Монголын улс төрийн супер нэгдэл задарч байгаа юм байна. Үүний нэгдэл нь яаж явагдсан билээ. Улс төрийн замналаараа бол АН анхнаасаа үхрийн бөөр шиг сүлэлдсэн олон намын нэгдэл гэдэг. Олон намууд нэгдсэн ч эхнээсээ намыг бүрдүүлж байсан гарал угсаа өөр фракцуудын тэмцэл байнга явагдсаар ирсэн. Монгол улсын төрд нөлөөтэй хүчтэй байсаар ирсэн улс төр бизнесийн бүлэглэлүүд МАНАН болох үеэс түр зуурын эв нэгдлийг, нам дамжсан супер шинжийг олж эхэлсэн байдаг.
7
Энэ нь нэгдэл нь эргээд задарч ашиг сонирхлын зөрчил нь дээд цэгтээ хүрч АН-ыг төрийн эрхэнд 2 дахь удаагаа гарсан энэ үед нь задралын ирмэгт авчирч байх шиг байна. Сүүлийн нэг жилд хүчтэй явагдсан фракцуудын зөрчил шуурганд Ерөнхий сайдын фракц сэлүүрээ авч үлдсэн ч зүг чигээ алдаж эхэллээ. Хавраас халж эхэлсэн фракцуудын тулаан Засгийг засаглах үндсэн ажлаас нь холдуулж эдийн засгийн болоод бусад хямралыг цаагуураа улам бүр даамжруулах хөшүүрэг боллоо. Ард түмэн амьжиргаа нь муудаж туйлдаж байвч одоохондоо наадмын сураг, томчуудын нанчилдааныг харж түрдээ зугаатай байна. Ерөнхий сайд фракцуудтайгаа тохироо, яриа хийсээр Засгийн газраа бүтэн авч үлдсэн ч цаадуул нь сэтгэл ханамжийн баталгаагүй гэдгээ харуулж дахин хөдөлж эхэллээ. Хаваржин чуулганыг гацаан байж Засгийн газрыг дэнчигнүүлсэн улс төр энэ зундаа амрахгүй байсаар намар нэг юм дуулгахаар шийдсэн бололтой байна.
7
“Надад тулах цэг өгөөч, тэгвэл би дэлхийг эргүүлье” гэж Архимед хэлж байсан бол наад нарийн царигаа болихгүй бол улайрах байтугай юм болгоно гэсэн Х.Баттулга гишүүний мэдэгдлүүдээр монголын нэг өдрүүд халж байна. Сайдын дээлээ тайлж, эвхэж тавихдаа л энэ улстөрч дараагийн алхамаа тооцсон байж таарна. АН-даа ад болчихоогүй ч дэм болохгүй харагдаад байгаа Женкогийн алхамууд урьдчилан таамаглаж болохооргүй тэсрэлттэй явагдаж байна. Түүний хийж байгаа зоримог итгэлтэй мэдэгдлүүд нь төр засагтаа итгэл сул, гундуухан байгаа олон нийтэд хүчтэй хүрч, нөлөөлж чадаж байна. Нарийн царигийг эцсээ хүртэл эсэргүүцэх Х.Баттулгын тууштай байр суурь нь эх оронч хүний үг байсан уу, тодорхой эрх ашигт байсан уу гэдгийг цаг хугацаа харуулах юм. Хэдийгээр хоёр тал бүдүүн нарийн царигийн сайн муугийн талаар хэвлэлээр цуврал хичээл явуулсаар байгаа ч олон нийт аль нэг сонголт дээр туйлшрахгүй эргэлзсэн хэвээр байна.
7
Үйл явдлын өрнөлийг харахад цариг дээр рингэний нөгөө талд зогсч байр сууриа илэрхийлдэг тал чив чимээгүй байгаа нь сонирхол татаж байна. Тоглоомоо булаалгасан хүүхэд л уйлахаас булаачихсан хүүхэд барагтай бол уйлдаггүй, өөр өрөө рүү ганцаараа тоглохоор гүйж байгаа л харагддаг. Үүнтэй адил зүйл болж байж ч магадгүй.
Яагаад ч юм юманд оройлж, аливаад байр сууриа яаран илэрхийлэх дуртай гишүүд нам гүм, амаа хамхисан байдалтай чимээгүй байна. Бие даагч нарыг эс тооцвол бараг бүгд аль нэг бүлэглэл фракц үгүй дээ л нөлөөтэй хэн нэгний хараа дохионд байдаг гишүүдийн хувьд энэ хаврын даалгавраа биелүүлсэн “нэмж хэлэх үг алга” гэдэг болсон ч байж магад.
7
Өнөөдрийг хүртэлх улс төрийн хүрээнд өрнөөд байгаа зөрчил хоёр гишүүний төдий бус, хоёр царигийн маргаан төдий бус цаанаа өнөөх л улс төрийн намуудаар жийргэвч хийж төрд, төсөвт гар дүрсэн фракц бүлэглэлүүдийн дайн болж байгаа нь тодорхой. Үүгээр хөөх юм бол монголд нүүрлээд байгаа эдийн засгийн, засаглалын, бүтцийн гэсэн олон төрөлт хавсарсан хямрал нь явсаар улс төрийн намуудын буруу замнал завхралаас үүдсэн болохыг харж болно. Энэ нь явсаар асар их мөнгөний дарамт, жалга довны хуваагдал бий болгодог сонгуулийн тогтолцоо, /можаритор систем/ түүний давж гарах гэж маш эртнэээс өр мөнгөнд барьцаалагдсан улстөрчид тэдний харьяалах намууд буруу жишгээр будаа тээсээр өнөөдөр онолын болоод үзэл баримтлалын хувьд орших чадваргүй мухардалд ороод байгааг харуулж байна.
