Сүүлийн үед байгууллага, сургууль, сум, аймгийн ой гээд хандивгүй бүтдэг арга хэмжээ гэж байхыг болжээ.Тэр ч бүү хэл хандивгүй, ивээн тэтгэлэггүй бүтдэг телевизийн нэвтрүүлэг, тоглолт шоу ч байдаггүй бололтой. Хандив хэнээс цуглаж хаашаа одоод байгааг анхаарч харж байгаа хүн ч байхгүй л болов уу. Хавар, зуны турш телевизийн дэлгэцнээс, сонины хуудаснаас ямар нэгэн аймаг сумын ой болно тэнд сурч байсан, ажиллаж амьдарч байсан бол та хүрэлцэн ирнэ үү гээд зар тараах нь хандивын арга хэмжээ эхлэж байгааг илтгэж буй тэр. Ойн хандивын арга хэмжээнд цалинтай нэг нь цалингаасаа илүүчлэн байж цалингүй нь өр зээл тавин байж нэрэлхүү монгол зандаа хөтлөгдөн нэр гаргах гэж мэрийн хэдэн төгрөгөө тоолно. Харин Авлигатай тэмцэх газарт цалингаас өөр орлогогүй хэмээн мэдүүлсэн төрийн албан хаагч дарга, сайдууд ч нутаг хошууныхаа ойд бол ч харин нэг гар татахгүй хэдэн арван саяар нь бүр хэдэн зуун саяар нь хандивлана. Нутгийнхандаа сайн яваагаа харуулчих санаатай өгсөн хандиваараа сэмхэндээ уралддаг үйл явц ч бий болоод байгаа бололтой.
5
Энэ их мөнгө хаанаас гардаг юм бүү мэд. Харин зорилго нь бол тодорхой. Тэд төрөлх нутгаасаа дараагийн удаагийн сонгуульд нэр дэвших арын ажлаа амжуулж байгаа нь тэр. Нэг ёсондоо аяганы хариу өдөртөө агтны хариу жилдээ. Хэдэн төгрөг хандивласныхаа хэргийг хожим гаргах тооцоо толгойд нь аль хэдийнэ эргэлдээд эхэлсэн байгаа. Өнгөрсөн жил олон ч аймаг сумын ой болсон. Тэр хэрээр их ч мөнгө цугласан байлтай. Тэр дундаа төрийн албан хаагчид ч сайхан зантай өгч гарсан байна билээ.
5
Хандив ч яахав ёстой гүйгээд л ороод ирдэг юм байж. Харин эдгээрийн зарцуулалтын байдлыг харья. Сумын хүндэт тэмдэг хийлгэхэд 4.2 сая, урилга хөтөлбөрийн үнэ 840 мянга, хадаг 1 сая, өргөмжлөл бэлэг дурсгалд 2.2 сая, морины медаль 400 мянга, хүндэт иргэний урамшуулалд 1.5 сая, нутгийн зөвлөл хандивлагчдын уулзалтад 7.5 сая, хандив цуглуулах тээврийн зардалд 2.2 сая гэх мэтээр цааш хоёр нүүр дүүрэн жагсаалт хөвөрнө.
5
Эндээс үнэндээ нэг ч бүтээлч ажил олж харсангүй. Арай ч дээ гэмээр. Ядарч зүдэрсэн нэгэнд цайны сүүний таван ямаа аваад өгсөн бол, хоногийн хоолоо яандаа гэсэн айл энэ суманд байж л байгаа тэднийд таван шуудай гурил аваад өгсөн бол арай л амьдралд ойрхон сонстоно доо даанч тийм юм алга. Хандивын мөнгийг үрэн таран хийх ёстой гэж ойлгодог удирдлагууд байхыг ч үгүйсгэх арга алга. Таны өгсөн хандив хаана хэнд очиж юу болдгийг та ер нь бодож үзсэн үү?
5
Хандивын зарцуулалтыг сонирхдог хүн ч байгууллага ч байхгүй. Уг нь бол хэн нэгний мөнгө илүү гараад тийш нь шидээгүй болохоор түүнийг бодит зүйлд зарцуулах нь зүйтэй юм. Түүнээс хэн ч зүүхгүй хэдэн тэмдэг, урагдаж үнгэгдээд галд орох өргөмжлөл болгоод яах вэ. Ер нь хандив нэрийн дор хэсэг бүлэг хүн хөлжиж, мөнгөжиж байхыг ч үгүйсгэх арга алга. Өнгөрсөн жил олон ч аймаг, сумын ой болсон. Тэнд асар их мөнгө цугласан нь тодорхой. Харин үр дүнтэй ажил болсон нь хэд байгаа бол сайндаа л аймаг, сумынхаа төвд нэг хөшөө босгосон байгаа. Бид ийм үрэлгэн байдлаар асуудалд хандаж болно гэж үү.
4
Тийм их хэмжээний мөнгийг урсгахаар баян улс мөн үү. Нэр гаргаж дүр үлдээхийн тулд ядарсан та ч гэсэн ямар ч үр дүнгүй хөрөнгөө үрж ар гэр, амьдралынхаа хэдэн төгрөгнөөс хумслах хэрэг байна уу. Хандивт анхаарлаа хандуулахгүй бол айл гэрээс ч албан байгууллагаас ч хумслаж байгаа тэр их мөнгө хэдэн хүний гараар ороод л дуусдаг болоод байна. Төрийн албан хаагч гуай ч нэг л их мөнгө өгөөд байдаг. Хаанаас хумслаж хэнд өгч юунд ашиглаад байгааг ч илрүүлэх цаг нь болсон баймаар. Ер нь зуны гурван сар найрладаг Монголд зун бүр л ямар нэг аймаг, сум, сургуулийн ой болж байгаа. Тэгэхээр тэр ойд хандив өгөөд байгаа төрийн албан хаагчийг Авлигатай тэмцэх газраас шалгаж байх нь зүйтэй мэт санагдана.
4
Н.Бадамжав
Уншиж байна |