Гуравдугаар сарын гурав дахь долоо хоног баяр, тэмдэглэлт өдрүүдээр бялуурам ажээ. Мягмар гаригт Цэргийн баярыг тэмдэглэж эхэлсэн баярын долоо хоног Яруу найргийн өдөр, Усны өдөр, Монгол хүн сансарт ниссэн өдөр, Цаг уурчдын өдөр, Наурыз гэх мэтээр үргэлжиллээ. Хүн бүхэн хамаатай биш ч нийгмийн хэсэг бүлэг хүмүүсийн баярлах шалтгаан болсон баярын долоо хоногт өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэж байна.
ххх
Хуульзүйн салбарын толхилцоон
Хуульзүйн сайд Х.Тэмүүжиний нэртэй хамт яригдаж буй хуульзүйн салбарын шинэтгэл эрхзүйн хүрээнд нэлээд дорвитой хийгдэж байна. Энэ салбарын томоохон хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулж, зарим нь мөрдөгдөөд эхэлсэн. Тухайлбал Цагдаагийн албаны тухай хууль шинэ он гарангуут хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулийг хэрэгжүүлэхэд цагдаагийн байгууллага чухал үүрэг нөлөөтэй. Харин цагдаагийн байгууллагын удирдлага шинэчлэл хийгчхоёрын хооронд үүссэн зөрчил эхэлсэн ажлыг бүтэмжтэйгээр үргэлжлүүлэхэд саад болох бололтой.
a
Цагдаагийн ерөнхий газрын дарга Б.Билэгт Хуульзүйн сайд Х.Тэмүүжин нарын хооронд үүссэн зөрчил нэлээд өндрөө авч, албан тушаал, суудалтай яригдах болов. Уг нь Х.Тэмүүжин сайд цагдаагийн байгууллагад шинэчлэл хийхэд дэмжлэг болно хэмээн Б.Билэгтийг даргаар нь томилсон. Харин энэ томилгоо алдаа байсныг сайд хэлж, Б.Билэгтийн суудлыг Засгийн газрын хуралдаанд асуудал болгон оруулахад хүрч буйгаа хэвлэлээр дуулгасан. “Гяндан” сандлаас эхэлсэн сайд дарга хоёрын зөрчил одоо нэгнээ тагнаж чагнах хэмжээнд хүрсэн нь нэгэнт тодорхой болов.
a
Өнгөрсөн баасан гаригт хуралдсан Засгийн газрын хуралдаанд Б.Билэгтийг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг оруулах таамаг байсан ч энэ долоо хоногт чимээгүй өнгөрөв. Ямар ч байсан цагдаагийн байгууллагад өөрийн хүрээллийг бий болгож, шинэчлэл хийхэд саад болж буй нэр зүүгээд байгаа Б.Билэгт энэ суудалд удаан суух эсэх нь эргэлзээтэй болов. Харин түүний оронд хэнийг томилохоо салбарын сайд нь шийдээгүй байгаа гэнэ лээ.
аа
Гурван сарын цэрэг
Залуус их дээд сургуульд суралцаж байх хугацаандаа цэргийн алба хаах боломжтой болов. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хэрэгжих “Оюутан-цэрэг” хөтөлбөр дөрөвдүгээр сарын нэгнээс орон даяар эхлэхээр нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээний үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан “Монгол Улсын Ерөнхийлөгч 92 дугаар зарлиг гаргахдаа монгол залуус болгон эх оронч, эх орон, тусгаар тогтнолынхоо үнэ цэнийг мэддэг, зэр зэвсэгтэй харьцаж чаддаг, бие бялдар сайтай, эх орныхоо дөрвөн зүг, найман зовхисын түүх шаштирыг мэддэг, эх оронч үзэлтэй, эх орны цэрэг болж төлөвших өргөн утга санаагаар энэ хөтөлбөрийг санаачилсан юм” гэдгийг онцолжээ. Харин гурван сарын хугацаанд энэ бодлыг хэрхэн төлөвшүүлэх нь одоохондоо асуулт хэвээр байгаа ч энэ зунаас үр дүн нь харагдах биз ээ.
