9 хуультай 45 хоног
2014-06-24

Засгийн газраас сар гаруйн хугацаанд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын, Зөвшөөрлийн тухай, Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Хөдлөх хөрөнгийн барьцааны тухай, Өрийн удирдлаганы тухай, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн төслүүд зэрэг нийт 29 хууль, тогтоолын төслийг УИХ-д өргөн барьснаас 9 нь батлагдаад байгаа аж. Бараг ихэнх хууль нь эдийн засгийн орчныг сайжруулах эрх зүйн орчныг бий болгохыг зорьсон. Газрын хууль, ашигт малтмалын тухай хууль зэрэг улс орны алс ирээдүйд сайн муу аль алиныг нь чирээд ирэх томоохон хуулиуд маргаан дагуулж сөрөг хүчний зүгээс үзүүлж буй ширүүн эсэргүүцэлтэй тулгараад байна. Эдийн засаг улс орны амьдралыг өөд нь татах амлалт төлөвлөлгөө амьдралд буухдаа удаан зөрчилтэй байх шиг. Үүнийг аль аль талдаа улс төржилт их байгаатай холбон тайлбарлаж байна.

7

100 хоногийн дараа эрх баригчдаас ам асуух гэсэн МАН-ынхан Засгийн газрыг наанаа дэмжингээ цаанаа дэгээдэх гэсэн улс төр хийж байгаа нь нууц биш. Нөгөө талд эрх баригч нам хуулийн өөрчлөлтөөр лицензүүдийг чөлөөлж, далимаар нь  уул уурхайг өөрийн бүлэглэлийн талд базах, хөрөнгө оруулагчдыг хадаг дэвсэн урьж богино хугацаанд бэлэн доллар босгох замаар эдийн засгийг ямар ч үнээр хамаагүй сэхээж олон нийтээс оноо авахаар улайрч байгаа дүр зураг тодорч байна. Сүүлийн саруудад далд байдалтай явагдаж байсан төмөр зам, уул уурхай,  лиценз, стратегийн ордууд зэрэг том салбаруудад нөлөөгөө хадгалах, шинээр тогтоох гэсэн намуудын бүлэглэл фракцуудын заамдалцаан ил шахуу явагдаж  эхэллээ. Энэ тэмцэл хурцдахын хэрээр улстөрчид, эрх баригчид иргэдийн өдөр тутмын амьдралын уналтад тавих анхаарал нь сулраад ирж байна. Гүйцэтгэх засаглал ч мөн адил их зүйлийг санаачилж багагүй мөнгийг бодлогоор хаяж байгаа ч эцсийн үр дүн хэрэгжилтийнх нь талаар хянаж дүгнэлт хийхгүй, тоон мэдээнд толгойгоо мэдүүлж явсаар байгаа тал ажиглагдаж байна.

7

Иргэдийн, ЖДҮ-ийг дэмжихээр баталж хуваарилж байгаа тэрбум тэрбумаар тоологдох мөнгөнүүд, гааль татварын хөнгөлөлтүүд нь эзэндээ хүрч байх механизм, журам дүрмээ зэрэг шинэчилж явахгүй бол үр дүнгүй хөрөнгө мөнгө болсоор байгаа. 50 тэрбум төгрөгийн зээл гаргалаа гэдэг ч байрны подвалд суух оёдолчин эмэгтэйчүүд бахь байдгаараа л байна. Тэд 50 сая төгрөгийн орлогогүй, ажлын байрны тоо нь 10 хүнд хүрдэггүй тул өнөөх хөнгөлөлттэй зээл тусламжаас 100 мянгыг ч авч чадахгүй байгаа юм. Тэд аль 1990-ээд оны оёдлын орос хөл машинаа сольмоор байгаа ч бүх мөнгөө шавхаад 5 оёдлын машин авах тул өнөөх ЖДҮ-ийг харж үзсэн гаалийн татваргүй байх хөнгөлөлтийг хүртэж чадахгүй юм. Иймэрхүү 10 оёдлын цех нийлээд нэг захиалга өгч түүнийг нь хүлээж аваад захиалгыг нь нийлүүлэгчид өгч зохих хөнгөлөлт татварын чөлөөлөлтөөр нь хилээр хямд оруулаад өгдөг төлөөлөгч Эрээн хотод байдаг бол бас өөр л байх.

