Энэ зуны “санамж”
2014-07-01

Чуулган завсарлана. Улс төр бас завсарлага авна. Товчхон хэлэхэд, төр ёслол хүндлэлийн байрандаа хойморлож гишүүд төрийн түшээ хүн гэсэн бахархал болоод бардамналаа мэдэрч асрын хоймор сууж айрагны сайхныг шимэж нар зөв наадахаар мордоно. Гэхдээ дэнж хотойтол наадахын өмнө улс төрөөр бас дорвитойхон наадаж иргэдийн тархинд өөр өөрсдийн санамжийг суулгах нь чухал гэж үзнэ. Сөрөг хүчин, бие даагчид бүгд л энэ зуны хаалтын улс төрөө хийж дор бүртээ мэдэгдэл шүүмжлэлээ тавьж эхэллээ. Өнөөдөр МАН-ын бүлэг дорвитойхон мэдэгдэл гаргаж таарна. Хариуд нь АН-ын бүлэг мөн амжилтын тайлангаа тавьж таарна.

.

Эдийн засгийн хөгжлийн сайд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын хөрөнгө оруулалтын  асуудлаар Азийн хөгжлийн банктай их том гэрээнд гарын үсэг зурлаа гэж өчигдөр мэдэгдлээ. Энэ нь Засгийн газрын бүтээн байгуулалт хийгээд үүнийг дагасан мөнгө зээл босгох ажил нэгэн зэрэг амжилттай үргэлжилсээр байгаа шүү гэсэн санамж болж үлдэх ёстой байх. Нийтдээ 300 сая ам.долларын энэхүү гэрээгээр Баянхошуу орчмын дэд төв сүндэрлэж гэр хорооллын олон иргэн орон сууцанд орно гэж мэдэгдлээ. Бүтээн байгуулалт нь энэ сараас эхэлнэ гэнэ.

.

Сайхан мэдээгээр фонн хийсэн Хөгжлийн сайд Н.Батбаяр огцрох талаар яриа байхгүй, завгүй ажиллаж байхад юу яриад байна гэсэн утгатай ярилцлагыг өгч амжлаа. Энэ бол сайдын зүгээс зуны турш сануулахаар сөрөг хүчнийхэнд илгээсэн бас нэг санамж үг болно. Үүнтэй зэрэгцээд Ерөнхийлөгч нийт улстөрчдийн тархинд хариуцлагын тухай хатуухан санамж үгийг илгээжээ. “Хариуцлага байхгүй бол ардчилал байхгүй” гэсэн зарчмаар эрх баригчдын таг мартсан хариуцлагыг нэхэх хууль гаргах хэрэгтэй болсныг тэр хэллээ.

.

Ерөнхийлөгч “Өнөөдөр албан тушаалтан хариуцлага алдлаа, ёс зүйн зөрчил гаргалаа, хаана хандах вэ, хэн хариуцлага тооцох вэ гэж ард иргэдийн зүгээс байнга асуудал тавьж байгаа. Ардчиллыг амьд байлгадаг гол үйл ажиллагаа нь Монголын төрд ерөөсөө алга байна. Бид хүн томилох тухай шийдвэр гаргадаг, тэрний тухай зохицуулалтаа хийдэг ч хүнд хариуцлага тооцох тухай зохицуулалтаа санаатайгаар гэж хэлж болохоор бүдгэрүүлж орхисон байна... Яг хариуцлага гэдэг нь юу юм, ямар албан тушаалтан дээр яаж хэрэгжих ёстой юм гэдэг нь улс төрийн өндөр албан тушаалтны хувьд байдаггүй. Төрийн албаны тухай хуульд байдаг  хариуцлагын тухай заалтууд нь төрийн албаны анхан, дунд шатны албан хаагчид дээр хариуцлага тооцох үйл явц дээр ямар нэгэн байдлаар ажиллаж байна... Гэвч дээрээ хариуцлагын тогтолцоо байхгүй болохоор дунд, анхан шатны тогтолцоо нь ажиллахаа больчихож байгаа юм...” гэж учирлаад Хариуцлагын тухай хуулийн төсөл санаачилж байгаагаа танилцууллаа.

.

Энэ бол энэ хавар, зуны улс төрийг товчхон нэгтгээд дүгнэсэн хамгийн том санамж мөн байх. Хариуцлагын тухай энэ санамж энэ үеийн улстөрчдийн тархинд үнэндээ байхгүй болсоор удсан юм.

