Өнгөрөгч тавдугаар сард манай хууль тогтоох дээд байгууллага УИХ нэг сүрхий өвөрмөц амжилт тогтоосныг бидний олонх нь анзаарсангүй, нийтээр магтан сайшаалгүй өнгөрөөчихжээ.
УИХ –аас жил бүр төсвийн хүрээний мэдэгдлийг батлах ёстой. Ингэхдээ жил бүрийн зургаадугаар сарын 01-ний дотор багтаан батлах хуулийн хоногтой. Ажилдаа дарагдаж, ирц бүрдэлтийн байнгын дарамтад байдаг УИХ энэ асуудлыг тавдугаар сарын 29-нд хэлэлцэж, эргэж харах зүйл байна гээд буцаажээ. Засгийн газраас их хуралд өргөн барьсан хууль, тогтоолын төслүүд унах буцах нь хэвийн л зүйл. Гэхдээ Засгийн газар энэ удаад туйлын шуурхай байж, зарим засварыг хэдхэн цагийн дотор хийн буцаан өргөн барьсан ба УИХ -ч төсвийн хүрээний мэдэгдлийг тэр өдөртөө дахин хүлээн аваад батлан гаргажээ. Үүнийг нь манай Засгийн газруудын болоод чуулганы элдэв сонин содон, онцгой амжилтуудын хүрээнд авч үзэх юм бол нэг төрлийн рекорд юм байна. Засгийн газар, УИХ дээр унасан төслөө тэр өдөрт нь дахин өргөн барьж, амжилттай батлуулсан анхны тохиолдол болжээ. Урьд нь өөр ямар ч Засгийн газарт ийм амжилт гаргах боломж тохиож байгаагүй юм байна. Мэдээж энэ шинэ амжилтыг гаргахад нь тогтоолыг боловсруулсан ажлын хэсэг болоод олонхийн хүч түрэлт хувь нэмрээ оруулсан л байгаа.
6
Ер нь энэ хавраас Засгийн газар өргөн барьсан хуулиудаа буцаан татахдаа гаргуун болоод байгаа нь ажиглагдаж байна. Хуулийн төслөө буцаан татна гэдэг нь энгийн ойлголтоор төсөл нь дэмжигдээгүй унасан, нэг бол унаж болох эрсдлээ тооцоод санаачлагчид нь татан авч засвар хийж байгаа юм байна гэж ойлгогдоно. Харин энэ засварууд яаж хийгддэг вэ. Дээр өгүүлсэн төсвийн хүрээний мэдэгдэл гэдэг шиг ганц хоёр өгүүлбэрийг зассан маягтай хэлбэрийн засвар байж болно. Үзэл санаагаа хадгалсан ч зарим зохицуулалтыг илүү тодорхой болгож нарийвчилсан засвар хийгдсэн ч байж болно.
6
Тэгвэл бас хуулийн төслийнхөө гол өөрчлөлт засварыг бүхлээр нь хадгалж өөр нэг хуулийн нэмэлт болгоод оруулаад ирж болдог юм байна. Алтны худалдааны ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төсөл Их хурлын босгонд хэд хэд бүдэрч буцсан. Үүний дараа бие даасан хуулийн төсөлд жаахан засвар ороод бүхлээрээ Ашигт малтмалын тухай хуулийн нэг заалт болж чихэгдэн, чуулганд орж ирээд батлагдсан талаар хэвлэлд бичжээ. Их хурал дээр унасан, буцсан хуулиудаа аргалж байгаад батлуулчихдаг Засгийн газрын энэ овсгооны талаар жишээ цөөнгүй бололтой. Ер нь Их хуралд нам нь олонх байхад Засгийн газар нь хүссэн хуулиа батлуулах нь манай парламентын шинэ жишиг биш. Гэхдээ нүүрийг нь угаасан ч доторх нь пад хараараа хуулиуд дахин дахин өргөн баригдсаар “баараггүй” батлагддаг болоод байгаа нь харагдаж байна. Ц.Нямдорж гишүүнийг орондоо хууль засдаг гэж шүүмжилдэг байсан эрхмүүд одоо өөрсдөө чуулганы танхимын үүдэнд сууж ацаг шүдний зөрүү гаргаж хуулиа засаад буцаагаад өргөн барих шахуу болж. Нэг бол нэрийг нь сольж төөрүүлж байгаад өөр хуулийн нэг бүлэг болгоод батлуулчихаж болж байна.
