос Крымийг авах цагаар ил болгосон нь цаанаа учиртай. Хэдийгээр энэ мэдээлэл Хятадын эрх баригчдын албан ёсны үзэл бодол биш ч бүх хятадыг хамарсан өргөн сүлжээгээр яригдаж байгаа нь энгийн нэг сенсааци биш. Орос Крымийг нэгтгэсэн нь хятадуудад хувьсгалын тохироо бүрдсэн мэтээр харагдаж, Монголыг өөрийн болгох хүслээ ил тодоор илэрхийлж байгааг санаж явахад илүүдэхгүй л асуудал. Дээр нь санал асуулгаар нэг улсын хувь заяаг шийддэг жишиг тогтож буй энэ үед анхаарал болгоомж илүүдэхгүй л болов уу.
5
Энэ жиргээний араас “Хятадууд Крымийн араас Монголыг нэгтгэх бүх нийтийн санал асуулга явуулахыг уриалж байна” гэсэн гарчигтай нийтлэл хэвлэгдсэн нь энэ асуудал хэрхэн газар авч байгааг харуулна. Хэдийгээр ах дүүгийн найрамдал, сайн хөршийн харилцаа гэх мэтээр Хятадын эрх баригчид яаран хөдлөхгүй байж болох ч олон нийт нь Монголыг нэгтгэх асуудлаар санал асуулга явуулахыг шаардаж болзошгүйг энэ үйл явдал харуулж байна. Нэгэн цагт эзэмшил байсан газар нутгийг Зөвлөлтийн дэмжлэгтэйгээр Монголд өгсөн гэдэг хятадууд энэ удаа Крымийг Оростой нэгтгэх асуудалд нааштай хандсан. Тэгэхээр хятадууд хэзээ нэг өдөр Оросоос хариу нэхэх нь мэдээж. Харин тэр хариу Монголыг Хятадад нэгтгэх тухай байж болзошгүй гэсэн таамгийг ч дэвшүүлж болох. Тэр үед бусад улсууд, гуравдагч хөрш гэгддэг АНУ яаж ч чадахгүй. Яг л Крымийн асуудал шиг энүүхэндээ шийдэгдчихнэ.
6
Монгол Улсын урд хэсэг бүхэлдээ Хятадтай хиллэдэг. Энэ хилийг бүхэлд нь улаанаар тэмдэглэж, Хятадын газар нутаг хэмээн жиргэсэн нь монголчууд ч нэгийг бодож, нөгөөг эргэцүүлэх шаардлага гарсныг илтгэнэ. Монголын үүц баялагтай газар нутаг Хятадынх гэсэн мессежийг ч дэлхий нийтэд тарааж эхлэхийг үгүйсгэхгүй. Эхлэл нь хятадууд Монголыг нэгтгэх санал асуулга явуулахыг уриалж байна гэсэн нийтлэл байж ч болох юм.
7
Ямар нэг муу зүйл ёрлох гэсэнгүй. Крымд өрнөсөн дүр зураг Монголд өрнөхгүй гэсэн найдвартай баталгаа байхгүйг хэлэхийг хүслээ. Нэг л өдөр хятадууд манайх руу чичирч болзошгүй нь. Үүнийгээ ч ил цагаанаар илэрхийлээд эхлэх шиг.
6
В.Хэрлэн