s
Төрийн албаны тухай хуульд 2008 онд нэмэлт, өөрчлөлт оруулж, 1990 оны тавдугаар сарын 6-ны өдрөөс хойш төрсөн залуус цэргийн алба хаагаагүй бол төрийн жинхэнэ алба хаших эрхгүй болсон. Хуулийн энэ өөрчлөлтөд зориулан гаргасан оюутан цэрэг хөтөлбөр гурав, нэг жилийн цэргийн алба хаасан эрчүүдэд таатай сэтгэгдэл төрүүлэхгүй байгаа. Цэргийн албыг ор нэр төдийхөн болголоо хэмээн үзэгчид ч цөөнгүй бий. Ямартай ч залуус дөрвөн жилийн хугацаанд маш их зүйлийг амжуулах боломж нээгдлээ. Мэргэжилтэй боловсон хүчин болохоос гадна цэргийн албаа ч хаана. Харин энэ нь төгсөөд төрийн албанд ажиллах үүд хаалга давхар нээгдэж байгаа гэсэн үг юм.
ааа
МАН-ынханд хийх ажил алга
Удаа дараагийн сонгуульд ялагдаж, УИХ-ын цөөн хэдэн суудлаас өөрцгүй хоцорсон МАН-ынхан хийх ажлаа олж ядаж байгаа бололтой. Эрх баригчдыг шүүмжлэхийн тулд шүүмжилж, ард түмний төлөө хэмээн хэдэн зах, худалдааны төвөөр явахаас өөр ажилгүй тэд хийх байх зүйлээ олж ядаж байгаа бололтой. Ямар сайндаа л Лениний музейг оросууд манай намд бэлэглэсэн хэмээн зөрүүдэлж суухав.
a
Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл Лениний музейг хүлээн авахаар товлосон цагтаа ирсэн ч МАН-ынхан луу унжив. Тус барилгыг үлэг гүрвэлийн музей болгохоор төрийн мэдэлд авахыг хүсч бүр шүүхийн шатанд тулсан ч МАН-ынханд үүнтэй зууралдахаас өөр хийх ажил алга бололтой. Шат шатны шүүхээс төрийн мэдэлд шилжүүлсэн шийдвэр гарсан ч түлхүүрээ өгөхгүй зөрүүдэлж, одоо бүр орос ах нар найрамдлын баталгаа болгон бидэнд бэлэглэсэн хэмээн гүрийх болов. Ингээд ч зогсохгүй шинэ нөхцөл байдал үүссэн учраас дахин шүүхэд хандах гэнэ. МАН-ынханд хийх ажил олдохгүйдээ төрийн ажлаар тоглоом тохуу хийж сууна.
аа
ГССҮТ шинэ даргатай болов
ГССҮТ-ийн захирлын сонгон шалгаруулалтад тэнцэж, Эрүүл мэндийн сайдын тушаалаар сонгогдсон А.Мөнхтайван ажлаа хүлээж авах гэж хоёр өдөр тус эмнэлгээр эргэлдэв. Ажлыг нь хүлээлцэх гэж Эрүүл мэндийн яамны эрх бүхий албан тушаалтнууд ч хоёр өдрийн ажлаа алдав. Шалтгаан нь ГССҮТ-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ц.Энхбаяр өрөөнийхөө хаалгыг түгжээд, хэл чимээгүй алга болчихож. Хэвлэлийн хурлаар ээлжилж хэрэлдэн, эрс эсэргүүцсэний эцэст гэмтлийнхэн өөр даргатай болохоор болсон. Эрүүл мэндийн яам, Төрийн албаны зөвлөлийн сонгон шалгаруулалтад ганцаараа тэнцсэн А.Мөнхтайван тус эмнэлгийг удирдахаар салбарын сайдын тушаалтай очсон ч Ц.Энхбаярын увайгүй үйлдэл хоёр өдөр чирэгдүүлсний эцэст гэмтлийнхэн шинэ даргаа хүлээж авав.
өө
В.Хэрлэн
Уншиж байна |