1954 оны "кор"
2014-06-26

...1954 оны намар оройхон. Манайх Зүүн улаан овооны арханд нутаглаж байлаа... Аймгийн төвд буцах замын машин хайж явахдаа ах бид хоёр Анжий гуайнд ороход тэдний хүүхэд халуураад хэвтэж байсан юм. Би түүнээс халдвар авсан болж таарлаа. Ороод гарахын зуурт халдчихдаг өвчин байдгийг ах бид хоёр яаж мэдэхэв дээ.

1

Хэд хоног халуурч хар дарж хоолой хөндүүрлэв. Ээж өлөнгөө уулгаж, салхи авахуулахгүй хучиж дарсаны хүчинд би туурч аажмаар эдгэрэх янзтай болж байтал миний удаах 3 дүү маань уван цуван их хүнд өвдөв. Ажаа эм залахаар хөтөлгөө морьтой Дэрэн сум руу давхисан боловч 2 боодол стрептоцит гэдэг эм өвөртөлсөөр буцаж ирлээ. Нөгөө эмийг уулгасан хэдий ч хамгийн бага хоёр дүүгийн өвчин улам хүндэрсээр нэг өдөр хоорондоо хэдхэн цагийн зайтай нас барчихлаа. Газар тэнгэр хөмрөх шиг болов. Ээж минь орилж бархиран үс гэзгээ зулгаан, ухаан санаа нь балартаж харахад нүд хальтирмаар байсан. Хоёрын хоёр нялх үрээ нэг өдөр үхүүлчихсэн эх хүн ямар байх нь хэнд ч ойлгомжтой. Арван хоёрхон настай би гэхэд л өдөр шөнөө ялгахгүй болж, хүмүүсийн яриад байгааг ойлгохгүй дүйнгэ элий балай болчихсон байв... Хар парсан зүүд шиг тэр өдрүүдийн тухай эргэн санахад надад үнэхээр хүнд байлаа. Энэ талаар бичих гэж халгаж зүрхшээн хэд хонов. Тэр гай зовлон бидний сэтгэлд гүн шарх үлдээсэн юм... ээж талийгаач дүү нарын өлгий баривчийг үнэрлээд мэгшээд уйлаад байх.

1

Манайх зуны бүрээстэй гэрт айлын хар нутаг дээр үлдсэн байв. Ээж гал ч түлэхгүй цай ч чанахгүй юм. Яг л амьдрал зогсчихсон юм шиг... Дүү маань хоёр сар гаруй эмнэлэгт хэвтээд арай гэж амьд гарсан юм даа. Энэ нь тэр жил сургуулиа төгсч очоод байсан хүүхдийн анхны эмч Цэрмаа гуайн гавьяа даа....

Энэ эмгэнэлт дурсамж бол 1954 онд Монголын хөдөөгийн нэгэн өрх айлыг дайрсан “кор” гэх өвчний хар мөр. Олон гэр бүл, нялх бага үрсээ энэ өвчнөөр халдварлуулж харсаар байгаад үхэлд алдаж байсан зурвас он жилүүд.

1

...Дундговийн Дэрэн суманд 1954 оны 11 сараас 1955 оны 1 сарыг дуустал корын хүндрэлээр 24 хүн нас баржээ. Үүний 22 нь хүүхэд байлаа...

Өнөөдөр нэг өвөрмөц арга хэмжээ, уулзалт зөвлөлгөөн нийслэлд болж байна. Сэргийлж болох улаан бурхан өвчнөөс болж дэлхий дээр нас барж буй 2.5 сая хүүхдийн тоонд нэг ч  Монгол хүүхэд бүртгэгдэхгүй болжээ. Монгол Улс улаан бурхан өвчний тархалтыг бүрэн зогсоож чаджээ. Энэ үйлсэд хүчин зүтгэж 40 жилийн амьдрал хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн эрүүл мэндийн ажилтнууд, вакцинатор сувилагч нар энэхүү “алдар”-аа хамтдаа хүртэж ДЭМБ-аас батламжаа гардахаар эх орны өнцөг булан бүрээс нийслэлд хүрэлцэн иржээ.

