Сонголтын өдөр
2014-07-03

Өнөөдөр 2014 оны 7 сарын 3-ны өдөр. Жирийн нэгэн энэ өдөр миний хувьд маш чухал өдөр. Яагаад гэвэл энэ өдөр би 17 жил татсан тамхинаасаа гарах шийдвэр гаргаж байсан юм. Би өөрийнхөө гаргасан шийдвэртээ эзэн нь болж, өөрийгөө хууралгүй явсаар өнөөдрийг хүрлээ. Тамхи татахгүй бүтэн 1 жил буюу 365 хоног байж чадлаа. Би өөрөөрөө бахархаж байна. Тамхиа татахгүй гэж өөртөө итгэлтэйгээр хэлсэнээс хойш өдөрт нэг хайрцаг шахам тамхи татаж, өглөө бүр түүнийгээ авах гэж ТҮЦ зорьдог байснаа больсон. Гарнаас, амнаас үнэртэж амтлагддаг байсан тэр муухай үнэр байхгүй болсон. Хувцаснаас үнэртдэг байсан тамхины утаа ч ор сураггүй алга болж. Хамгийн гол нь би тамхи хэмээх тэр жижигхэн цагаан зүйлд татагдахаа ч больсон. Энэ тухай өмнө нь "Маргаашийн сайхан бүхний төлөө чамайг би орхилоо" нийтлэлд өгүүлсэн билээ.

й

Тамхи хүнийг татахгүй байхын аргагүй болгож донтуулдаг. Тэр үл үзэгдэх тамхины утаат цалмаас гарна гэдпэг тийм ч амархан биш. Гагцхүү тамхи татаж буй хүний өөрийн итгэл үнэмшил чухал үүрэгтэй. Зарим хүмүүс би тамхи татдаггүй хааяа найз нөхөдтэйгээ уулзаж,  наргихаараа зугаа болгож татдаг. Аль эсвэл бухимдахаараа стрессээ тайлах гэж тамхи татдаг гэнэ. Зарим нь гэрийнхэн маань мэдэхгүй нууцаар татдаг ч гэж хэлдэг. Гэхдээ тамхийг нууна гэж байхгүй тамхи татдаггүй хүнд тэр үнэр ямар хурц мэдрэгддэг гээч. Би тамхинаас гараад нэг жил болоход жин нилээн нэмсэн. Учрыг тодруулвал тамхин дахь сахарын найрлага судасны ханыг нарийсгахдаа өөхөн давхарга болж судсанд байрладаг. Тамхиа хаяхад өөх гадагшилдаг.  Хор бүрэн гадагшлахад таргалалт зогсож эзэн нь өөрийнхөө төлөө хөдөлмөрлөж чадвал хэвийн жиндээ очиж дахиж таргалахгүй болохыг мэдэж авсан. Жаахан жин нэмчих юмсан гэж боддог тамхи татдаг залуучууд бүсгүйчүүддээ зөвлөхөд өөрийнхөө төлөө тамхиа хаячих. Тамхинд хордохгүйгээс гадна жингээ нэмж хүнд аятайхан харагддаг болно шүү. Яахав арай л их нэмэгдчихвэл гүйж, харайж дасгал хөдөлгөөн хийгээд л бүх асуудал шийдэгдэнэ. Хэцүү санагдаж магадгүй ч ирээдүйдээ өөртөө оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт чинь тамхиа хаясан шийдвэр байх вий.

й

Тамхи татдаг байхад өөрийгөө бусдаас илүү, хэгжүүн, өөртөө итгэлтэй бардам дүртэй харагдаж байгаа гэж бодон халаасандаа гараа хийж, бага зэрэг бөгтийж, амандаа тамхи зуугаастай зогсдог байлаа. Гэхдээ үнэндээ тамхичин хүн хичнээн сайхан харагдсан ч, ойртохоор сэнгэнэх тамхины эхүүн үнэр, амнаас гарах амьсгал, хумс, шүд, нүүр гээд л олон таагүй мэдрэмж төрүүлдэг гэдгийг ойлгосон. Тийм ч учраас сайхан хувцасласан боловсон залуус,  өсвөр насны хүүхдүүд, охид бүсгүйчүүдийг тамхи татаж зогсохыг хараад залуу нас, эрүүл мэнд, гоо сайхнаа алдаж байгаад нь харамсдаг.

й

Харамссан сэтгэлээр дэргэд нь очиж зөвлөгөө өгч болох ч тамхин цаламд оосорлуулсан хүнийг сэнхрүүлнэ гэдэг цаг хугацааны асуудал учраас тэднийг харсаар хажуугаар нь дуугүй л зөрдөг. Зарим найз нөхөд, дүү нартаа энэ талаар хэлдэг ч нөгөөхөө ярих гэж байна гэж дөлөх болж. Хүний сонголт, итгэл үнэмшлийг өөрчилнө гэдэг тийм ч амархан зүйл биш. Би 2010 онд Адра монгол тамхины эсрэг төслийнхөний сургалтад сууж байхдаа тамхины хор хөнөөлийг хангалттай сонссон мөртлөө тамхинаас гарна гэсэн бодол огтхон ч төрж байгаагүй. Тамхиа татсаар л байсан. Харин нэг л өдөр тамхийг хаях ёстой гэж ойлгосон. Шалтгаан нь тамхи эрүүл мэндийг муутгадаг гэж эмч, эрдэмтэдийн нотолсон судалгааг бие дээрээ туршиж байгаагаа ойлгосон. Зүрх гэнэ гэнэхэн хатгуулдаг болсон зүрх маань зогсчихвол би байхгүй болно гэсэн үг. Шүд маань илтэд муухай болчихсон. “Засгийн шүд”-ээр сольж болох ч өөрийнхийг яаж гүйцэх билээ. Ханиад хүрвэл хүндэрчихнэ. Хөл гар янгинаж өвддөг болчихсон ийм л үр дүн намайг эзэмдсэн байсан.

й

Тиймээс л би өөртөө эзэн нь байхын тулд “Би зориглохгүй бол хэн миний өмнөөс зориглох юм. Өнөөдөр л зоригтой шийдвэр гаргахгүй юм бол хэзээ зориглох юм” гэж өөрийгөө урамшуулсан. Өдрөөс өдөрт тамхи татахгүй байгаа өөрийгөө магтсан. Уурлаж бухимдвал тамхийг биш дуу хөгжим сонсож, гэр бүлтэйгээ байхыг илүүд үзсэн. Найз нөхөдтэйгээ уулзвал тамхи татах гэж босож явахын оронд тэдэнтэйгээ хамт ярьж суухыг илүүд үзсэн. Хамгийн гол нь би тамхиа больсноор гэр бүлтэйгээ, анд найзуудтайгаа, эх дэлхийн нэгээхэн эс болон амьдрах хором, мөч, цаг хугацаагаар өөрийгөө шагнаж байгаагаа мэдэрсэн.

й

Тийм болохоор тамхи татдаг хүн бүр хэзээ нэгэн цагт миний мэдэрсэн энэ мэдрэмжийг мэдрээсэй гэж хүсч байна. Бид энэ амьдралыг нэг л удаа туулж өнгөрүүлнэ . Төрж үхэх нь үнэ бусад нь худлаа гэж хэлэх нэгэн байгаа ч таны сонголт амьдрал хэмээх их далайд аялах хугацааны тань илрэл гэдгийг битгий мартаарай.

й

П.Нарандэлгэр  

Shuud.mn
Сонин хачин