Өнгөрөгч долоо хоногт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын 2014 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцжээ. Энэ нь наадам хүртэл сунгаж хуралдана гэж байсан чуулган долоодугаар сарын 1-нд завсарлах бэлтгэлээ базаасан хэрэг. Намрын чуулганд хэлэцүүлэхээр хууль санаачлагчдаас санал авч байнгын хороодын нэгтгэж ирүүлсэн нийт 316 хууль тогтоолын төслийг ирүүлсэн байна. Үүнд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 25, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 1, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 10, Төрийн байгуулалтын байнгын хороо 4 гэх зэргээр жагсах бол Ерөнхийлөгч дангаараа 16 хууль, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс 42, Засгийн газраас 111 төсөл санал болгожээ. Мөн УИХ-ын гишүүн С.Ганбаатар 6 санал тусгайлан ирүүлсэн байгаа юм байна.
5
Юу ч болсон цагтаа амрахаар шуударсан гишүүдийн хаврын чуулганыг халаасан бас цаг алдуулсан ихэнх хэлэлцүүлэг халаа сэлгээ томилгооны асуудлууд байлаа. Давхар дээлний хуулийг давж гарах гэж эрх баригчид сөрөг хүчин хоёр их тулж, их цагийг улс төржүүлж барсан. Олон ч хуулийг хэлэлцэж батлах цагийг зөвхөн энэ хуулинд зориулсан. Хэлэлцэх гэхээсээ илүүтэй хуулийн төслөөр давхар мэх хийчих гэсэн сөрөг хүчний тоглолт Х.Баттулга нарын жигтэй “кноп”-оор дэмжигдэн Засгийн газрыг ганхуулж мэдэхээр болж ирсэн. Давхар дээлний хууль өөрөө засаглалын гажуудлыг засч Их хурлын хэвийн үйл ажиллагааг хангах товч зорилготой байсан. Ерөнхийлөгч энэ хуулийг хэрэгжих огноог 2016 он гэж маш тодорхой заасан байлаа. Сөрөг хүчин үүнийг нь товчлон 2014 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс гэж мөрдүүлэхээр зүтгэсэн. Энэ төсөл нь эхний хэлэлцүүлгээрээ олонхийн дэмжлэг авч олныг гайхшруулж байв. Ингээд эцсийн мөчид чуулганаар ороход хэлэлцэх шаардлагагүй гээд Давхар дээлний асуудлаас нэг мөр салж амарсан. Үүний дараа Х.Тэмүүжин сайдыг огцруулах О.Баасанхүү гишүүний санаачилга өндөр авч хуулийн төслүүдээ хэлэлцэх нь мөн л сонин биш болж хэд хоногийг алдсан. Сөүл хотоос нойр дутуу ирсэн О.Баасанхүү гишүүн огцруулах саналаа гэнэт эргүүлэн татсанаар энэ асуудал нам болж сөрөг хүчин “хайран цаг” минь гэсээр үлдсэн. Засгийн газраас нэг сайдыг нь сугалчих магад гэж найдлага тавьж суусан сөрөг хүчинд О.Баасанхүү гишүүний энэ “буцалт” үнэхээр их бухимдал төрүүлсэн байх талтай. Үүний дараа Х.Баттулга гишүүн давхар дээлээ тайлж үлгэр үзүүлснээр дараагийн сайд хэн байх талаар мөн л урт “чухал” хэлэлцүүлэг эхэлсэн. Эдгээрийн завсраар эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн тогтоолын төсөл батлагдсан нь Засгийн газрын хийх ажил зорих зүйлийг нь тодорхой болгож өгсөн. Энэ тогтоолын хүрээнд Засгийн газраас сар гаруйн хугацаанд эдийн засгийн орчныг сайжруулах эрх зүйн орчныг бий болгохыг зорьсон нийт 29 хууль, тогтоолын төслийг УИХ-д өргөн барихаар бэлдсэн байдаг.
6
Хууль тогтоох дээд байгууллагын хаврын чуулганы нөр их хөдөлмөр дотор харамсалтай байдлаар улс төржиж, ид далд байдлаар нөлөө орж буцсан, гацсан хууль тогтоолын төслүүд цөөнгүй. Ерөнхийлөгчийн санаачилсан төсвийн үрэлгэн байдлыг хазаарлах Шилэн дансны хуулийг унагаж буцаасан нь олны урмыг хугалсан хэрэг болсон. Газрын тосны тухай хууль ганцхан саналаар унаж дахин хэлэлцүүлэгт орсон. Ашигт малтмалын тухай, Газрын тухай хуулиуд наадмын доргионд батлагдах вий гэсэн хардлагад байсан ч хойшиллоо. Мөн хамгийн сүүлд маш том анхаарлын тэмдэг тавиад байгаа нэг тогтоолын төсөл байгаа. Энэ нь “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар дэмжиж чуулганаар хэлэлцэхээр болсон төсөл. 6 жилийн болгоомжлол, улстөрчид, бүлэглэлүүдийн талцааныг нэг тийш болгох тогтоол. Энэ тогтоолын төслийг дэмжсэн нь урвагч болох шахуу нэвтрүүлэг олон телевизийн оргил цагаар цацагдсан нь иргэдэд хүчтэй нөлөөлсөн. Гишүүдэд ч бас нөлөөлөөгүй гэхэд хэцүү. Гэхдээ маргааш хаалтын бялуу болгож энэ тогтоолын төслийн хэлэлцээд баталчих магадлал өндөр байна.
6
Цагтаа багтаж хаах нь бараг тодорхой болоод байгаа хаврын чуулганыг туйлын сайн, нэг бол тун муу ажиллалаа гэж дүгнэх нь өрөөсгөл болох юм. Ер нь бол овоо улс төржиж байснаас болоод хэлэлцэгдэж амжилгүй намрын чуулган давсан хууль тогтоолын төсөл олон байгааг хэлж болохоор байна.
6
Шилэн дансны тухай, Худалдааны тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /Шинэчилсэн найруулга/, Гэмт хэргийн тухай, Зөрчлийн тухай, Монгол хэлний тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай /Шинэчилсэн найруулга/, Монгол Улсын сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл, Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/ зэрэг 20 хууль тогтоомжийн төслийг хэлэлцэнэ гэсэн намрын чуулганы сураг байна.
6
Пүрэвжавын Баярхүү /тоймч/
Уншиж байна |