1

Өвөрмөц бичил биетнээр үүсдэгийг нь 1757 Шотланд эмч Francis Home тогтоосноор Анагаах ухаанд “улаан бурхан” гэж өвчин тэмдэглэгдсэн юм байна гэж үзэж болохоор. Энэ өвчний вирус нь хүүхдийн тархинд нэвтэрч, тархины эдийг үрэвсүүлдэг ба энэ нь хүндрэн хүүхэд оюун ухааны хомсдолтой болж үлддэг. Улаан бурхны вирусийг бусад бүх вирустай харьцуулахад хамгийн амархан тархаж хамгийн их халдварладаг бичил биетэн гэж тэмдэглэжээ. Энэ вирусыг дарж авах гэж XX зууны эрдэмтэд нэгдэн гуйвшгүй үнэнч чанар гарган ажилласан байдаг. Улаан бурханы амьд вакциныг гарган авч амьтад дээр туршиж дууссаны дараа хүмүүст тарьж туршихаар болжээ. Эрдэмтэд гаргаж авсан амьд вакцинаа эхлээд өөрсөд дээрээ туршсан төдийгүй хүрээлэнгийнхээ ажилтан ажилчид нь сайн дураараа тариулж туршжээ. Ингээд дараа нь амьд вакциныг бүтээсэн эрдэмтэд өөрсдийнхөө хүүхдүүдэд уг вакцинаа тарьж туршихаар шийдсэн аж. Хамгийн түрүүн Оросын эрдэмтэн А.Смородинцевийн хоёр ач охин шинэ вакциныг тариулжээ.

1

Ийн явсаар хамгийн анх улаан бурханы амьд вакцинийг 18 хүүхдэд тарьчихаад эрдэмтдийн сэтгэл түгшин суусан өдрүүд амар тайван өнгөрч, вакцинжуулалтын нэгэн түүх болон үлджээ. 1959 оны гурван сараас улаан бурханы амьд вакциныг тарих болж 1960 онд хуучин ЗХУ-ын Ленинград хотод 10 мянган хүүхдийг амьд вакцинаар дархлаажуулснаар улаан бурхан өвчинтэй тулалдах довтолгоон эхэлж. Үүнээс 13 жилийн дараа 1973 онд Дархан хотод Ленинград-16 омгийн вакциныг анх тарьж туршаад 1974 оноос орон даяар нэвтрүүлж байжээ.

1

Монголчууд цагаа олж вакцинжуулалтад хамрагдаагүй бол нийт хүн амын 1/3 нь нас барж, 1/3 нь цоохор нүүртэй байх байв. Гэвч монголчууд вакцин тарилгад сайн хамрагдаж дархлаажуулалтаа нэмж чадаж байсан тул үр хүүхэд хань ижлээ халдварт өвчнөөс хамгаалж чадсан байдаг. Улаан бурхан өвчний хувьд 2010 оны 6-р сараас 36 сар улаан бурхан  өвчний тархалт бүртгэгдээгүй байна. Энэ халдварт өвчин нэгэн зурваст Монголын минь олон гэр бүл үр хүүхдэд үхэл нүүрлүүлж нулимс хагацал авчирсан нь их. Дээрх 1954 оны үйл явдал бол Биологийн ухааны доктор, профессор И.Пүрэвдоржийн “Өгөөтэй аваатай хорвоо” дурсамжийн номонд буусан гашуун дурсамж.

1

Тэрхүү хагацал нулимс зэрэгцсэн он жилээс хойш 60 жил өнгөрсний дараа 2014 оны 6 дугаар сар 26-ны өдөр ДЭМБ-аас Монгол Улсын Засгийн газар “улаан бурханы тархалтыг таслан зогсоосныг баталгаажуулсан батламж”-ийг хүлээн авч байна. Батламжийг гардан авах үеэр Ерөнхий сайд “протоколны бус” нүнжигтэй хэдэн үг хэлсэн.

“...Энэ бол шинэчлэлийн Засгийн газрын ч юм уу хэн нэгний гавьяа биш ээ. Үе үеийн эрүүл мэндийн яамууд, дархлаажуулалтын сайн тогтолцоо, тэдгээрт ажиллаж байсан удирдлага, ажилтан эмч нар вакцинотор сувилагч нарын 40 жилийн зүтгэлийн гавьяа...” гэсэн. Мөн цаг бүрт нь үр хүүхдээ вакцинд идэвхтэй хамруулж ирсэн эцэг эхчүүдийн тус гавьяа их болохыг тэрбээр орхигдуулаагүй хэлсэн.

1

Үүн дээр нэмж илүү ихээр магтаж шагшрах нь дэмий болох биз. Улс төр, эдийн засгийн хямрал дагасан бараан мэдээн дундуур гэрэлтэй сайн мэдээ ганцыг ч болов оруулах боломж олгосон 40 жилийн зүтгэлд нь эрүүл мэндийн салбарынханд дахин талархья.

1

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин