Энэ өдөр хөлс мөнгө арга мэх бүхнээ барж, хар цагаан хоёрыг уралдуулан байж олж авсан сонгуулийн ялалтаа тэмдэглэсэн баяр, ялагдаж зангирсан гомдолтой үлдсэн улстөрчдийн бухимдал зэрэгцсэн халуун өдрүүд байсан. Халуун нар, хоосон амлалт хоёроос залхсан олон түмэн улс төргүй хэд хоноё гэж гэж наадмаа ярьж дөнгөж тайвширч эхэлсэн тэр жилийн 7 сарын 1-ний өдрийн төгсгөл хар байсан. Улс төрийн сонгуулийн үр дүнгээс улбаатай эхэлсэн жагсаал эмх замбараагүй үймээн болж буун дуу гарсан. Эрх баригч намын цагаан ордны үүдэнд адилхан ардын хүүхдүүд халз тулж бие биенээ нүдэж эхлэхэд ард нь улстөрчид байсан нь нууц биш. Тэдний нэг хэсэг нь цөс нь хөөрсөн залуусыг уухайлж байгаад бултсан бол нөгөө хэсэг нь үйл явдлын өрнөлийг хааш нь хөтөлбөл өөрсдөд нь ашигтай тусахыг тооцоолж суусан. Намын байрнаасаа ил гараад ганц мэдэгдэл хийж гал унтраах эцсийн боломж байсныг ч ашиглах гэж яарсангүй. Намын дарга нь шатаж буй байрнаасаа хамгийн сүүлд гарч тун удалгүй Ерөнхийлөгч онц байдал зарласан.
1
Оготнын хамраас цус гаргаагүй биеллээ олсон ардчилсан хувьсгалын өлгий Сүхбаатарын талбайг тойроод энэ шөнө буун дуу хэдэнтээ гарч эрдэнэт хүн амиа алдсан байдаг. Үл мэдэгдэх хар машинаас буу тавьсан тухай сүнс хий үзэгдэл харсан мэт айдаст яриа гарсан ч тэгсгээд дарагдсан. Өглөө нь таван хүн амиа алдсан тухай мэдээ олныг дахин цочирдуулсан. Хагас шөнийн дотор баривчлан саатуулах байрууд залуусаар пиг дүүрч, яаралтай таслах хавтаст хэрэгт шүүхийнхэн дарагдсан.
1
Олон нийт төрөөс таван хүний амийг нэхэхэд улстөрчид цагдаагийн дарга нараа зааснаар сунжирсан шүүх хурал эхэлсэн. 30 гаруй мянган залуусыг хамарсан жагсаал үймээн болсны дараа Ерөнхий сайд асан С.Баяр стандарт бус шийдвэр гаргаж эвслийн Засгийн газар байгуулах болсноо зарласан. Ийнхүү шударга ёсыг нэхэж жагссан залуусын тэмцэл улс төрийн МАНАН-г үүсгэх шалтаг болж хожмоо Оюутолгойн ордын олиггүй гэрээ хийх гараа болсон.
1
Маргаашнаас нь “шок”-ноос гарсан ард түмэн яагаад ийм болов, энэ жагсаалыг хэн эхлүүлсэн бэ гэж асуусан. Улстөрчид сурснаараа доош харж, хуруугаа оролдон “би биш” гэсэн. Сонгуульд оройлсон улс төрийн намууд ч бид биш гэсэн.
1
Амиа алдсан таван залуу жагсаж тэмцэж явсан эсэхийг хэлж мэдэхгүй. Ямартай ч тэдэнд зориулж хоёр жилийн дараа гэрэлт хөшөө босгосон бол тэр өдөр шатсан намын байрны суурин дээр “Тусгаар тогтнолын ордон” гэх шинэ цагаан ордон хагас жилийн дотор тэрбумын хандиваар сүндэрлэн боссон юм. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр 1 тэрбум, гишүүн асан Ш.Сайхансамбуу 1 тэрбум, УИХ-ын гишүүн О.Содбилэг 500 сая төгрөг хандивласан гэдэг. Дараа нь МАН /МАХН/-ынхан шинэ ордныхоо орой дээр эхлээд намынхаа тугийг биш төрийн далбааг намируулж хөх тэнгэрийн дор НАМ хүчтэй гэдгийг олон түмэнд харуулсан.
1
Энэ өдрийн үймээнд амиа алдсан залуусын ар гэрт улсаас 50 сая төгрөг өгсөн бол МАН хуучин байрныхаа нөхөн төлбөрт улсын төсвөөс 9 тэрбум төгрөг гаргуулж авсан байдаг юм.
Энэхүү үймээнийг сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн олны жагсаал байсан гэж зарим улстөрч хэлдэг. Гэхдээ энэ өдөр жагсаалд оролцож гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан үндэслэлээр баривчлагдсан 900 гаруй иргэний ердөө 1/3 нь буюу 268 нь л сонгуульд санал өгсөн байсан нь дараа тодорхой болсон.
1
Энэ өдрийг дурсахад зарим нэгний хувьд дэндүү хар. Өглөө нь гэрээсээ гарсан хань нь, үр нь, аав нь орой нь үүрд ирэхээргүй болсон байдаг. Энэ өдөр залуус үнэхээр нэгэн үзүүрт сэтгэлээр шударга ёс тогтоох гэж жагссан эсэхийг хэлэх хэцүү. Гэхдээ энэ өдөр таван гэмгүй халуун амь үүрд тасарсан. Тэд хүний хань, хүүгийн эцэг идэр сайхан залуус байсан. Тэднийхээ хөшөөн дээр нь ар гэрийнхэн нь очиж ...Хүрэл зүрх хайлмаар... гэж гашууддаг болсоор 6 жил өнгөрлөө.
1
Пүрэвжавын Баярхүү /тоймч/
Уншиж байна |