“...Хариуцлага хүлээх этгээд нь хэн байх вэ гэвэл Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, дэд дарга, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, хуульд заасны дагуу УИХ-аас томилогддог албан тушаалтан, аймаг нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга, аймаг нийслэлийн Засаг дарга. Тэгээд одоо Монголд төрийн өндөр албан тушаалтанд тооцогддог хүмүүс дээр л энэ хариуцлагын тогтолцоог ил тод болгоод өгье. Хэрэв энэ хариуцлагын тогтолцоо ил тод болоод зөв ажиллаад эхэлвэл цаашид анхан, дунд шатандаа энэ асуудлууд явна” гэж Ерөнхийлөгч үзэж байгаа юм байна. Энэ бол цагаа олсон хууль гэдэгтэй бүгд санал нийлнэ.

5

“Төр буй дор татвар буй” гэдгийг төр бидэнд өдөр болгон сануулдаг хэрнээ төрд ажиллаж тамга атгаж, мөнгө барьж буй бол “хариуцлага буй” гэдгийг дарга нар өөрсдөө таг мартсан мэт байдаг. Дүрэм зөрчсөн жолооч захиргааны хариуцлагын тухай хуулиар 10 мянган төгрөгөөр яс торгуулж байхад хэдэн зуун саяын ил далд хөрөнгөтэй газар хэлтсийн дарга нараа Ерөнхий сайд нь цалингийн 20 хувиар торгож олны нүдийг аргалж байдаг.

6

Өнгөрөгч онд Ерөнхий сайд нэгэн уулзалт дээр “Шинэчлэлийн Засгийн газар хариуцлагагүй дарга нарт ямар арга хэмжээ авч байна” гэсэн сэтгүүлчийн  асуултад “Гаалийн ерөнхий газар болон ГИХАЭГ-ын дарга нарт зургаан сар цалингийн 20 хувиар торгосон...” гэж бардмаар хариулж байлаа. Энэ нь Ерөнхий сайд доод хэдээ өрөвдөж харж үзсэндээ ч бус ерөөсөө л хууль эрх зүйн хүрээнд байгаа боломж нь энэ. Одоогийн байдлаар ажилтан албан тушаалтанд хариуцлага тооцох гурван арга бий. Сануулах, цалингийн 20 хувиар торгох, халах. Дээр үеийн донгодох гэдэгтэй адил сануулахыг бол үзүүлж өгдөг байх. Харин гурав дахь буюу ”халах” гэдгийг хэрэглэх төвөгтэй олон зөрчилтэй тулгарна. Төрийн албан хаагчийг хамаагүй оролдож халж сольж болохгүй хуулийн дархлаа бий болсон байгаа. Улс төрийн албан тушаалтнуудыг бол намын шийдвэргүйгээр халж солиод эхэлбэл тэр дарга өөрөө шууд “баяртай” болно.

6

Үнэндээ улс төрийн нөлөө угшилтай газар агентлагийн ихэнх дарга цалингаараа амьдарч харагдаач гэдэг хүмүүс болсон байгааг ард түмнээс нуух гэх хэрэггүй юм. Сарын 700 мянган төгрөгийн цалинтай төрийн албан хаагч 50 саяын жийп унаж 3 хувийн орон сууцтай, банкинд өр зээлгүй боломжийн амьдраад байгааг “цалингийн буян” гэж хэлбэл жирийн иргэдийн дургүйг хүргэнэ.

6

Хариуцлага хүлээх гэдэг дээрээ төр засгийн албан тушаалтны түвшинд огт өөр үйлчлэлтэй буюу үнэн хэлбэрдэж ирснийг халья гэсэн Ерөнхийлөгчийн энэ үгийг зуны турш санаж ирцгээе. Тэгээд намрын турш Хариуцлагын тухай хуулийн төслийг хууль болгохыг эрхэм гишүүдээс шаардацгаах хэрэгтэй. Энэ зуны турш тархиндаа дээрх санамжийг тээцгээе.

6

Хариуцлагын тухай Ерөнхийлөгчийн санамжийг тархиндаа сайн бататгаад тавтай амарч цагтаа цуглараарай, эрхэм гишүүдээ. Өнөөдөр хаврын чуулган өндөрлөнө гэсэн.

6

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин