Амрах бол айраг уух тарваганы мах идэх. Амрах бол ууланд гарч ан хийх. Амрах гэдэг зусланд гарч шорлог хийх. Амрах бол тааруулж уугаад даалуу хөзөр тоглох. Амрах бол аялах боломж... Энэ мэтээр сайхан амрах тухай хүн хүний бодол амьдрах орчин ахуй, эдийн засгийн нөлөөллөөс болоод янз бүр. Амрах гэдэг бол зүгээр л гар утсаа санаа зовохгүй унтраахаас эхэлж ч болно.
6
Ер нь бол бид хатуу өвөл, хахир хаварт алдагдсан энергээ зундаа нөхөж амрах гэж хичээдэг. Энэ нь цаанаа эрүүл мэндээ л бататгах гэсэн санаа. Гэхдээ олонх маань үүнийхээ эсрэг буюу эрүүл мэндээ муутгах л зуршил дадлаар амрах гээд байгаа нь ажиглагддаг. Эрүүл байх эмнэлгээс, эмч нараас шалтгаалдаг байсан бол бид өвдөхгүй үхэхгүй байхаар зохион байгуулалтыг төр хийчихэж болох л байх. Хэзээнээс ийм болсныг яг хэлж чадахгүй ч эрүүл байх эрхэм жаргаланг эмнэлгээс хайдаг, нэхдэг болсоор уджээ бид.
6
Манай улсад нийт 2752 эрүүл мэндийн байгууллагад 45080 эмч, ажилтанууд ажиллаж байна. Бид эдгээр байгууллага хүмүүсийг “эрүүл мэндийн манаанд зогсч байна” гэж хэлэх дуртай. Үнэндээ бол ихэнх нь хүмүүсийн алдагдсан эрүүл мэндийг нөхөж, биед туссан өвчнөөс нь салгах ажлыг л дааж байдаг хүнд үүрэг хүлээдэг хүмүүс. Эдгээр эмч, эмнэлгийн ажилчдыг бид эрүүл мэндийн манаанд зогсож байгаа баатрууд гэж магтах дуртай. Гэхдээ зөв сэтгэлгээгээр бол эрүүл мэндийн манаандаа та өөрөө л зогсч байх ёстой юм.
6
Нэг жилд эрүүл мэндийн салбарынхан 16 сая 576 мянга орчим удаад амбулаторийн үзлэг үйлчилгээ хийдэг байна. Харамсалтай нь үүний дөнгөж 5 сая орчим нь урьдчилан сэргийлэх үзлэг байдаг. Энэ нь бид өвдсөн хойноо л эрүүл мэндээ эрхэм чухал болохыг санаж эмнэлэгт найдвар тавьж сурсныг харуулж байгаа юм.
7
Бид 3 сая шахуулаа, гэр бүлээрээ жилдээ нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт орж амьдралын хэвшил зуршлаа засах хэрэгтэйгээ ойлгож авдаг бол жилд 735-819 мянгад хүрээд байгаа хэвтэн эмчлүүлэгчдийн тоо яваандаа нэлээд хувиар бууж эхлэх юм. Нэг жилд бидний ярьдаг 103 буюу түргэн тусламжийн дуудлага 730 мянгад хүрчээ. Ямар нэг байдлаар эмнэлгийн яаралтай тусламж авах шаардлага 730 мянган удаа гарчээ гэсэн үг. Үүний хэд нь хамгаалж сэргийлж болох өвчлөл, золгүй тохиолдлын дуудлага байсныг жагсаавал хэцүү үзүүлэлт гарна. Автын осол, унасан бэртсэн, цай хоолонд түлэгдсэн гээд ахуйн чанартай эмнэлэгийн тусламжийн дуудлага байнга өндөр хувьтай гардгийг салбарын хүмүүс хэлдэг. Энэ нь ядуурал эдийн засгийн хямрал, стандарт хангадаггүй ахуй орчин зэрэг олон хүчин зүйл нөлөөллийн хамааралтай ч явсаар хувь хүний өөрийгөө бөөцийлөх чадвар, өвчнөөс урьдчилан сэргийлэх ухамсар хэвшилтэй холбоотой болж ирэх юм. Бид эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй өдөр тутмын амьдралын зан үйлээ засаад ирвэл эрүүл явах, урт наслах их энгийн зүйл болоод ирж ч магад.