7

Зээлийн батлан даалтын сан гэж байна. Энэ сангийн талаар иргэд сэтгэл дундуур байдаг ба жижиг бус бага үйлдвэрлэл эрхлэгч нар бол бүр мэдэх ч үгүй. Энэ сан нь 2014 оны эхний хагас жилийн урьдчилсан байдлаар нийт 169 иргэн, аж ахуйн нэгжийн 26.4 тэрбум төгрөгийн зээлд 11 тэрбум төгрөгийн батлан даалтыг хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт гаргаж, 500 орчим иргэн ажилтай болсон гэсэн тайлантай. Гэхдээ банкин дээр гацдаг сайхан төслүүдийг дэмжээд татаад гаргаад ирсэн нь юу байна гээд асуувал тийм ч ам бардам байж чадахгүй гэдгийг Засгийн газар ойлгосон. Иймд Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, үйл ажиллагааг өргөжүүлэх, орон нутаг дахь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, орон нутагт зээлийн батлан даалтын үйлчилгээг хүргэх боломжийг эрх зүйн хувьд бүрдүүлэх асуудлыг эргэн авч үзэхэд хүрлээ.   Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас зээл, хүсэгч иргэн, аж ахуйн нэгжийн зээлд батлан даалт гаргах зорилгоор тус санд хөрөнгө хуваарилах, хөрөнгийг орон нутгийн зээл хүсэгч иргэдийн зээлд батлан даалт гаргах харилцааг журмаар зохицуулахаар тусгажээ. Энэ журмаа хэрэгжүүлэхийн тулд Санхүүгийн зохицуулах хорооны төлөөлөл оролцсон Зээлийн батлан даалтын сангийн удирдах зөвлөл байгуулж, Засаг даргатай хамтран ажиллах талаар тусгажээ. Барьцаа хөрөнгийн дутагдалтай жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн үйл ажиллагаанд шаардагдах санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийг 2012 оны 02 дугаар сард баталсан байдаг. Тэгвэл бүтэн хоёр жилийн дараа л энэ хуулийг болохгүй байгааг эргэн харж зорилтод бүлэгт нь ойртуулах журмыг гаргах талаар засвар оруулж байна. Ядаж нэг жилийн өмнө энэ өөрчлөлт хийгдсэн бол барьцаа хөрөнгө дутуугаас банкин дээр амаа асуулгаад буцдаг олон бизнес эрхлэгчид бодит дэм болох байсан байх.

7

Засаг төр батлан гаргасан хууль, тогтоол шийдвэрийнхээ хэрэгжилт алдаа оноо, зарцуулсан мөнгөнийхөө оновчтой үр дүнтэй эсэхэд хяналт тавьж зөв буруугаа дэнсэлж явах нь эдийн засгийн хямралаас гарах том зорилгодоо хүрэхэд нь тун чухал ач холбогдолтой болох биз. 100 хоногийн ажлын хүрээнд 29 хууль, тогтоолын төслийг УИХ-д өргөн барьснаас 9 нь батлагдаад байгаа талаар мэдээлж байгаа. Эдгээрийг дагасан журам зохицуулалтыг зэрэг хийж явахгүй бол амьдралаас тасархай тунхагийн шинжтэй баахан хуультай, учраа олдоггүй мэргэжилтэн түшмэдүүд нь уймарсан, гажуудсан хуулийн хэрэгжилттэй суугаад байх магад байна.

7

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

 
Shuud.mn
Сонин хачин