6
Хуулиуд болоод тогтоолын төслийн аливаа өөрчлөлтийг дагаж хөдлөх хөл хөдөлгөөн, иргэд улс орны амьдралд гарах өөрчлөлт их. Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газрын сайд нь өөрөө санаачлан буцаан татаж “жоохон” засвар хийгээд дахин өргөн барьсан. Энэ жоохон засвар нь зарим хүнийг томоор огшоосон бололтой байна. Улс төрд хэдэн хятад эрлийз угсааныхан байгаа болон тэд эртний өвгөдийнхөө захиасаар Монголыг хоослох төмөр замын зураг татаж байгаа гэсэн нухацтай асуудал /таамаг / дэвшүүлсэн өртөг өндөртэй төлбөрт нэвтрүүлэг гарч жирийн олныг жинхэнэ айлгаад байна. Хятад бодлого болоод Хятадын угсаатай эрлийз улс төрчдийн тарьж буй гай түйтгэр гэх сэдвийг гол зангилаагаа болгож, “би хятад хүн” гэх цайрсан хүнээр ярилцлага тодотгол холбоосуудыг гүйцэтгүүлж, монголчуудын цусны дургүйцлийг нь өдөөх тактикаар хийгдсэн энэ нэвтрүүлгийн захиалагчид ард нь ямар үр дүн хүлээж байгаа нь сонин. Үүний ард өнөөх жижиг засвар аваад буцан өргөн баригдсан Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын талаарх тогтоолын төсөл буюу царигийн асуудал нэхэл хатуутай байгаа ба Их хурал дээр дахин татаж чангаах нөлөөлөл сэргэсний дохио байх.
6
Өнгөрөгч долоо хоногт Ерөнхий сайд газрын тухай хуулиа мөн л буцаан татлаа. Нэг гишүүнийг нь буудна ална гээд байхаар нь айсандаа биш л байх. Үүнийг олон талаас нь харж болно. Буцаан татах болсон гол үндэслэлээ “Газрыг гадаадын иргэн, зарим аж ахуйн нэгжид ашиглуулахаар тусгасан мэтээр зарим этгээд яриа гаргасан тул төслийг татан авсан” гэж байгаа. Хуулийн төслийг ард түмэнд нээлттэй хэлэлцүүлснээр намар дахин өргөн мэдүүлнэ гэж Ерөнхий сайд мэдэгдээд байна. Бас зарим иргэд “газрын хуулиа тат” гэж Ерөнхий сайдад мессеж савж мөнгөө үрээд байгаад сэтгэл нь өвдсөн юм шиг зүйл ярьж байна лээ. Гэхдээ Газрын тухай хуулийг эргүүлэн татсанд баярласан хүн бараг алга. Олны анхаарлаас бултуулах гэсэн бас нэг арга гэсэн хардлага л үлдлээ. Хуулийн төслийг гэнэт эргүүлэн татаж ард түмнээр хэлэлцүүлнэ гэдэг шуугианыг дэврээлгүй түр намжаах тактик байх талтай. Цаашид эрх баригчид Газрын тухай хуулийн шинэчилсэн зүйл заалтаа үнэхээр нээлттэй ил гаргаж, ард түмнээр хэлэлцүүлсэн шиг хэлэлцүүлэхгүй, сурснаараа хэлбэрдэх юм бол нийгэмд нэр хүнд нь навс унахаар байна.
6
Хуулийг хэлэлцэгдэж унахаас нь өмнө мэдрэмжтэйгээр татаж аваад өнгө зүсийг нь өөрчлөөд үндсэн санаа, түлхүүр өөрчлөлтөө хавчуулаад зүтгүүлсээр байгаад батлуулчихдаг арга барил бий болоод байгааг олон нийт одоо мэдэх болсон.
6
100 хоногийн дотор хэлэлцэгдэж батлагдах шаардлагатай гэж байгаа хууль бүхэн батлагдахгүй ч байж болох. Гэхдээ хуулийн төслүүдийг хэлэлцэж буй явцаас харахад өргөн баригдсан хуулиуд эцсийн дүндээ ямар нэг байдлаар эрх баригчдын хүслээр батлагдах нь бараг тодорхой байна. Үйл явцын өрнөлөөс харахад эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн 40 хоног нь үнэндээ ар араасаа цуврах хуулийн шахаа, түүнийг тойрсон мэтгэлцээн талцаан, эдийн засаг хөрөнгө оруулалтын форум уулзалтууд, санал санаачилга “дэмжье” гэсэн уриалгын уур амьсгал дунд өнгөрч байна.
6
Үүн дээр Засгийн газар хуулийн төслүүдөө буцаан татаж өнгө зүсийг нь хувиргаад, олонхоор хүч түрэн батлуулдаг “моод” монголжих байдал хаврын чуулганы үйл явцаас ажиглагдаж байгаа юм. Энэ нь олон нийтэд таатай байхгүй ба нам төвтэй засаглалын хямрал бүр гүнзгийрч хэлбэрийн ардчилал тогтох нь бодитой болжээ гэсэн таагүй дүгнэлтийг хийхэд хүргэж болох юм.
6
Пүрэжавын Баярхүү /тоймч/
Уншиж байна |