6
Ямар ч өвчин тусахгүй байх нөхцлийг хангасан тусгай ахуй гэж байхгүй. Байлаа ч нийгмээрээ тийм тусгай вакуумд ороод улс хотлоороо 200 насладаг болчихгүй. Энэ бол бидний мөрөөдөж байгаа бүх шатанд стандарт тогтсон хөгжлийн тухай яриа болно. Харин бид орон гэртээ эрүүл ахуйн наад захын шаардлага хангасан орчныг боломжоороо бий болгох бол бодитой хэрэгжиж болох зүйл. Айл өрхийн гишүүн бүр эрүүл мэндээ эмнэлгээс биш өөрөөс нь хамаарна гэдгийг ойлгож амьдралын наад захын зөв хэвшилтэй болоод ирэхэд л эрүүл мэндийн асуудалд хувьсгал хийсэнтэй адил үр дүн гарч магадгүй юм. ЭМЯ-наас ийм санаа зорилгыг тээсэн Эрүүл мэндийн 21 дадал хэвшлийг бий болгох ажлыг эхлүүлж энэ зунаас идэвхжүүлж байгаа юм байна.
7
Эрүүл мэндээ хамгаалж элдэв өвчинд өртөхгүйн тулд 21 Дарь эхдээ хоног тоолон мөргөхийн хажуугаар 21 зөв дадлыг амьдралдаа хэвшүүлчихвэл эрүүл мэнд таны гарт орж ирнэ. Та заавал эмнэлгийн орон дээр очих хэрэггүй болно гэсэн санаа. Наад захын ганц нэг жишээг ч хэлж байна. Цусны даралт ихсэх “харвах” гэж олон хүний хоёрдох сүүдэр болчихсон шахуу өвчин байна. Амьдралын буруу хэвшил /архи тамхи байнга хэрэглэх буруу хооллох гм /, элдэв суурь өвчнүүдээс шалтгаалдаг энэ өвчнийг дарж авах тийм хэцүү биш гэж байна. Даралтыг ихэссэн үед нь буулгах эмээ нөөцлөх хүртэл нь даамжруулахгүй урьдчилан сэргийлж даралтаа тогтмол үзэж, хянаж сурах нь зөвдөнө гэж эрүүл мэндийнхэн хэлж байна.
7
Эрүүл мэндээ хамгаалах гэхээр эм зөв сонгож уух тухай яриа биш гэдгийг бүгд ойлгоно. Харин амьдралын зөв хэвшлээр эрүүл мэндийн хамгаалалт, дархлаа бий болно гэхээр эргэлзэж байгаа хүмүүс таардаг. Уг нь их энгийн зүйл юм байна л даа.
7
Уур уцаараа зөв удирдаж стресс бухимдлаа зөв аргаар тайлж ахуйдаа амар амгаланг олж чаддаг мэдлэг ойлголттой болоход л олон суурь өвчинд довтлуулахаас сэргийлж чадна гэж эрүүл мэндийн байгууллага зөвлөж байна. Сонирхсоноо, дуртайгаа биш эрүүл байхад нөлөөлөх талыг нь харж амин дэмтэй зөв хооллолтыг гэр бүлдээ хэвшүүлчихэд ходоод элэгний хавдар үүсгэчих гээд ширээний цаана өлөлзөөд байдаг нянгуудыг бие эрхтэндээ нэвтрүүлэхгүй байж чадна. Хүүхэддээ анхаарал хандуулж өдөрт 45 минутаас илүүгүй компьютер тоглоом тоглодог дүрмийг хатуухан мөрдүүлчихэд тэднийгээ аливаа донтолтоос хамгаалж элдэв муу зуршил дадалтай болгохоос сэргийлж чадна. Халуун хоол цайгаа хэзээ ч хүүхэд хүрэхгүйгээр байрлуулаад сурчихад л нялх үрсээ эрсдэл ослоос хамгаалах суурь дадал бий болж эхэлнэ. Гарцаараа гарч, жолооч бүсээ хийж анхаарал болгоомжтой гэрэл дохио зөрчихгүй явдаг дадалтай болоод ирэхэд л Гэмтлийн эмнэлгийн хүлээн авах ачаалал эрс сийрээд ирнэ.
