Бодвол боломж их байна даа
2014-06-30

Эрчим хүчний түүхий эдийн асар их нөөцтэй атлаа эрчим хүчээр ямагт дутагдаж байна. Аргагүй шүү дээ. Гурван ч цахилгаан станц барьчих мөнгөөр толгой дээрх нөхдүүд гараа угаачихсан болохоор. Үр дүн нь Монголын эдийн засгийг хөдөлгөж байдаг хэдхэн гэр бүлийн халаасыг зузаалж тэдний үр хүүхдүүдийн гадаад дахь томоохон сургуулиудын төлбөр, эзэмшлийн хаус, банкууд дахь Монголоос гаралтай мөнгөний хэмжээг нэмсэн төдий л. Аль эртийн л эрчим хүчний гачаалаас бид гарчих байлаа. За тэр мөнгө ч яахав урсдагаараа урсч алга болсон. Шүүх хяналтынхан, АТГ-ынхан одоо болтол тогтоож чадаагүй эртний үйл явдал болоод завшсан нь цагаадаад завшуулсан нь бархираад үлдэж байгаа хойно.

5

Гэхдээ бидэнд боломж байна аа. Идүүлсэн бут цэцэглэж идсэн эрүү хувхайрна гэдэгсэн. Идүүлсэн бутанд ургах бордоо бидэнд бас байна. Энэ бол нэгдүгээрт сэргээгдэх эрчим хүч. Нар салхиар эрчим хүчний нөөцөө бүрдүүлэх асар том боломж бий. Ялангуяа манай говийн түйрэнд улс дамжин электрон техникийн микро схемд ихээхэн гай түйтгэр учруулж байгаа учраас Япон, Солонгосчууд хөрөнгө оруулж элсний нүүдлийг зогсооход туслах саналаа удаа дараалан илэрхийлж байгаа. Багагүй мөнгө шүү.

6

Бид уул уурхайгаас гэнэтхэн асар их хэмжээний хөрөнгө мөнгө олчих гэж чармайгаад хажуугийн дэрсээ харахаа больсон энэ цаг үед бага чулуугаар их уулыг хөдөлгөх боломж бийг харуулсан. Элсний нүүдлийг саармагжуулахаас гадна жилийн дөрвөн улирлын талаас илүү хувьд нь нартай байдгийг бодолцоод нарны эрчим үүсгүүрийг говь хээрийн бүст бий болгоё гэсэн давхар санаагаа ч хэлжээ. Сайхан боломж шүү. Зай талбай их эзэлдэг болохоор гадны оронд ийм асар том эрчим хүчний нөөцийг бий болгож чаддаггүй юм билээ. Харин бидэнд ашигладаг цөл хийгээд говь хээрийн бүс нутаг хэдэн мянган хавтгай км-ээрээ бий. Энэ боломжит нутгаараа дэлхийд эхний гуравт бид жагсдаг гээд бодохоор эрчим хүчний асар их нөөц бидэнд байна.

6

Элсний нүүдлээ саармагжуулчихна дээр нь эрчим хүчний дориун нөөцтэй болчихно. Өөрийгөө дориухан хангачихна. Илүүдлээ урагшаа нөөцөлчихнө. Нүүрсэн дээр өнөөдрийнх шиг нэг их дайтаад байхгүй. Мэдээж эрчим хүчний зах зээл өмнөд хөршид хязгааргүй бий. Хятад эрчим хүчний хэрэглээнийхээ 60 эргэм хувийг нүүрсээс гарган авдаг ч дотоодоосоо бүрэн хангадаг. Дэлхийд гуравт жагсах нүүрсний их нөөцтэй ч гэлээ хөгжлийнхөө эрчмийг хадгалж байхын тулд эрчим хүчний байнгын эх үүсвэртэй байх нь чухал.

6

Ганцхан Монгол нүүрсний баялаг эх үүсвэртэй биш бүх Хятадыг нүүрсээр хангачих ордууд манай хилийн өмнөд этгээдэд цувраагаараа оршин байдаг. 2013 онд хятадын нүүрсний хэрэглээ 3.61 тэрбум тонн байхад нүүрс үйлдвэрлэл нь 3.7 тэрбум тонн болж, нийлүүлэлт нь хэрэглээнээсээ давсан мэдээ байх юм. Нүүрсний үнэ унаж Монголын эдийн засаг дэнжигнэсний шалтгаан энэ. Энэ онд ч гэсэн байдал ийм л байх болно. Гэхдээ олон жил ухсан чанар муутайн дээр коксжих нүүрсний нөөц багатай тул манайх руу хошуураад байгаа юм.

6

Эрчим хүчнийх нь хангамж муудвал энэ гүрний нийгэм эдийн засагт шууд нөлөөлнө. Тиймээс сэргээгдэх эрчим хүчээр хангахыг тэд зорьж байгаа. Ийм эрчим хүчний найдвартай эх сурвалжийг Монголын уудам говь, тал хээрээс харж байгаа. Нар, салхины эрчим хүчний томоохон цогцолбор олноор байгуулахад гадныхан тэр дундаа зүүн өмнөд Азийнхан мөнгөө өгье л гэж байна. Усан цахилгаан станц барихад төв Азийн тэгш өндөрлөг тохиромжгүй нутаг. Хураар голдуу тэжээгддэг усны ай савтай, урсац усны хэмжээ багатай газарзүйн онцлогтой ийм улс орон тэрүүгээр нэг их хөөцөлдөөд байдаггүй. Харин нарны илч, салхины эрчээрээ бусдаас илүүрхэнэ үү гэхээс дутахгүй. Хамгийн гол нь хүн амын суурьшил багатай говь хээрийн бүст ийм цогцолборуудыг япон, солонгосчууд хийе гэлээ. Ингээд саяхнаас солонгос, япончуудтай нэгдээд хэрхэн багасгах талаар судалгаагаа ч хийгээд дууссан. Манайхан хар цагаан дуугүй. Харин ч уул уурхайн олборлолтоо улам ихэсгэж, газар нутгийнхаа хөрсийг хуу эргүүлэн түйрэн үйлдвэрлээд зав муутай. Монголын эрх баригчдад удаа дараа түйрэнгээ багасгах арга хэмжээ аваачээ гэж хүсэх боловч “Мөнгөгүй ээ...” гээд мөрөө хавчисхийн толгой сэгсрээд өнгөрнө.

6

Монголоо байг гэхэд өмнөд бүсийн уурхайнуудаа хангая. Тэд маань Хятадаас эрчим хүчний хангалтаа хийж байна. Түүнийгээ хангая л даа. Жил бүр эрчим хүчний хэрэгцээ 10 хувиар өсч байгаа. Улиг домог болсон 5 дугаар цахилгаан станцыг бариад ч өсч буй хэрэглээнийхээ 20 гаруйхан хувийг л хангана. Баригдаагүй байгаа станц шүү дээ. Нэгийг барьж чадаагүй хэрнээ 12-ийг шинээр барихаар төлөвлөөд байдаг. Нэг нь ийнхүү удаж байгаа юм чинь 12 нь 50 жил түүнээс ч олон жил шаардагдах биз. Нэг том бүхэл зүйлд бус олон жижиг зүйлд зэрэгцээд анхаарвал энэ улс ч хөгжихөө л нэг хөгжинө дөө. Алс хэтийн хараа, ойрын хараатайгаа уялдаж гэмээн алив зүйл бүтэхийн нигуртай.

6

Н.Бадамжав

Shuud.mn
Сонин хачин