Манай улс гадны зээл тусламжаас татгалзаад байдаггүй ч хэн нэгэн өөрийн биеэр удаа дараа ирж, зааж зөвлөж байсан нь ховор. Тэр дундаа дэлхийн томоохон гүрний эрх баригчдын нэг байсан эрхэм хөгжиж буй статустай Азийн Монголд анхаарлаа хандуулах болсон нь хэн бүхэнд сонирхолтой. Ингэхдээ Монгол төрийн эрхмүүдтэй ээлж дараалан сэм уулзаж, ярьж хэлсэн зүйлс нь ч нууц болон үлдэж буй нь хариултаа нэхсэн олон асуултыг араасаа дагуулах нь зүйн хэрэг. Чухам юуны учир Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр эх оронд минь үе үе саатаж, эрх мэдэл бүхий хүмүүстээ уулзав?
аааа
Түүний гол зорилго нь Монголын Засгийн газарт зааж зөвлөх гэнэ. Тони Блэйр боловсрол, эрүүл мэнд, орон сууцны хангамжийг сайжруулах, ажлын байр, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх гэсэн чиглэлүүдээр бодлого боловсруулахад заавар зөвлөгөө өгөхөөр гэрээлсэн. Товчхондоо манай улсын толгойны өвчин болсон салбаруудыг анагаах арга замыг эрэлхийлэх чиг үүрэгтэй юм уу даа. Энэ ажлаараа ч олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, дэлхийн өнцөг булан бүрт түүнээс заавар зөвлөгөө авагчид бий тухай гадны хэвлэлүүдэд бичигдсэн байдаг. Энэ бүхний хажуугаар түүнийг чамгүй сайн хутган үймүүлэгч гэсэн тодорхойлолт ч дурдагддаг. Заавар зөвлөгөө, тусламж гэсэн нэрээр хөгжиж буй орнуудад чамгүй сайн хутгуур хийдэг хэмээн олон улсын түвшинд яригддагийг манай төрийн эрхмүүд гадарлах биз.
ааа
Хоёр өдрийн өмнө бууж мордоод буцсан эрхэм энэ удаа МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогттой уулзжээ. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгийн урилгаар ирж, Засгийн газарт заавар зөвлөгөө өгч байсан Тони Блэйр ээлжит уулзалтаа сөрөг хүчний удирдлагатай хийсэн нь сонирхол татав. С.Бямбацогттой уулзах үеэрээ тэрээр улс төрийн аль нэг намын эрх ашгийн үүднээс бус улс орны хөгжлийн асуудлаар явж байгаагаа онцолсон байх юм. Мэдээж нэг улс төрийн хүчнийг сонирхож байлаа ч Монгол Улсын Засгийн газарт нэг жилийн хугацаатай зөвлөх хийх хүн туйлын сонирхлоо шууд ил гаргахгүй. Тони Блэйр өнгөрсөн оны есдүгээр сард манай улсад ирэхдээ УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболдтой уулзаж ярилцсан байдаг. Ингэхдээ өөрөө хүсэлт гаргаж, МАН-бүлгийн тухайн үеийн даргатай уулзсан ч ярилцсан зүйл нь тодорхойгүй. Тэгэхээр МАН-ын бүлгийн даргатай хийсэн хоёр дахь удаагийн уулзалт танилцах зорилготой гэнэтийн тохиол байгаагүй нь ойлгомжтой.
аааа
Харин МАН-ын бүлгийн дарга Засгийн газрыг гадны зөвлөхөд нь нэлээд сайн матсан бололтой. Ингэхдээ сүүлийн нэг жилд гадаадын хөрөнгө оруулалт 50 гаруй хувиар доошилж, Засгийн газрын өр 100 орчим хувиар нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар 25 хувиар буурч, эдийн засгийн өсөлт нэг оронтой тоонд очих хүндхэн нөхцөл байдал үүсчихээд байгаа хэмээн долоон булчирхайгаа тоочихдоо өөрсдийгөө хаацайлахаа ч мартсангүй. Тэрээр “МАН олонх байхдаа улс орноо дорвитой хөгжүүлэх бодлогыг нэн тэргүүнд тавьж хамтарсан Засгийн газар байгуулснаар гацаанд байсан томоохон төслүүд тухайлбал, Оюутолгой, Тавантолгой, Төмөр замын төслүүдийг хөдөлгөөнд оруулж, аймгийн төвүүдийг автозамтай холбосон” хэмээн хөнжилдөө жийлцсэн хөлөө хүний хүнд ил тод харуулжээ. Харин зөвлөх маань энэ бүхэнд тодорхой байр суурь илэрхийлсэнгүй. Зөвхөн дахин уулзах бодолтой байгаагаа хэлсэн байх юм. Сөрөг хүчний амнаас эрх баригчдын талаар таатай зүйл олж сонсохгүй. Эрх баригчдад зөвлөх гэрээ байгуулсан хүн сөрөг хүчний удирдлагатай хоёр ч удаа уулзсаныг өөр өөр өнцгөөс тайлбарлаж болно. Бусдын амнаас алдаа дутагдлыг нь сонсч, засч залруулахыг хүссэн гэж сайн талаас нь харж болно. Нөгөө талаар Засгийн газрын үйл ажиллагаанаас сиймхий хайсан байж ч болох. Ямартай эл эрхмийн энэ удаагийн уулзалт зөвлөх гэхээсээ илүүтэй тандсан байдалтай байсан нь уулзалтын протоколь мэдээнээс харагдана.
ааа
Байн байн Монголд бууж мордох болсон энэ эрхмийг төрд хэрэгтэй зайран уу эсвэл олон улсад тодорхойлогдсон хутган үймүүлэгч үү гэдгийг цаг хугацаа бас үзэглэсэн гэрээнийх нь үр дүн харуулна.
аа
В.Хэрлэн