6
Гэр бүлээ зөв төлөвлөж эрүүл үедээ жирэмсэлж, эсэн мэнд амаржих нөхцлөө хангаж, эрүүл хүүхэд төрүүлээд эхлэхэд дүүрэг бүрт жил бүр эмнэлэг нэмж барих тухай яриа хэрэггүй болж цэцэрлэгээ л нэмэгдүүлэх тухай дагнан ярьдаг болно.
Эрүүл мэндийн зөв дадал хэвшилтэй болох нь урт нас эрүүл мэндийг өгөхөөс гадна өрх бүл, улс орны эдийн засагт том хэмнэлт өгч чадна. Тэгэхээр нийтээрээ, гэр бүлээрээ, нийгмээрээ эрүүл амьдрах дадал хэвшлийг эзэмших аянд нэгдэж чадахаас цаашид эерэг үр дүн гарахад нөлөө үзүүлнэ.
6
Харин яг өнөөдөртөө бол бид бараг нийтээрээ буруу хэвшилтэй амьдарч байгаа гэдгээс бултах гэх хэрэггүй юм. Мөн эрүүл мэндээ хамгаалах боломжийн талаар мэдлэг мэдээлэлгүй хоёр нарны хооронд амьдралаа хөөсөөр байгаа нь үнэн. Үүнд хамаарах хэдэн жишээ, тоо байна.
Монгол хүн хоногт 11.1 гр давс хэрэглэдэг гэнэ. Энэ нь ДЭМБ-аас өгдөг зөвлөмжөөс 2 дахин их байгаа. Үүнтэй зэрэгцээд дийлэнх хүмүүс цусны даралт ихсэх талаар огт мэдэхгүй, амьдралын хэв маягаа өөрчлөхөөс илүүтэй даралт буулгах эмийн эмчилгээнд найдвараа тавьж байдаг.
6
Хүн амын 78.2 хувь нь чихрийн шижингээс сэргийлэх боломжтой гэж үздэг боловч ердөө л 26.7 хувь нь энэ өвчнөөс сэргийлэх талаар зөвлөгөө авчээ. 30-64 насны эмэгтэйчүүдийн 48.2 хувь нь хөхний өмөнгийн талаар, 42.6 хувь нь умайн хүзүүний өмөнгийн талаар огт мэдлэггүй явж байна. Мэдлэггүй явж байна гэдэг эрсдлээ тооцсон хамгаалалтгүй, урьдчилан сэргийлэх ойлголтгүй явж байна гэсэн үг. Ингэхээр иргэн бүр эрүүл мэндийн боловсролтой болгох ажлыг 50-аад оны соёлын хувьсгал шиг хийх хэрэгтэй болжээ гэж хэлж болохоор байна. ЭМЯ шинэчлэлийн хүрээнд иргэддээ эрүүл мэндийн боловсрол олгох, амьдралын зөв дадал хэвшлийн тухай ойлголт өгөх ажил, эрүүл мэндийн довтолгоог бодлого, хөтөлбөр гаргаж, хөрөнгө хаяж эхлүүлсэн байна. Харин бид энэ эрүүл мэндийн энэ довтолгоонд нэгдэхэд бэлэн үү.
7
Ядаж л энэ зунаас сайхан амрах тухайд зарим нэг хуучирсан ойлголт дадлаа эргэн харж хутга тавихгүй мах идэж, өдөр шөнийг ялгалгүй унтаж, ан хийж айраг тарвага эргүүлэх нь сайхан амралт биш юм гэдэг дээр санал нэгдэж идэвхтэй амарч эрүүл мэндээ бататгахад анхаарч эхлэхэд л под хийсэн алхам болох юм.
Бид хаяадаа 21 Дарь эхдээ мөргөж сэтгэлээ ариусгаж суудаг. Одоо тэгвэл амьдралын зөв хэвшил 21 дадлаар эрүүл мэндээ хамгаалж 100 насны босго өөд бултаараа алхаж болохоор байна.
7
Пүрэвжавын Баярхүү /тоймч/