7
Өнөөдөр бодит байдал болсон засаглалын хямралаас яаж гарах юм бол. Үндсэн хуульд шургуулсан өөрчлөлтийг засаж, Улс төрийн намуудын санхүүжилтийг ил нээлттэй, олон нийтийн хяналттай болгоогүй цагт хямралууд үзүүр үгүй үргэлжлэх нь тодорхой байна. Хэдийгээр усыг нь шахсан удаан хугацааны хөгжлийн хөтөлбөргүй ч өмнөө тавьсан энгийн бодлого зорилтоо ч хэрэгжүүлэх чадамжгүй болтлоо төр сулраад байна. Энэ байдалд хүргэсэн гол хүчин зүйл нь баялгийг хуваан захирсан, бүх шатанд улс төрийн болон эдийн засгийн нөлөөгөө тогтоосон нам дамжсан бүлэглэл фракцууд гэдэг нь одоо тодорхой боллоо.
Мөнхийн дайсан нөхөр байхгүй ганц эрх ашиг, мөнгө үйлчилдэг дүрэмтэй фракцууд нь жоохон шилгээхэд л засаг ганхаж байна. Юм хийх гэсэн санаачлагатай, өр зээл тавьсан ч бүтэээн байгуулалт хийчих мөнгөтэй байгаа Засгийн газар фракцуудынхаа дотоод зөрчилд хэмлүүлсээр живж болохоор болоод байгааг бид харж байна. Энэ хаврын чуулганаар уначихалгүй бүтэн үлдсэнийхээ горыг Засгийн газар одоо дахиад амсаж байна.
7
Монголд улс төр, бизнесийн супер нэгдлийн задрал явагдаад эхэлчихжээ. Нийгэмд аливаа нэгдэл, задрал үйл явц нь урьдын үр дагавар шалтгаалцал бас зарим тохиолдолд нийгмийн захиалга байдаг. Гэхдээ энэ удаагийн супер нэгдлийн задрал бол урьдын МАНАН задрахаас тэc өөр зүйл, процесс. МАНАН бол халамжийн амлалтаа нийлж аргалах улс төрийн заль байсан. МАНАН бол хоёр нам хэн хэнийгээ бодсон сонгуулийн шинэ хуулийг батлах үндсэн үүргээ биелүүлээд цаг нь болоход хэн хэн нь гомдолгүй салах тохироотой нэгдэл байсан.
7
МАНАН бол эцсийн дүндээ улс төрийн ашиг хонжооны тохиролцоон дээр суурилсан нэг нэгнийгээ хаахгүй бас хохироохгүйгээр баялгийг хуваарилах бүлэглэлүүдийн тохиролцоо байсан харагдддаг. МАНАН гэх энэ нэгдлийн улс төрийн үр хөврөл нь “жагсаалтын” гэх тодотголтой Их хуралд орж ирсэн бүлэг фракцын төлөөлөл элч гишүүд байна. Одоо ч төлсөөр байгаа 360 сая ам.долларын зээл байна. Энэ нэгдлийн гацаанаас гаргасан гэдэг Оюутолгойн төсөл нь одоо жинхэнэ гацаанд орчихоод байгаа. Гэхдээ МАНАН бас тэмдэглэгдэх гавьяатай. МАНАН бол монголд улс төрийн намууд нь үзэл баримтлалгүй, уралдуулах бодлогогүй, сонгуульд тэсч үлдэх эцсийн зорилготой, цөөхөн том баячуудын халаасны компани мэт болж жижгэрсэн болохыг ил тод харуулсан юм.
7
Өнгөрсөнөө мартсан хүн түүнийг давтах тавилантай гэдэг. Өнгөрсөн үеэсээ ухаараагүй хүн тэр замаараа дахиж заавал алхдаг гэсэн утгатай энэ үгийн үнэн одоо бидэн дээр ирээд байна. Бид улс төрийн намуудын санхүүжилтийг ил болгож тэднийг бүлэг фракцаас хамаарсан санхүүгийн боолчлолоос нь чөлөөлөөгүй цагт чөтгөрийн тойрогт орсон мэт хямрал зөрчил дунд байсаар байх юм байна. Энэ л өнөөгийн бүх болохгүй бүтэхгүйн гол асуудал болоод байх шиг байна.
8
АН зөвхөн ардчилагчид бус, МАН төв түвшин, тогтвортойдоо ч биш, Ногоон нам байгальд хайртайдаа ч биш, МАХН шударгадаа ч биш. Бүх эрх ашгийг атгах, онцгой нөлөөлөл тогтоох, түүнийг даган босох мөнгөний урсгалыг хянахын төлөөх бүлэглэлүүдийн гарт манай засаг төр бүрэн орчихжээ. Тийм болохоор олон үнэн, олон эх орончид бий болж дунд нь бид төөрөлдөөд байна.
7
Пүрэвжавын Баярхүү /тоймч/